Open iToim app
Эрүүл монгол | 6 мин уншина

Э.Тайванбаатар: Хавдар илэрсэн л бол заавал мэс засал хийлгэх ёстой гэж ойлгож болохгүй

Э.Тайванбаатар: Хавдар илэрсэн л бол заавал мэс засал хийлгэх ёстой гэж ойлгож болохгүй
Нийтэлсэн 2026 оны 6 сарын 26
Интермед IUHW эмнэлгийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын эмч, АУ-ны магистр, Клиникийн профессор, Хавдар судлалын тэргүүлэх зэргийн эмч Э.Тайванбаатартай ярилцлаа. Тэрээр элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын чиглэлээр 19 жил ажилласан туршлагатай. 
-Элэг, цөс, нойр булчирхайг салшгүй холбоотой эрхтнүүд гэж үздэг. Та энэхүү холбоог энгийнээр тайлбарлаж өгнө үү?
-Элэг, цөс, нойр булчирхай нь үйл ажиллагаа болон анатомийн бүтцийн хувьд хоорондоо нягт холбоотой эрхтнүүд юм. Тиймээс эдгээр эрхтний аль нэгэнд нь өвчлөл үүсэхэд бусад эрхтний үйл ажиллагаанд нөлөөлж улмаар ноцтой хүндрэл үүсгэх эрсдэлтэй байдаг. Зарим тохиолдолд энэ нь эрхтний дутагдалд хүргэж, цаашлаад амь насанд аюул учруулах нөхцөл бий болгодог. Ялангуяа элэг, цөс, нойр булчирхайн хорт хавдрын өвчлөл Монгол Улсад олон жилийн турш өндөр түвшинд байсаар ирсэн. Тиймээс эдгээр эрхтнийг тус тусад нь авч үзэхээс илүүтэй нэг тогтолцооны хүрээнд цогцоор нь ойлгож, оношилж, эмчлэх шаардлагатай юм.
Элэг бол хүний биеийн хамгийн том дотоод эрхтэн бөгөөд хэвлийн хөндийн эрхтнүүдээс ирэх цусыг шүүн цэвэрлэж, зүрх рүү дамжуулах чухал үүрэгтэй. Мөн элгийг бие махбодын бодисын солилцооны олон үйл явц явагддаг томоохон үйлдвэртэй зүйрлэж болно. Учир нь хүний биед шаардлагатай олон төрлийн бодисыг нийлэгжүүлэх, боловсруулах, нөөцлөх зэрэг нарийн төвөгтэй үүргийг гүйцэтгэдэг. Түүнчлэн элэг нь хоол боловсруулах үйл ажиллагаанд чухал үүрэгтэй цөс хэмээх шар ногоон өнгийн шингэнийг ялгаруулдаг. Энэхүү шингэн нь элгэн доторх болон гаднах цөсний сувгуудаар дамжин ерөнхий цөсний цоргоор урсаж, нойр булчирхайн цорготой нийлдэг. Дараа нь нойр булчирхайн шүүстэй холилдон нарийн гэдсэнд орж, өөх тос болон бусад шим тэжээлийг задлах, шингээх үйл ажиллагаанд оролцдог.
-Элэгний хавдрын эхэн үеийн шинж тэмдгүүд юу байдаг вэ иргэд юуг анхаарч сэрэмжлэх ёстой бол?
-Элэгний хавдар гэдэг нь ерөнхий ойлголт бөгөөд хоргүй болон хортой гэсэн олон төрөлтэй байдаг. Элэгний хоргүй хавдруудын ихэнх нь хүний биед аюул учруулдаггүй, тусгай эмчилгээ шаарддаггүй бөгөөд тогтмол хяналтад байхад хангалттай юм. Гэхдээ элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын эмчийн хяналтад тогтмол үзүүлж байх нь чухал. Зарим ховор тохиолдолд мэс заслын эмчилгээ хийх шаардлага гарч болно.
Харин элэгний хорт хавдар нь амь насанд аюултай, эмчилгээний үр дүн болон тавилан төдийлөн сайн биш, манай улсад хамгийн түгээмэл тохиолддог хорт хавдрын нэг юм. Элэгний хорт хавдрын онцлог нь эрт үе шатандаа мөн элэгний өөхлөлт, үрэвсэл, хатуурал зэрэг суурь өвчлөл хүндрээгүй үедээ ямар нэгэн тодорхой шинж тэмдэг илэрдэггүйд оршдог.
Элэгний хортой болон хоргүй хавдрын аль аль нь элэгний гадаргууд ойр байрласан тохиолдолд томрох тусам хэвлийгээр өвдөх зовиур үүсгэж болно. Мөн хавдар элэгний төв хэсэгт байрлаж томорсон үед цөсний замыг дарснаар арьс, нүдний салст шарлах, шээс өтгөн хар цай шиг бараан өнгөтэй гарах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.
-Хавдар өвчин илэрсэн л бол шууд хагалгаанд орно гэсэн үг үү гэж хүмүүс их асуудаг шүү дээ?
-Хавдар илэрсэн л бол заавал шууд мэс засал хийлгэх ёстой гэж ойлгож болохгүй. Учир нь хавдрын эмчилгээ нь хүн бүрд адил байдаггүй бөгөөд хавдрын төрөл, хэмжээ, байрлал, тархалт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан эмчилгээний арга нь харилцан адилгүй байдаг.
Зарим тохиолдолд мэс засал хамгийн тохиромжтой эмчилгээ байдаг бол нөгөө талаас хагалгаа хийх шаардлагагүй, зөвхөн тогтмол хяналтад байлгах боломжтой тохиолдлууд ч бий. Тиймээс ямар эмчилгээ сонгохыг шийдэхийн тулд элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын эмчийн нарийн үнэлгээ чухал байдаг.
-Хавдрыг эрт үед нь илрүүлэхийн тулд ямар шинжилгээ, үзлэгт тогтмол хамрагдах шаардлагатай бол. Хавдрыг оношлоход ямар шинжилгээнүүд хамгийн чухал үүрэгтэй вэ?
-Элэгний хорт хавдрыг эрт үе шатанд нь илрүүлэхийн тулд өндөр эрсдэлтэй буюу зорилтот бүлгийн хүмүүс тогтмол хяналтын үзлэгт хамрагдах нь чухал байдаг. Элэгний хорт хавдар үүсэх эрсдэл өндөртэй бүлэгт голчлон элэгний В, С, D вирустэй хүмүүс, элэгний өөхлөлттэй болон чихрийн шижинтэй өвчтөнүүд багтдаг.
Эдгээр хүмүүс тогтмол хяналтад орсноор хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчилгээний үр дүнг сайжруулах боломжтой. Хяналтын үзлэгийн хүрээнд ихэвчлэн хавдрын маркерын шинжилгээ болон элэгний хэт авиан буюу эхо шинжилгээг хийж, элэгний өөрчлөлтийг тогтмол үнэлж байдаг.
-Оношийн давхар баталгаажилт гэж юу бол, давхар баталгаажилт хийлгэснээр онош болон эмчилгээний төлөвлөгөө өөрчлөгдөх тохиолдол хэр их байдаг вэ. Энэ нь өвчтөнд ямар ач холбогдолтой вэ?
-Оношийн давхар баталгаажилт гэдэг нь шаардлагатай бүх шинжилгээний хариунд үндэслэн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын эмч үнэлгээ хийж, цаашлаад олон мэргэжлийн эмч нарын зөвлөгөөнөөр тухайн тохиолдлыг хамтран хэлэлцэж, онош болон эмчилгээний төлөвлөгөөг эцэслэн шийдвэрлэх үйл явц юм.
Мөн анагаах ухаанд хоёр дахь санал авах буюу second opinion гэсэн ойлголт олон улсад түгээмэл хэрэглэгддэг бөгөөд манай улсад ч мөн хэрэгждэг. Энэ нь нэг эмчид үзүүлсний дараа ижил чиглэлийн өөр мэргэжлийн эмчид давхар үзүүлж, нэмэлт санал авахыг хэлдэг. Үүнийг бусад эмчийн ур чадварыг шүүмжилж байгаа эсвэл эмчдээ итгэхгүй байна гэсэн ойлголтоор хүлээж авах хэрэггүй. Харин өвчтөн өөрийн өвчин, онош, эмчилгээний боломжуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч, зөв шийдвэр гаргахад нь дэмжлэг болдог чухал үйл явц юм.
Ялангуяа хорт хавдрын эмчилгээний төлөвлөгөө боловсруулах, эмчилгээний арга тактикийг сонгох үед хоёр дахь санал авах нь маш чухал ач холбогдолтой байдаг. Энэ нь дэлхий нийтэд өргөн хэрэглэгддэг, хүлээн зөвшөөрөгдсөн практик юм. Элэг, цөс, нойр булчирхайн хавдрын сэжигтэй голомт илэрсэн болон онош батлагдсан тохиолдолд өвчтөн оношийн давхар баталгаажилт хийлгэх, хоёр дахь санал авах бүрэн боломжтой. Ингэснээр эмчилгээний сонголтоо илүү мэдээлэлтэйгээр хийж, өөртөө хамгийн тохирсон шийдвэр гаргах нөхцөл бүрддэг.
-Мэс засал хийх боломжгүй тохиолдолд орчин үеийн ямар эмчилгээний аргууд хамгийн үр дүнтэйд тооцогдож байгаа вэ?
-Элэгний хорт хавдрын үед мэс засал хийх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан ч эмчилгээний боломж бүрэн дууссан гэсэн үг биш юм. Ийм тохиолдолд хавдрын тоо, хэмжээ, байрлал, шинж чанар, суурь элэгний өвчлөлийн байдал, мөн хавсарсан бусад өвчин эмгэгээс шалтгаалан гарч болзошгүй эрсдэл, хүндрэлүүдийг нарийвчлан үнэлсний үндсэн дээр эмчилгээний дараагийн сонголтуудыг тодорхойлдог. Мэс заслын бус эмчилгээний аргуудад хавдрыг түлэх, хөлдөөх, судсаар нь бөглөх зэрэг эмчилгээ мөн хими, бай, дархлаа эмчилгээ зэрэг эмчилгээний аргууд багтдаг.
Аль эмчилгээ хамгийн тохиромжтой байх нь тухайн өвчтөний биеийн байдал болон хавдрын онцлогоос хамаарна. Гэхдээ зарим тохиолдолд өвчтөний ерөнхий биеийн байдал, хавдрын тархалт, элэгний үйл ажиллагааны алдагдал зэрэг шалтгаанаар дээрх эмчилгээний аргуудыг хэрэглэх боломжгүй байх нөхцөл үүсдэг. Ийм үед өвчтөний зовиур шаналгааг бууруулах, амьдралын чанарыг хадгалахад чиглэсэн хөнгөвчлөх эмчилгээг зөвлөдөг.
Хожуу шатны хорт хавдартай гэж оношлогдсон өвчтөнүүдийн хувьд нэмэлт дүрс оношилгоо, лабораторийн шинжилгээ хийж, олон мэргэжлийн эмч нарын зөвлөгөөнөөр тохиолдлыг дахин хэлэлцсэний үндсэн дээр эмчилгээний өөр боломжит хувилбаруудыг санал болгох нь бий. Тиймээс мэс засал хийх боломжгүй гэсэн хариу сонслоо гээд шууд сэтгэлээр унах хэрэггүй юм.
-Хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхийн тулд иргэд өдөр тутамдаа юуг хамгийн их анхаарч, ямар үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдах ёстой вэ?
-Элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд эрсдэлт хүчин зүйлүүдийг бууруулах нь чухал байдаг. Ялангуяа элэгний В, С, D вируст халдвараас сэргийлэх, халдвар авсан бол эмчийн хяналтад тогтмол орж, шаардлагатай эмчилгээгээ хийлгэж байх хэрэгтэй. Мөн сүүлийн жилүүдэд элэгний өөхлөлт, таргалалттай холбоотой элэгний хорт хавдрын тохиолдол нэмэгдэж байгаа учраас биеийн жингээ хэвийн хэмжээнд барих, тогтмол хөдөлгөөнтэй байх, эрүүл зөв хооллох нь чухал ач холбогдолтой. Үүний зэрэгцээ архи, тамхи зэрэг хорт зуршлаас татгалзаж, элэг гэмтээх эрсдэлтэй хүчин зүйлсийг багасгах нь зүйтэй. Эрсдэлтэй бүлгийн хүмүүс тогтмол хяналт үзлэгт хамрагдаж, шаардлагатай шинжилгээнүүдийг хугацаанд нь хийлгэж байх нь элэгний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх, улмаар эмчилгээний үр дүнг сайжруулах хамгийн чухал арга замуудын нэг юм.
-Ярилцсанд баярлалаа.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн