Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд өсөлттэй байна гэсэн статистик байгаа ч дэлхийд өрсөлдөх чадвар нь сайжирсангүй.
Швейцарын Лозанн хот дахь Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан”-д Монгол Улс энэ онд 70 орноос 67 дугаарт эрэмбэлэгдэж, хоёр жил дараалан байр ухарлаа. Монгол Улс 2015 оноос эхлэн тус тайланд тогтмол хамрагдахдаа 57 дугаарт эрэмбэлэгдэж байв. Үүнээс хойш 2016-2024 оны хооронд ихэвчлэн 60-62 дугаар байр орчимд хэлбэлзсэн ч сүүлийн хоёр жилд үзүүлэлт нь мэдэгдэхүйц мууджээ. Тодруулбал, 2025 онд 65 дугаарт эрэмбэлэгдсэн бол энэ онд дахин хоёр байр ухарч 67-д бичигдлээ. Энэ нь Монгол Улсын өрсөлдөх чадварын суурь үзүүлэлтүүд сайжрах бус, харин сүүлийн жилүүдэд улам доройтож байгааг харуулж байна.

Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд улс орнуудын өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн бүлгийн 341 үзүүлэлтээр үнэлдэг. Манай улсын хувьд эдгээрээс зөвхөн бизнесийн байгууллагын ашигт ажиллагааны үзүүлэлт сайжирч гурван байраар урагшилсан бол бусад үзүүлэлтүүдийн эрэмбэ буурчээ.
Ялангуяа эдийн засгийн тамир тэнхээний үзүүлэлт дөрвөн байраар ухарч, 59 дүгээрт эрэмбэлэгдсэн нь анхаарал татаж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон бараа бүтээгдэхүүний экспортын үзүүлэлт харьцангуй сайн үнэлгээ авсан ч экспорт нэг түнш улсаас хэт хамааралтай байгаа нь хамгийн сул үзүүлэлтүүдийн нэг хэвээр үлджээ. Мөн эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадвар, үйлчилгээний экспорт, инфляцын түвшин зэрэг үзүүлэлтүүд өрсөлдөх чадварыг хойш татсан байна.