Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа өчигдөр буюу зургадугаар сарын 2-нд дууссан. Тиймээс Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнийг өнөөдөр хуралдуулж, Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, тавдугаар сарын 29-ний өдрийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т заасан Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг зургадугаар сарын 3-ны өдөр хэлэлцэхээр нийт шүүгчид санал нэгдсэн. Дээрх саналыг үндэслэн Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Шүүгчдийн зөвлөгөөнийг 2026 оны зургадугаар сарын 3-ны өдөр товлосон байна. Гэхдээ одоогоор хуралдааны цагийг товлоогүй байгаа бөгөөд үдээс хойш хуралдуулна гэсэн чигтэй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Шүүгчдийн зөвлөгөөнөөс олонхын санал авч сонгогдсон шүүгчийг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид хандах бөгөөд Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилээр томилох хуулийн заалттай. Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэрийн дагуу хугацаа нь дуусаад буй Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацааг дахин сунгах боломжтой ч өөр хүнийг Ерөнхий шүүгчээр томилно гэсэн мэдээлэл гаргаад байгаа юм. Улсын дээд шүүх 24 шүүгчтэй байх ёстой ч одоогоор 21 шүүгчтэй ажиллаж байгаа аж. Шүүгчдийн зөвлөгөөнд нийт шүүгч оролцох бөгөөд Ерөнхий шүүгчид нэр дэвших эрхтэй, мөн өөр хүний нэрийг дэвшүүлэх боломжтой. Нэр дэвшигчдийн дунд санал хураалт явуулж олонхын санал авсан нэр дэвшигчийн нэрийг Ерөнхийлөгчид уламжлах юм.