Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт хийдэг 4:11 мэдээллийг цагаар тус намын дарга О.Цогтгэрэл болон УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Ардчилсан нам 20 жилийн өмнө эдийн засгийн шинэчлэл, ажлын байрыг дэмжсэн 4:11 шинэчлэлийн татварын бодлогыг хэрэгжүүлж байсан. Одоо иж бүрэн татварын бодлого ус агаар мэт хэрэгтэй байгаа энэ үед 5:5 буюу таван татварыг таван хувь болгох ёстой гэж үзэн иж бүрэн бодлого баримтыг урьдчилсан байдлаар гаргажээ. Тухайлбал, НӨАТ, Гаалийн татвар, ХХОАТ, тэр дундаа цалингийн орлогын албан татвар болон аж ахуй нэгжийн орлогын албан татварыг 5 хувь болгоно хэмээн мэдээлэв. Түүнчлэн одоо үүсээд буй эдийн засгийн халуурал болон авлига хээл хахуулийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа Засгийн газарт хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл: Өнгөрсөн даваа гаригаас эхлэн эрх баригч намынханд манай намын гишүүд шаардлага тавьж Засгийн газарт хариуцлага хүлээлгэх ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн. Засгийн газар хариуцлага хүлээх хэд, хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, Ардчилсан намын бүлгийн гишүүдийн Ерөнхий сайдад Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага тооцох саналыг хүргүүлсэн. Ерөнхий сайд одоо болтол хариулт ирүүлээгүй учир хариуцлага тооцохгүй юм байна гэж ойлгож байгаа. Тийм учраас Ерөнхий сайдыг огцруулах саналыг гишүүдээс авч байгаа. Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл ганц энэ биш. Ардын намынхан өөрсдөө нэг нэгээрээ гарч ирээд мэдээлэл хийгээд байсан хулгай, авлигын хэргүүд чинь юу болсон. Хулгайтайгаа эвлэрээд дуусах гэж байгаа юм уу. Угтаа авлига, хулгайтай тэмцэх байгууллагуудыг Ерөнхий сайд чиглүүлдэг. Энэ үүргээ биелүүлэхгүй байна, Ерөнхий сайдын авлигатай тэмцэнэ гэсэн нь хоосон амлалт болж байгаа юм уу. Иргэдийн амьдрал үнэхээр доройтож байна. Эдийн засаг халуунтай байна. Амьд организмын халуурлын цаана үрэвсэл байдаг. Уг шалтгааныг эмчлэхгүйгээр халууны эм уугаад явдаг шиг манай эдийн засаг ингэж л явж байна. МАН татварын бодлого нь төсөв бүрдүүлж, халамж тараах ёстой гэж үздэг бол манайх татварын бодлого хөрөнгө оруулалт ажлын байр хүртээмжийг дэмжсэн бодлого гэж үздэг. Энэ хүрээнд 5:5 буюу таван татварыг таван хувь болгох ёстой гэж үзэн иж бүрэн бодлого баримтыг урьдчилсан байдлаар гаргаад байна. Одоо хуулийн төсвийн түвшинд бэлгэт ажлыг хийж байна.