Инженерчлэл, өндөр технологийн чиглэлээр дотоодын дээд боловсролын салбарт түүчээлж буй Шинэ Монгол Технологийн Их Сургууль сургалт, эрдэм шинжилгээний чанарыг дэлхийн түвшинд хүргэх зорилгынхоо хүрээнд шинээр "Цацрагийн судалгааны лаборатори"-ийг ашиглалтад оруулж, нээлтийн үйл ажиллагаагаа өнөөдөр зохион байгууллаа.Энэхүү лаборатори нь Монгол Улсад цөмийн болон цацрагийн дэвшилтэт технологийг нутагшуулах, хэрэглээний судалгааг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг олон улсын түвшинд бэлтгэхэд томоохон хувь нэмэр оруулах юм.ШМТИС-ийн Захирал Д.Гантуул: Манай сургууль зөвхөн онол заахаас гадна үйлдвэрлэл, шинжлэх ухааны бодит талбар дээр ажиллах чадвартай инженерүүдийг бэлтгэхийг зорьдог. Өнөөдөр ашиглалтад орж буй Цацрагийн судалгааны лаборатори нь манай багш, оюутнуудын судалгааны ажлыг шинэ шатанд гаргаж, Монгол Улсын технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах инновацийн уурхай болно гэдэгт итгэлтэй байна. Нээлтийн арга хэмжээнд Цөмийн энергийн комисс, Шинжлэх ухааны академийн физик, технологийн хүрээлэнгийн эрдэмтэд болон салбарын бусад хүндэт зочид оролцож, лабораторийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжтэй танилцсан юм.ШМТИС-ийн Цацрагийн судалгааны лаборатори нь цаашид дотоодын болон олон улсын ижил төрлийн судалгааны төвүүд, их дээд сургуулиудтай хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, цацрагийн технологийн хэрэглээг нийгэм эдийн засгийн үр ашигтай салбаруудад нэвтрүүлэх алсын хараатай ажиллаж байна.