Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Цооногт унасан гурван настай охиныг аврах ажиллагаа 40 гаруй цаг үргэлжилж байна

Цооногт унасан гурван настай охиныг аврах ажиллагаа 40 гаруй цаг үргэлжилж байна
Нийтэлсэн 2026 оны 5 сарын 29
Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн өрөмдлөгийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврах ажиллагаа 40 гаруй цаг үргэлжилж байна. Тухайн цооногийн нүхний хажууд өргөн 35 метр, урт 70 метрийн нүх 3 дамжлагатай шатлан ухсан. Энэ нүхний ёроолоос цааш гараар хөндлөн 9 метр орчим ухах ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Өчигдөр TV5, Zogii.mn, NTV, Zarig.mn зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд газар дээр нь очиж аврах ажиллагааны үйл явцыг олон нийтэд хүргэн, мэдээлж байгаа.
Урьдчилсан мэдээллээр цооногийн хөрс шаварлаг, тогтворгүй бүтэцтэй байгаа нь аврах ажиллагааг хүндрүүлж буй аж. Цооног дотор агаарын хүчилтөрөгч бага, чийгшил өндөр, температур хүйтэн, гэрэл байхгүй нөхцөл байдалтай байна.
Мөн хөрсний нурангиас сэргийлэх бэхэлгээ хийсэн ба дөрвөн их эмч, хоёр сувилагч бэлэн байдалд ажиллаж байна. Анх аврах ажиллагаа эхлэхэд охины амьсгал, хөдөлгөөн мэдрэгдэж байсан бол 10 гаруй цагийн өмнөөс ямар нэгэн хөдөлгөөн илрэхгүй байгаа талаар албаныхан мэдээлсэн.
Хайлааст багийн их эмч О.Баасанбалжир: Хүүхэд ямар ч байдалтай гарч ирсэн бид түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлнэ. Хүүхдэд одоогоор амьдын шинж тэмдэг илрэхгүй байна. Гэхдээ энэ нь эндсэн гэсэн үг биш. Тухайн цооног 25 см-ын диаметрт, 30 метрийн гүнд байгаа учраас хүүхэд нойтон, хүйтэн хэсэгт байгаа. Аврах ажиллагаа хойшлох тусам тухайн хүүхдийн амь аврагдах боломж багасна.
Гэхдээ хүүхдийн биеийн онцлог, биологи болон аврагчдын авч буй арга хэмжээ нь охинд тэсэж амьд үлдэх боломжийг олгож байгаа.
Хүүхдийн биеийн усны хэмжээ насанд хүрэгчдээс өндөр байдаг тул шингэн хурдан алдаж, биеийн байдал огцом муудах эрсдэлтэй. Хүүхэд усгүй нөхцөлд 1-3 хоногийн дотор амь насанд аюултай байдалд хүрэх боломжтой бөгөөд халуун орчин, суулгалт, бөөлжих зэрэг үед энэ хугацаа улам богиносдог байна.
30 метрийн гүнд маш хүйтэн, чийгтэй байдаг бөгөөд хүүхдийн бие том хүнийхийг бодвол дулаанаа маш хурдан алддаг. Хэрэв биеийн дулаан нь аюултай хэмжээнд хүртэл буурвал зүрх нь зогсох эрсдэл бий. Яг үүнээс сэргийлж аврах багийнхан цооног руу тасралтгүй халуун агаар үлээж, хүчилтөрөгч шахаж байгаа нь охины алтан амийг аварч буй гол хүчин зүйл юм.
Ослын голомтод Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбатаар ахлуулсан 48 хүн, 28 автомашин, 20 тусгай зориулалтын техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм. Мөн ОБЕГ-ын Шуурхай штабаас удирдлага, зохион байгуулалтаар тогтмол хангаж байна.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн