Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажил, шалгуулагчид болон эцэг эхчүүдийн анхаарах асуудал, цаашид шалгалтын тогтолцоонд хийх өөрчлөлтийн талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн шалгалтын албаны ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалаас тодрууллаа.
-Энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалтад нийт хэдэн сурагч бүртгүүлсэн бэ?
-Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад 49,014 шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд байгуулсан 54 төвд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Нийт шалгуулагчдын 87 хувийг энэ оны төгсөгчид эзэлж байгаа бол 10 гаруй хувийг өмнөх оны төгсөгчид бүрдүүлж байна. Энэ удаагийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг нийт 10 хичээлээр зохион байгуулах юм.
-Өмнөх жилтэй харьцуулахад шалгуулагчдын тоо хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах хүүхдийн тоо өмнөх оныхоос 6000 орчмоор нэмэгдсэн. Өмнөх жилүүдэд 38-40 мянган шалгуулагч бүртгэгддэг байсан бол энэ жил 49 мянга гаруй хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлээд байна. Тиймээс шалгуулагчдын өрсөлдөөн ч дагаад нэмэгдэж байгаа юм.
Иймд сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалтын дүрэм, журмыг сайтар мөрдөж, хариуцлагатай оролцох хэрэгтэй. Тухайлбал, шалгалтын байранд гар утас авч орохыг хориглодог. Мөн хуулах, бусдаас тусламж авах, аливаа төрлийн зөрчил гаргахгүй байх нь чухал. Шалгалтад заавал өөрийн биеэр ирж оролцох ёстой. Өмнөх жилүүдэд, ялангуяа өмнөх оны төгсөгчдийн дунд өөрийнхөө оронд өөр хүн оруулах зөрчил гарч байсан учраас ийм асуудал гаргахгүй байхаар анхаарах шаардлагатай. Хэрэв дээрх зөрчлүүдийн аль нэгийг гаргаж, илэрсэн тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн бүх хичээлийн шалгалтын дүн хүчингүй болох юм. Тиймээс хүүхдүүд өөрсдийн мэдлэг, бэлтгэлдээ итгэж, ямар нэгэн эрсдэлд өөрийгөө оруулахгүйгээр шударгаар шалгалтаа өгөхийг зөвлөж байна.
-Шалгалтын байр, суудлын хуваарь хэрхэн гарсан бэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын суудлын хуваарь зургаадугаар сарын 10-наас эхлэн гарсан. Шалгуулагчид ЭЕШ-ийн eyesh.eec.mn буюу шалгуулагчийн булан руу нэвтэрч, бүртгэлийн дугаар болон нууц үгээ оруулан суудлын хуваариа хэвлэж авах боломжтой. Суудлын хуваарь дээр тухайн шалгуулагч аль сургуулийн хэддүгээр зааланд, хэддүгээр суудалд сууж шалгалтаа өгөх талаар дэлгэрэнгүй мэдээлэл бий. Шалгалтад орохдоо бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэх гэсэн шаардлагатай бичиг баримтуудаа авчрах ёстой. Харин иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд жолооны үнэмлэх, гадаад паспорт эсвэл E-Mongolia-аас авсан иргэний үнэмлэхийн лавлагаагаар шалгалтад орох боломжтой.
-Эрүүл мэндийн шалтгаан болон онцгой нөхцөл үүсвэл ямар арга хэмжээ авах вэ?
-Зарим хүүхдүүд шалгалтын үеэр хэт их сандарч, түгшсэнээс болж дотор муухайрах, толгой өвдөх, бие нь тавгүйрхэх зэрэг тохиолдол гардаг. Ийм нөхцөлд шалгалтын төв бүрт ажиллаж байгаа сургуулийн эмч анхны тусламж үзүүлэх юм.
Гэхдээ нэг шалгалтын танхимд 30-40 шалгуулагч хуваарилагдсан байдаг учраас тухайн хүүхэд шалгалтын явцад ямар ч үед бие нь муудаж танхимаас гарсан тохиолдолд дахин буцаж оруулах журам байдаггүй. Учир нь шалгалтын ил тод, шударга байдлыг хангах үүднээс ийм зохицуулалт хийдэг. Хэрэв танхимаас гарсан хүүхдийг буцаан оруулах юм бол бусад шалгуулагчдын зүгээс янз бүрийн эргэлзээ, гомдол гарах эрсдэлтэй. Тиймээс шалгалтын танхимаас гарсан тохиолдолд дахин орж үргэлжлүүлэн шалгалт өгөх боломжгүй гэдгийг хүүхдүүд урьдчилан анхаарч, биеийн байдлаа сайн бэлдэж, аль болох тайван байх нь чухал юм.
-Шалгалтын материалыг хэрхэн боловсруулж, нууцлалыг хангаж байгаа вэ. Хариултын хуудсыг өмнөх жилүүдийн адил автомат буюу хар машинаар уншиж дүгнэх үү. Үнэлгээний үйл явц хэрхэн явагддаг вэ?
-Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хариултыг өмнөх жилүүдийн адил засагч машинаар засаж, оноог гаргана. Шалгуулагчид шалгалтаа өгсний дараа танхим танхимаараа орж хариултын хуудсаа уншуулдаг бөгөөд 5-20 минутын дотор шалгалтын дугаараар нь 100 онооноос хэдэн оноо авсан нь шууд харагдана. Үүний дараа тухайн оноог нийт шалгуулагчдын дүнтэй харьцуулан хэмжээсжүүлж, эцсийн дүнг Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим хуудсанд байршуулдаг.
Хариултын хуудсыг бөглөхөд шаардлагатай харандаа, баллуур, харандаа үзүүрлэгчийг Боловсролын үнэлгээний төвөөс хангана. Шалгуулагчид зааврын дагуу сонголтоо зөв будаж тэмдэглэх нь чухал. Хэрэв нэг асуултад хоёр сонголтыг зэрэг тэмдэглэсэн бол төхөөрөмж тухайн хариултыг унших боломжгүй. Харин буруу тэмдэглэснээ баллуурдаж арилгаад зөв хариултаа харандаагаар тод будаж тэмдэглэсэн тохиолдолд машин зөвхөн будсан, тод тэмдэглэгээг уншиж тооцдог бөгөөд баллуурдсан хэсгийг уншдаггүй.
-Ирэх жилүүдэд ЭЕШ-ын тогтолцоонд ямар шинэчлэл хийхээр төлөвлөж байна вэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын одоогийн зохион байгуулалт 2027 онд хэвээр үргэлжилнэ. Харин 2028 оноос эхлэн байгалийн ухаан, нийгмийн ухааны нэгдмэл агуулгатай шалгалтын тогтолцоонд шилжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнийг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр судалгаа хийж, бэлтгэл ажлыг үе шаттайгаар хангаж байна.
Шалгалтын дүн оноог боловсруулах, хариултын хуудсыг засагч машинаар засаж, оноог гаргах үйл явц цаашид ч хэвээр хадгалагдана. Хамгийн чухал нь шалгуулагчид хариултын хуудсаа зааврын дагуу зөв бөглөж, сонголтоо зөв будаж тэмдэглэх хэрэгтэй. Засагч машин хариултыг үнэн зөв уншиж, шалгалтын дүнг алдаагүй гаргадаг гэдэгт итгэх хэрэгтэй.
-Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх гэж байгаа сурагчид болон эцэг эхчүүдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Шалгуулагч хүүхдүүд Элсэлтийн ерөнхий шалгалтын өмнөх орой эрт унтаж, сайн амрах нь хамгийн чухал. Мөн хэт их айдас, түгшүүрт автахгүй байж, шаардлагатай бол сэтгэл зүйн зөвлөгөө авч, сандралаа даван туулах хэрэгтэй. Шалгалтын өмнөх орой хэт тослог, хайрсан, хурц хоол идэхээс зайлсхийж, өглөө нь цагаа тулгаж гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.
Шалгуулагчид шалгалтын байр хүртэлх хугацаа, замын түгжрэлийг урьдчилан тооцож, тайван, сандралгүй ирэх хэрэгтэй. Нийслэлийн зарим шалгалтын байранд 900 гаруй хүүхэд хуваарилагдсан учраас шалгуулагчдыг бүртгэж оруулахад тодорхой хугацаа шаарддаг. Тиймээс шалгалт эхлэхээс дор хаяж нэг цагийн өмнө байран дээрээ очиж бэлэн байх, харин шалгалтын танхимдаа 10 минутын өмнө орж, суудлаа эзэлсэн байх нь зүйтэй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ авч явах ёстой бичиг баримтуудыг өмнөх орой нь хамтдаа бэлдэж, маргаашийн цаг агаарыг харгалзан тохирсон хувцсыг нь бэлдэхэд анхаарах хэрэгтэй. Мөн зургаадугаар сарын 25-28-ны өдрүүдэд шалгалт явагдах тул дулаан орчин, ангийн том цонхоор тусах нарны гэрэлд хүүхдүүд нозоорч, шалгалтаа дутуу орхих, бүр унтах тохиолдол ч гардаг учраас хангалттай амарч ирэх нь чухал.
Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдүүддээ хэт өндөр шаардлага тавьж, сэтгэл зүйн дарамт учруулахгүй байх хэрэгтэй. Улсын их, дээд сургуулиудын босго оноо 490 байгаа тул хүүхэд заавал 700-800 оноо авах ёстой гэсэн хүлээлт үүсгэж, дарамтлах нь буруу. Ийм шахалт нь зарим хүүхдийг хуулах оролдлого хийх, эсвэл шалгалтын дүн гарсны дараа оноогоо фотошопоор өөрчилж, эцэг эхдээ худал мэдээлэл өгөхөд хүргэх эрсдэлтэй. Тиймээс хүүхдийнхээ мэдлэг, хичээл зүтгэлд итгэж, тайван орчин бүрдүүлэн, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх нь хамгийн чухал юм.