УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулна гэдгээ мэдэгдлээ.
Шалтгаан нь Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага тооцох шаардлага Ерөнхий сайдад хүргүүлсэн ч хариу өгөөгүй учраас өөртэй нь хариуцлага тооцно гэсэн юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд ямар нэгэн тайлбар хэлж, шийдвэр гаргаагүй байна.
Гэхдээ 42 суудалтай сөрөг хүчин гарын үсэг цуглуулаад эхэлбэл тоглоом биш. Учир нь сөрөг хүчин дээр нэмэгдээд МАН-ын бүлгийн цөөнх болсон талынхан гарын үсэг зурвал Ерөнхий сайдыг огцруулах эрсдэлтэй. МАН-ынхны хуваагдал өнөөдөр ч хэвээр байгаа. Тиймээс АН-ын шаардлагыг хүлээн авч, ямар нэгэн байдлаар шийдвэр гаргахгүй бол Засгийн газар огцрох эрсдэлтэй. АН-ынхан Засгийн газарт хамтарч, долоон сайд томилно гэсэн санал Ерөнхий сайдад тавьсан. Саналыг нь хүлээж авахгүй болохоор Засгийн газрыг огцруулах гэж байна гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнд гарсан. Энэ үнэн байлаа ч нам нь хоёр хуваагдсан энэ үед Ерөнхий сайд Н.Учрал сөрөг хүчнийхээ шаардлагыг зүгээр орхиж болохгүй.
2024 оны УИХ сонгуулиас хойш байгуулагдсан парламент, тэр дундаа олонх болсон МАН-ынхан гурав дахь Засгийн газраа байгуулаад 70 гаруй хонож байна. Тэгвэл гурав дахь Засгийн газрыг огцруулах асуудал дахиад хөндөгдлөө. Засгийн газраа унагаж, томилгоо хийсээр байтал 2024 оны парламент хийсэн ажилгүй, байгуулсан гавьяагүй хугацаагаа дуусгах нь.