Одоогоор Баян- Өлгий, Ховд аймгийн гурван суманд шүлхийн уг хэв шинжийн тохиолдол бүртгэгдэж, 779 мал өвчлөөд байна. Өвчилсөн малыг шууд устгах заалттай бөгөөд одоогоор 77.2 хувь буюу 382 үхэр, 98 хонь, 119 ямаа болон эрсдэлээс сэргийлэх үүднээс голомтод байсан 3 нохойг устгажээ.
Баян-Өлгий аймгийн Алтай суманд өнгөрсөн тавдугаар сарын 22-нд шүлхий өвчний сэжиг бүхий тохиолдол гарч, хорио цээрийн дэглэмд шилжүүлээд буй. Үүнээс гурав хоногийн дараа Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лабораториор хариу баталгаажсан.
Энэхүү дэгдээд буй шүлхий өвчний хэв шинж нь манай улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй, вакцин нь нэвтрээгүй шүлхийн Сат-1 гэх хэв шинж юм. Шүлхийн Сат-1 хэмээх энэхүү хэв шинж нь ихэвчлэн Африкийн орнуудад бүртгэгддэг байжээ. Сүүлийн жилүүдэд нутагшмал бүсээсээ хальж Ойрх Дорнод болон Азийн орнуудад томоохон дэгдэлт үүсгээд байгаа аж.
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: Урьд өмнө Африкт гардаг байсан энэ шүлхий Ойрх Дорнод, Станы орнууд, Хятад, Орост гарах болсон тухай олон улсын байгууллагууд анхааруулж байсан ч бид дорвитой арга хэмжээ авахгүй байсаар ийнхүү ороод иржээ. Монгол Улс одоогийн байдлаар энэ төрлийн шүлхийд хийх вакцингүй байгаа юм байна.
Манай улсад бүртгэгдсэн шүлхий нь ОХУ болон БНХАУ-аас орж ирсэн магадлал өндөр байгаа ба шалгалтын ажлыг явуулж байна. Мөн аймаг, сумдын Онцгой комиссын өгч буй мэдээллээр Баян-Өлгий, Ховдод гарсан тохиолдол хоорондоо холбоогүй, хавьтал үүсэх нөхцөл бүрдээгүй. Тус тусдаа хил орчмын бүсээс дамжсан байх магадлалтай гэж үзэж байгаа аж.
Одоогоор Баян- Өлгий, Ховд аймгийн гурван суманд шүлхийн уг хэв шинжийн тохиолдол бүртгэгдэж, 779 мал өвчлөөд байна. Өвчилсөн малыг шууд устгах заалттай бөгөөд одоогоор 77.2 хувь буюу 382 үхэр, 98 хонь, 119 ямаа болон эрсдэлээс сэргийлэх үүднээс голомтод байсан 3 нохойг устгажээ.
Энэхүү Сат–1 шүлхийн хэв шинжийн вакцин нь монголд нэвтрээгүй. Иймээс Турк, ОХУ, БНХАУ-аас 7 сая тонн вакцин захиалж авахаас 1,5 сая тонныг эхний ээлжид авахаар байна. Шинэ төрлийн вакциныг татан авах ажил үргэлжилж байгаа бөгөөд долоодугаар сарын дунд үеэс нийлүүлэх төлөвтэй байгаа юм.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Увс, Говь-Алтай аймаг халдвар гарсан аймаг чигт хөдөлгөөний хязгаарлалт хийж, хяналтын пост ажиллуулж эхэлсэн.