Хүүхдийн тархины хөгжилд оюуны чадамж (IQ), хүмүүжлийн арга барил, сэтгэцийн эрүүл мэндээс илүүтэйгээр гэр бүлийн эдийн засгийн байдал, амьдарч буй орчны нөхцөл хамгийн хүчтэй нөлөөлдөг болохыг шинэ судалгаа тогтоожээ.
Вашингтоны их сургуулийн судлаачид 9-10 насны 12 мянга орчим хүүхдийн тархины дүрслэл болон амьдралын орчны 649 үзүүлэлтийг харьцуулан шинжилсэн байна. Үр дүнд нь өрхийн орлого, боловсролын боломж, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, хөрш, орчны чанар зэрэг нийгэм, эдийн засгийн хүчин зүйлс тархины хөгжлийн ялгааг хамгийн тодорхой тайлбарлаж байжээ.
Судалгааны ахлах зохиогчдын нэг, мэдрэлийн эмч Нико Дозенбахын хэлснээр бага орлоготой орчинд өссөн хүүхдийн тархи нь хангалтгүй унтаж, байнгын стресстэй байгаа хүүхдийн тархитай төстэй шинжүүдийг харуулсан байна. Гэхдээ энэ нь тухайн хүүхэд оюуны хувьд сул гэсэн үг биш бөгөөд стресс бууруулж, нойрыг сайжруулснаар ялгааг багасгах боломжтой гэжээ.
Судлаачид мөн эдийн засгийн боломж хомс, нийгмийн дэмжлэг багатай орчинд өссөн хүүхдүүдийн тархинд нойр дутуу байх, стресс ихсэх, дэлгэцийн хэрэглээ өндөр байхтай холбоотой өөрчлөлтүүд илүү ажиглагдсан гэж мэдээлжээ.
Стэнфордын их сургуулийн профессор Рассел Полдрак энэхүү судалгаа нь хүний өсөж торнисон орчин тархины хөгжилд асар хүчтэй нөлөө үзүүлдэг болохыг дахин баталлаа хэмээн онцолсон байна.
Судлаачдын үзэж буйгаар хүүхдийн тархины хөгжилд нөлөөлөх гол хүчин зүйлсийг зөвхөн IQ эсвэл зан төлөвөөр тайлбарлах боломжгүй бөгөөд ядуурал, боловсролын хүртээмж, аюулгүй орчин, чанартай нойр зэрэг асуудлыг хамтад нь авч үзэх шаардлагатай болжээ.