Тамхины тухай хуулийг УИХ хэлэлцэж байсан ч хэлэлцүүлгийн шатанд гацаад байгаа. Тэгвэл улсын төв нэг, гуравдугаар эмнэлгийн уушгины эмч нар өнөөдөр янжуур болон электрон тамхины хор хөнөөлийн талаар мэдээлэл өгч, хэвлэлийн хурал хийлээ.
Эмч нарын мэдээлснээр Монгол Улсад уушгины хавдраар оношлогдож байгаа 10 хүн тутмын ес нь 20-иос дээш жил тамхи татсан байна. Мөн нийт уушгины хавдрын тохиолдлын 90 орчим хувь нь тамхины хэрэглээтэй холбоотой байгаа юм. Монгол Улсад уушгины хавдраар оношлогдож байгаа хүмүүсийн 90 орчим хувь нь өвчний хожуу шатандаа эмнэлэгт хандаж байгаа нь эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлж байгааг эмч нар онцоллоо. Манай улсад жил бүр 400-500 хүн уушгины хавдрын улмаас нас бардаг бол дэлхий дахинд жилд ойролцоогоор хоёр сая хүн энэ өвчний улмаас амиа алдаж байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушги судлалын клиникийн их эмч Ц.Батцэнгэл: Тамхи нь хүний амьсгалын тогтолцоог ноцтой гэмтээж, улмаар амьсгалын хүнд дутагдалд хүргэдэг. Хүмүүс тамхи хортой гэдгийг мэддэг ч 20-30 жилийн турш тамхи татсан хүний уушгинд ямар өөрчлөлт ордог талаар тэр бүр сайн ойлгодоггүй. Ийм хүмүүсийн уушги архаг бөглөрөлт өвчинтэй болж, амьсгалын хүнд дутагдалд ордог. Уушгины бөглөрөлт өвчин хоёр төрөлтэй. Нэг нь эмчилгээний үр дүнд эргэн сэргэж, гуурсан хоолой нь онгойх боломжтой байдаг. Харин тамхинаас үүдэлтэй бөглөрөлтийн үед гуурсан хоолой байнга бөглөрч, эргэж хэвийн болдоггүй. Уушги тамхины бохирдолд удаан хугацаанд өртсөөр гэмтэж, үйл ажиллагаа нь эргэлт буцалтгүйгээр мууддаг.
Хүн 15 орчим жил тамхи татахад уушгинд эдгэршгүй өөрчлөлт үүсэж, дунджаар 15-20 жилээр нас богиносдог. Мөн эрүүл эсүүд хавдрын эс рүү шилжиж, уушгины хавдрын эрсдэл эрс нэмэгддэг. Уушгины хавдрын 99 хувь нь тамхины хэрэглээтэй холбоотой байдаг.
Электрон тамхи янжуур тамхинаас ялгаатай мэт ойлголт олон хүнд байдаг. Гэвч электрон тамхинд агуулагддаг химийн хорт бодис бүхий шингэн өндөр температурт халж, уушгинд шууд орсноор эд эсийг цочроож, хордуулж, бүр түлдэг. Үүний улмаас уушги хатуурах зэрэг ноцтой өөрчлөлт үүсдэг бөгөөд ийм шалтгаанаар эмнэлэгт хандаж буй иргэдийн тоо нэмэгдэж байна. Мөн электрон тамхи нь хорт хавдар үүсгэх эрсдэлтэй болохыг олон улсын судалгаанууд баталсан.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушги судлалын тасгийн эмч Н.Алтанхуяг: Бид янжуур тамхи ч бай, электрон тамхи ч бай аль алиныг нь хүний эрүүл мэндэд хортой гэдгийг анхааруулж, хэрэглэхгүй байхыг зөвлөж байгаа. Утаат тамхины хор нөлөө олон жилийн туршид аажмаар хуримтлагддаг. Уушгийг гэмтээж, хавдар үүсгэх үйл явц нь олон жилийн дараа илэрдэг. Тиймээс 20-иос дээш жил тамхи татсан хүмүүсийг уушгины хавдрын эрт илрүүлэгт тогтмол хамрагдахыг зөвлөдөг.
Харин сүүлийн жилүүдэд өргөн хэрэглэгдэх болсон электрон тамхины хувьд хор уршиг нь богино хугацаанд илэрч байгааг судалгаанууд харуулж байна. Электрон тамхи нь уушгийг гэмтээж, уушгины завсрын эдийн гэмтэл үүсгэдэг. Ялангуяа залуу насанд нь уушгийг эргэлт буцалтгүйгээр гэмтээж, амьсгалын цочмог хүнд дутагдалд оруулан, улмаар амьдралын чанарыг эрс бууруулж байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэдрэлийн тасгийн дарга Л.Энхсайхан: Тамхи татах нь тархины харвалтын хамгийн чухал эрсдэлт хүчин зүйлүүдийн нэг бөгөөд харвалтаар өвчлөх эрсдэлийг ойролцоогоор 2.5 дахин нэмэгдүүлдэг. Тамхинд агуулагдах хорт бодисууд судасны дотоод ханыг гэмтээснээр судасны хатуурал, бөглөрөл үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Үүнээс гадна цусыг өтгөрүүлж, цусны даралтыг нэмэгдүүлдэг учраас тархинд харвалт үүсэх эрсдэл улам өндөр болдог.
Ер нь тамхи татах нь хүн өөрийн сайн дураар бие махбоддоо хор хуримтлуулж, өөрийгөө хордуулж байгаа хэрэг юм. Үүний хор уршиг зөвхөн тухайн хүнд төдийгүй гэр бүл, үр хүүхдэд нь нөлөөлдөг. Тиймээс ард иргэдээ тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийг нь хамгаалах нь төрийн үүрэг гэж үзэж байна.