Open iToim app
Соёл, урлаг | 3 мин уншина

“Playtime Festival 2026” гурван өдөр, гурван өөр мэдрэмж мэдрүүлнэ

“Playtime Festival 2026” гурван өдөр, гурван өөр мэдрэмж мэдрүүлнэ
Нийтэлсэн 2026 оны 6 сарын 7
Азийн топ таван хөгжмийн фестивалийн нэг болох зорилт тавин ажиллаж буй Playtime Festival энэ жил долдугаар сарын 2-4-ний өдрүүдэд гурван өдөр Playtime хүрээлэнд зохион байгуулагдана. Наадам энэ жил нийт найман тайзнаа олон улсын болон дотоодын 120 гаруй артист, хамтлагийг нэгтгэж байгаа бөгөөд lineup-ийг нь харахад өдөр бүр өөр өөр өнгө аяс, хөгжмийн мэдрэмжийг үзэгчдэд хүргэхээр байна.
Playtime Festival нь энэ жил дэлхийн хэмжээний фестиваль, тайзны урлаг, гэрэлтүүлэг, дүрслэлийн чиглэлээр ажилладаг олон улсын продакшн багуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд үүний үр дүнд үзэгчид өмнөх жилүүдээс илүү өргөн цар хүрээтэй, дуу дүрс, орон зайн шийдлээр баяжсан фестивалийн туршлагыг мэдрэх боломжтой юм.
Эхний өдөр: Харанхуй романтик өнгө ба шинэ нээлтүүд
undefined
Фестивалийн эхний өдөр үзэгчдийг альтернатив хөгжим, шинэ артистууд болон шинэ нээлтүүд угтана. Энэ өдрийн хөтөлбөрийг Беларусийн post-punk урсгалын төлөөлөл Molchat Doma тэргүүлж байгаа нь эхний өдрийн өнгө аясыг тодорхойлж байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн хөгжмийн фестивалиудад онцгой байр суурь эзлэх болсон тус хамтлагийн тоглолт энэ жилийн хамгийн их хүлээлттэй үзүүлбэрүүдийн нэгт тооцогдож байна.
Мөн түүнчлэн Монголын indie хөгжмийн хамгийн танигдсан нэрсийн нэг Magnolian, мөн Blindfold, Teresa in the Moon, Night Train зэрэг хамтлаг, артистууд тайзнаа гарна. Харин Aaguu, Diskonnected, Fat Hamster, Jesse You, Kang New, Oissam, Torden зэрэг уран бүтээлчид эхний өдрийг шинэлэг дуугаралт, шинэ эрч хүчээр дүүргэхээр байна. Энэ өдөр Playtime-ийн уламжлалт нээлтийн уур амьсгал бүрдэж, үзэгчид фестивалийн ертөнцөд албан ёсоор нэгдэх юм.
Хоёр дахь өдөр: Хамтдаа дуулж, нэг хэмнэлээр амьсгалах өдөр
undefined
Харин хоёр дахь өдөр Playtime Festival-ийн хамгийн өргөн хүрээтэй, хамгийн их хүлээлт дагуулсан тоглолтууд үргэлжилнэ. Үндсэн тайзууд дээр олон улсын болон дотоодын артистуудын тоглолтууд үргэлжилж, хэдэн мянган хүн нэгэн хэмнэлээр амьсгалах фестивалийн оргил мөчүүд энэ өдөр тохиох төлөвтэй байна.
Энэ өдрийн гол артистуудын тоонд Норвегийн алдарт indie folk хослол Kings of Convenience болон АНУ-ын dream pop, shoegaze урсгалын төлөөлөл DIIV багтаж байна. Тайван атлаа гүн мэдрэмж төрүүлэх Kings of Convenience-ийн хөгжим болон DIIV-ийн атмосферик дуугаралт хоёр дахь өдрийн онцлох өнгө болох юм.
Мөн Horse Radio, The Colors, Dotor Khuree, Aisha Devi, B.AI, Jasss, Gabbs, Rhom Omit, Sailor Honeymoon, OMA x Shing02 with Spin Master A-1, Fazi зэрэг артистууд рок, электрон, хип хоп болон экспериментал урсгалуудыг нэг тайзан дээр нэгтгэнэ. Хэрэв эхний өдөр шинэ хөгжимтэй танилцах тухай байсан бол хоёр дахь өдөр фестивалийн хамгийн том хамтын мэдрэмжийг бүтээх өдөр байх нь гарцаагүй.
Гурав дахь өдөр: Туршилт, эрч хүч, дурсамж болон үлдэх шөнө
undefined
Playtime Festival 2026-ын сүүлийн өдөр хамгийн хүчтэй, хамгийн олон өнгө аяс огтолцсон хөтөлбөрөөр өндөрлөнө. Фестивалийн төгсгөлийг Франц-Британийн домогт хамтлаг Stereolab болон Өмнөд Солонгосын хамгийн нөлөө бүхий indie rock хамтлагуудын нэг HYUKOH тэргүүлж байна.
Мөн дэлхийн электрон хөгжмийн тайзны онцгой төлөөлөгчид болох Helena Hauff, DJ Stingray 313, Identified Patient нарын тоглолт гурав дахь өдрийн эрч хүчийг тодорхойлох бол Монголын жазз, альтернатив болон экспериментал уран бүтээлчидтэй хамтран өвөрмөц өнгө төрхийг бүрдүүлэх юм.
Түүнчлэн The Lemons, HONH, Enji, Lord Spikeheart, One Click Straight, Fat Cat Jazz Club, Silhouette Tuesday, JPBS, IWKC зэрэг артистуудын тоглолт рок, жазз, электрон болон авангард урсгалуудыг нэг дор нэгтгэж, фестивалийн хамгийн дурсамжтай шөнийг бүтээхээр байна.
Нэг фестиваль, гурван өөр өнгө
Playtime Festival 2026-ын lineup-ийг бүхэлд нь харахад эхний өдөр альтернатив болон indie хөгжмийн шинэ нээлтүүдээр эхэлж, хоёр дахь өдөр фестивалийн оргил хэмнэлд хүрч, гурав дахь өдөр туршилтлаг болон электрон хөгжмийн хүчтэй өнгөөр өндөрлөх бүтэц ажиглагдаж байна.
Иймээс энэ жилийн Playtime Festival-ийг тодорхойлох хамгийн оновчтой үг нь “гурван өдөр, гурван өөр мэдрэмж” байж болох юм. Эхний өдөр нээлт, хоёр дахь өдөр оргил, гурав дахь өдөр дурсамж болон үлдэх хөгжмийн аялал үзэгчдийг хүлээж байна.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн