Open iToim app
Боловсрол | 9 мин уншина

Т.Ням-Очир: ЭЕШ-ыг олон улсын жишигт нийцүүлэн, улирал тутам авдаг болно

Т.Ням-Очир: ЭЕШ-ыг олон улсын жишигт нийцүүлэн, улирал тутам авдаг болно
Нийтэлсэн 6 минутын өмнө
Боловсролын салбарт хэрэгжиж буй бодлого, шинэчлэл, багшийн ажлын ачаалал, сургуулийн хүртээмж, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг арга хэмжээ зэрэг цаг үеийн тулгамдсан асуудлуудаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очиртой ярилцлаа.
-Өнөөдрийн байдлаар 40-45 хүүхэдтэй 1000 орчим анги хичээллэж байгаа гэсэн мэдээлэл бий. Боловсролын яам сургуулийн ачааллыг бууруулах чиглэлд ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?
-2025-2026 оны хичээлийн жилийн статистик мэдээллээс харахад улсын хэмжээнд 3000-аас дээш сурагчтай 45 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 38 нь нийслэлд байна. Тэр дундаа 4000-6000 хүүхэдтэй сургуулиуд ч бий. Мөн нэг ангид дунджаар 45-аас дээш хүүхэд суралцаж байгаа, ачаалал өндөртэй 1089 бүлэг байгаа гэсэн тоон мэдээлэл гарсан. Тиймээс Засгийн газар сургуулиудын бүтцийн өөрчлөлтийг үе шаттай хэрэгжүүлэх бодлого баримталж байна. Нэг талаас сурагчийн тоо цөөн сумдын сургуулиудад бүтцийн өөрчлөлт хийх, нөгөө талаас нийслэлийн хэт ачаалалтай сургуулиудын ачааллыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд боловсролын салбарт орон зайн төлөвлөлтөд суурилсан менежментийг нэвтрүүлж, эхний загвар төлөвлөлтүүдийг боловсруулаад байна.
Цаашид сум дундын ахлах сургуулиудыг байгуулах зорилт тавьж байгаа. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулиудын 80 орчим хувь нь 1-12 дугаар анги хүртэл сургалт явуулдаг ч ахлах ангийн сурагчдын тоо олон газарт 50-60 хувьд ч хүрдэггүй. Энэ нь боловсролын чанар, үр ашигт нөлөөлж байгаа учраас дунд хугацаанд 90 орчим сум дундын ахлах сургууль байгуулж, түүнд тохирсон дотуур байр, багш боловсон хүчин, хүний нөөцийн төлөвлөлтийг хийхээр ажиллаж байна. Мөн аймаг бүрд төрөлжсөн ахлах сургуулиуд байгуулна. Ингэснээр хүүхдүүд бага, суурь боловсролоо ердийн сургуулиудад эзэмшээд ахлах ангид ормогцоо өөрийн сонирхол, ирээдүйн мэргэжлийн чиглэлээр төрөлжин суралцах боломж бүрдэх юм. Үүнээс гадна бүс, аймаг, дүүрэг бүрд олон улсын хөтөлбөртэй ахлах сургуулиудыг байгуулж, суралцах боломжийг өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Ойрын жилүүдэд сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага хэвээр байна. Учир нь энэ жил 45 мянган хүүхэд төгсөж байгаа бол ирэх жил 53 мянга, дараа жил нь 65 мянган хүүхэд төгсөнө. Ойрын 3-4 жилд элсэлт, төгсөлтийн хооронд 20-30 мянган хүүхдийн зөрүү хадгалагдана. Иймээс хотхон, хорооллын бага сургуулиудыг байгуулж, хүүхдүүдийг гэртээ ойр орчинд нь бага боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна. Мөн боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх хүрээнд 2026 онд улсын хэмжээнд 72 барилга байгууламж ашиглалтад оруулахаар төлөвлөсний 33 нь ерөнхий боловсролын сургууль, 33 нь цэцэрлэг байна. Хүн амын шилжилт хөдөлгөөний судалгаанаас харахад 260 суманд хүн ам буурч байгаа бол нийслэл болон аймгийн төвүүдэд хүүхдийн тоо тогтмол өсөж байна. Жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тоо дунджаар 30 мянгаар нэмэгдэж байгаагийн 50-60 хувь нь зөвхөн Улаанбаатар хотод байна. Тиймээс хөрөнгө оруулалтыг хамгийн их хэрэгцээтэй байршлуудад төвлөрүүлж, ачаалал өндөртэй сургуулиудын өргөтгөл, нэмэлт барилга байгууламжийг үе шаттай хэрэгжүүлнэ. Мөн Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банкны санхүүжилттэй төсөл, хөтөлбөрүүдийг сургуулийн ачааллыг бууруулах чиглэлд илүү үр дүнтэйгээр хэрэгжүүлэх бодлого баримталж байна.
-Цахим сурах бичиг, сургалтын платформыг хөгжүүлэх чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар 1-5 дугаар ангийн 33 нэр төрлийн сурах бичгийг Learn Tech системд цахим хэлбэрт шилжүүлээд байна. Ингэснээр хүүхдүүд сурах бичгийн агуулгаа цахимаар үзэхээс гадна дасгал, даалгавраа шууд ажиллах боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, сурах бичгийн бүх агуулга, дасгал даалгаврыг нэг дороос ашиглах нөхцөл бүрдээд байгаа юм.
Харин 6-12 дугаар ангийн буюу дунд, ахлах ангийн 100 нэр төрлийн сурах бичгийг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ухаалаг цахим сурах бичгийн хэлбэрт шилжүүлсэн. Цаашид сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдуулан эдгээр цахим сурах бичгийг илүү боловсронгуй болгох чиглэлээр шаардлагатай ажлуудыг зохион байгуулж, холбогдох зохицуулалтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
-Энэ зун улсын хэмжээнд хэчнээн сургууль, цэцэрлэгт засвар хийхээр төлөвлөсөн бол, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүх засварын ажлыг дуусгах боломжтой бол уу?
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуульд зааснаар боловсролын байгууллагуудын засвар, үйлчилгээний ажлыг тухайн орон нутаг хариуцан хэрэгжүүлэхээр хуульчилсан байдаг. Одоогийн байдлаар бид 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс энэ зун аль сургуульд ямар төрлийн засвар хийх талаар нэгдсэн мэдээллээ бүрэн авч амжаагүй байна. Учир нь хичээлийн жил хараахан дуусаагүй байгаа. Хичээлийн жил дууссаны дараа орон нутгууд засвар хийх сургуулиудынхаа жагсаалт, ажлын цар хүрээ, хугацаа зэрэг бэлтгэл ажлаа эцэслэн гаргана гэж үзэж байна.
Үүнтэй холбоотой баталсан УИХ-ын тогтоол болон Засгийн газрын чиглэлүүд бий. Тухайлбал, Ерөнхий сайд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг хуралдуулах үеэрээ боловсролын байгууллагуудын засвар, тохижилтын ажлыг шинэ хичээлийн жил эхлэхээс дор хаяж 14 хоногийн өмнө бүрэн дуусгасан байх үүрэг чиглэл өгсөн. Засварын ажил 30 хоногийн өмнө ч бай, 14 хоногийн өмнө ч бай дуусах боломжтой. Хамгийн чухал нь тухайн засварт ашиглаж байгаа будаг, шохой, эмульс зэрэг материалууд стандартын шаардлага хангасан, хүүхэд болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх ёстой.
Энэ тал дээр мэргэжлийн болон салбарын хяналтын байгууллагууд хяналтаа тавьж ажиллах шаардлагатай. Мөн сургалт, боловсролын байгууллагуудад засвар хийж байгаа аж ахуйн нэгжүүд ажлын чанар, аюулгүй байдлыг хангахаас гадна гэрээнд заасан хугацаандаа ажлаа бүрэн дуусгаж, шинэ хичээлийн жилийн бэлтгэлийг саадгүй хангах тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгцээ шаардлага бий.
-Боловсролын салбарын ямар хөрөнгө оруулалтууд татагдсан бол. Төсвийн тодотголтой холбоотойгоор мэдээлэл өгнө үү?
-Төсвийн хэмнэлтийн тухай хуульд зааснаар тухайн оны тавдугаар сарын 31-ний өдрийн дотор гэрээ байгуулагдаагүй хөрөнгө оруулалтын арга хэмжээний төсөв буцаан татагддаг зохицуулалттай. Энэ жил улсын төсвөөр боловсролын салбарын тоног төхөөрөмжийн худалдан авалтад нийт 74 тэрбум төгрөгийг 24 төсөл, арга хэмжээнд зориулан баталсан. Боловсролын яам эдгээрийг зориулалтаар нь ангилан нийт 97 багц төсөл, арга хэмжээ болгон худалдан авах ажиллагааг зохион байгуулсан.
Тавдугаар сарын 31-ний байдлаар 97 багц төсөл, арга хэмжээ бүгд тендер зарлагдсан бөгөөд үүнээс 87 нь амжилттай болж, нийт 72 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Харин үлдсэн 10 төсөл, арга хэмжээний ойролцоогоор 2 тэрбум төгрөгийн санхүүжилт Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу буцаан татагдсан. Үүнд зарим төсөл дээр оролцогч байгууллагууд гомдол гаргасан, мөн зарим тендерт оролцогч байхгүй байсан зэрэг шалтгаанууд нөлөөлсөн.
Барилга байгууламжийн хувьд нийт 39 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зарласнаас 32 нь амжилттай болж, ойролцоогоор 60 тэрбум төгрөгийн санхүүжилттэй гэрээ байгуулсан. Харин 7 төсөл, арга хэмжээний нийт 33 тэрбум төгрөгийн санхүүжилттэй төсөв мөн татагдсан байна. Үүнээс гадна өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 75 төсөл, арга хэмжээнд нэмэлт санхүүжилт улсын төсөвт тусгагдсан. Эдгээрээс 65 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж, гэрээ байгуулсан байна.
-Багшийн хомсдол одоо ямар түвшинд байгаа вэ, үүнийг шийдвэрлэх ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ?
-Сүүлийн таван жилийн статистикаас харахад хичээлийн жилийн төгсгөлд дунджаар 2500-4000 багшийн сул орон тоо үүсдэг. Үүний ойролцоогоор 1000 нь шинээр байгуулагдаж буй бүлэг, анги болон ерөнхий боловсролын сургуулиудын ачаалал нэмэгдэж байгаатай холбоотойгоор бий болж байгаа юм. Сул орон тоо үүсэх гол шалтгаан нь багш нарын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой. Тухайлбал, сумын төвийн багш аймгийн төв рүү, аймгийн төвийн багш нийслэл рүү, мөн хот дотроо сургуулиудын хооронд шилжих хөдөлгөөн тогтмол явагддаг. Харилцаа холбоо, дэд бүтэц, амьдрах орчны нөхцөл зэрэг хүчин зүйлс энэ шилжилт хөдөлгөөнд нөлөөлж байна. Гэхдээ эдгээр сул орон тоо хичээлийн жилийн эхэнд үе шаттайгаар нөхөгддөг. Судалгаанаас үзэхэд есдүгээр сарын 1 гэхэд нийт сул орон тооны 50-60 хувь, есдүгээр сарын 15 гэхэд 70-80 хувь нь нөхөгддөг бол арваннэгдүгээр сарын 15 гэхэд ихэнх сул орон тоо бүрэн нөхөгддөг байна.
Нөгөө талаас багшийн мэргэжлээр төгсөгчдийн тоо тогтмол нэмэгдэж байгаа. Жил бүр дунджаар 3000 орчим оюутан багшийн мэргэжлээр төгсөж байна. Тэдний дийлэнх нь сургуулийн өмнөх боловсрол, бага боловсрол болон нийгмийн ухааны чиглэлээр төгсдөг бол байгалийн ухааны чиглэлийн төгсөгчдийн тоо харьцангуй цөөн хэвээр байна. Сүүлийн жилүүдэд багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудын тоо 2-3 дахин өссөн нь ойрын 1-2 жилд багш мэргэжлээр төгсөх залуусын тоо эрс нэмэгдэх боломжийг бүрдүүлж байна. Үүний зэрэгцээ сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг хэрэгжүүлж байгаа бөгөөд багшийн ажлын ачааллыг бууруулах, хүний нөөцийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх чиглэлээр бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.
-Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн аюулгүй байдлын асуудалд яам хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?
-Өнөөдөр боловсролын салбарт хамгийн их анхаарал татаж байгаа асуудлын нэг нь үе тэнгийн дээрэлхэлт юм. Монгол Улс 2022 онд PISA олон улсын үнэлгээнд хамрагдсан. Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах чиглэлээр хэд хэдэн ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт, дээрэлхэлтэд өртөж байгаа хүүхдийг багш, сургуулийн ажилтан болон эцэг эхчүүд хэрхэн таньж мэдэх, эрт илрүүлэх, хоорондоо хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар сургалт, арга зүйн ажлуудыг зохион байгуулж байна. Мөн тухайн сургуулийн түвшинд үе тэнгийн дээрэлхэлт ямар хэмжээнд байгааг тодорхойлох, түүнд тохирсон арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа.
Үүний зэрэгцээ хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага бий. Ялангуяа цахим орчин дахь дээрэлхэлт нэмэгдэж байгаа учраас хүүхдийн цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалтыг сайжруулах асуудал чухал болж байна. Энэ хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран холбогдох бодлогын баримт бичиг, үзэл баримтлалыг боловсруулж байна.
Мөн энэ асуудлаар 1700 гаруй суралцагч, 1000 орчим боловсролын салбарын багш, ажилтныг цахим болон танхимын хэлбэрээр оролцуулсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, санал дүгнэлтийг нэгтгэн Засгийн газарт танилцуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Цаашид олон улсад туршигдаж, үр дүн нь батлагдсан хөтөлбөрүүдийг 2026-2027 оны хичээлийн жилээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд Финландын University of Turku-тай хамтран KIVA хөтөлбөрийг нутагшуулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд эхний ээлжид 100-150 сургуульд хэрэгжүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.
-Элсэлтийн шалгалтын тогтолцоо болон сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах уу?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын тогтолцоог цаашид олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар шалгалт өгөх гэж буй хүүхдүүд тодорхой хэдэн хичээлээр ижил агуулга, ижил түвшний шалгалт өгдөг тогтолцоотой байгаа. Харин ирэх жилүүдээс эхлэн шалгалтын сонголтыг илүү уян хатан болгож, суралцагчид өөрсдийн элсэхийг хүсэж буй их, дээд сургуулийн шаардлагад нийцүүлэн шалгалтаа эрэмбэлж сонгодог тогтолцоонд үе шаттай шилжүүлэхээр судалж байна. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд мэргэжил, сургуулийнхаа чиглэлтэй холбоотой хичээлүүдийг илүү гүнзгий түвшинд судалж, шалгалт өгөх боломжтой болно. Харин бусад хичээлүүд нь суурь мэдлэг, заавал эзэмших агуулгын хүрээнд үнэлэгддэг байх чиглэлд шинэчлэл хийхээр төлөвлөж байна.
Мөн элсэлтийн ерөнхий шалгалтыг зөвхөн нэг удаагийн шалгалт бус, олон улсын туршлагын дагуу илүү нээлттэй, уян хатан хэлбэрээр зохион байгуулах боломжийг судалж байгаа. Тухайлбал, жилд хэд хэдэн удаа буюу улирал тутам авах, суралцагчдад шалгалтаа дахин өгөх боломж бүрдүүлэх зэрэг хувилбаруудыг судалгаа, тооцоонд үндэслэн боловсруулж байна.
-Төгсгөлд нь таны хувьд ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр зорьж буй гол шинэчлэлүүд юу байна вэ?
-Боловсролын яам 2026 оны дөрөвдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар боловсролын салбарт 2026-2028 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлуулсан. Энэ хүрээнд хамгийн түрүүнд багшийн ажлын ачааллыг бууруулах, үндсэн үүрэг хариуцлагыг нь илүү тодорхой болгох, багшийг суралцагчидтайгаа ажиллахад төвлөрөх боломжийг бүрдүүлэхэд анхаарч байна. Ялангуяа дүрэм, журам, тайлан мэдээний давхардлыг арилгаж, багш нарт нэмэлт ачаалал болж буй бичиг цаасны ажлыг цэгцлэх чиглэлээр ажиллаж байгаа.
Одоогоор боловсролын салбарт хэрэгжиж буй нийт 163 дүрэм, журмыг нэг бүрчлэн судалж, давхардал болон шаардлагагүй зохицуулалтуудыг арилгах ажлыг эхлүүлээд байна. Мөн багш, боловсролын байгууллагуудад илүүтэй бичиг цаасны ажил болж байгаа зохицуулалтуудыг цэгцэлж, хялбарчлах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Эдгээр өөрчлөлтийг эрчимжүүлж, ирэх есдүгээр сарын 1 гэхэд боловсролын салбар дахь дүрэм журмын давхардал болон шаардлагагүй бичиг баримтын ачааллыг цэгцэлсэн байхаар төлөвлөж байна.
-Ярилцсанд баярлалаа.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн