Ногоон эрчим хүч, хиймэл оюун ухааны эрин үед зэс стратегийн гол түүхий эд болж, дэлхийд эрэлт огцом өсөж байна. Олон улсын судалгаанаас харахад дэлхийн зэсийн эрэлт 2050 он гэхэд өнөөгийн түвшнээс 1.6 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Энэхүү өөрчлөлт нь зэсийн нөөцөөрөө дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг манай улсад ихээхэн давуу тал болно. Цаг үеэ мэдэрч, бодлого хэрэгжүүлж чадвал зэсийн нэмүү өртгийн сүлжээнд чухал тоглогчийн байр суурь эзлэх боломжтойг ч салбарынхан онцолж байна. Хоёр дахин өндөр төлбөр хөрөнгө оруулагчдыг буцааж байна Тэгвэл энэ боломжийг алдахгүй ашиглахын тулд юуны түрүүнд зэсийн АМНАТ-ийг олон улсын жишигт хүргэх ёстой. Дээр дурдсанчлан манай улс зэсийн асар их нөөцтэй ч эдийн засгийн эргэлтэд оруулахад тодорхой саадтай тулгардаг. Энэ бол олон улсын жишгээс хэт өндөр буюу 2 дахин их Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ. Нэг үгээр олон улсад 5-10 хувь байдаг төлбөрийг манайд 21.6 хувь гэж тооцон авч байна. Монгол Улсад зэсийн 22 төсөл ТЭЗҮ-ээ батлуулсан, хэрэгжихэд бэлэн байгаа ч төлбөр өндөр байгаагаас шалтгаалж хөдөлж чадахгүй байна. Одоогоор зэсийн үйлдвэрлэл үндсэндээ Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой гэсэн хоёрхон төсөлд тулгуурлаж байна. Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит учраас 20 гаруй хувийн АМНАТ төлж байгаа бол Оюу толгой тогтвортой байдлын гэрээний дагуу 5 хувийн АМНАТ төлдөг. Монголын зэсийн салбарыг хөрөнгө оруулагчид сонирхдог ч олон улсын жишгээс хоёр дахин их үнэ сонссон даруйдаа үргэн холдож байна. Цаашид төлбөрийн дарамт энэ хэвээр үргэлжилбэл зарим төслийн өгөөж буурч, хөрөнгө оруулалтын шийдвэрүүд хойшлогдох ч эрсдэлтэй талаар салбарынхан хэлж буй юм.