Төв аймгийн Заамар сумын нутагт өчигдөр буюу тавдугаар сарын 27-ны өдөр гурван настай хүүхэд 30 метрийн гүнтэй цооногийн нүхэнд унасан тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.Дуудлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид яаралтай очиж, аврах ажиллагааг эхлүүлсэн байна. Одоогоор аврах ажиллагаанд таван эксковатор, 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа юм.Албаныхны мэдээлснээр, "Хүүхдийг унаснаас хойш тасралтгүй аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд нөхцөл байдалтай холбоотойгоор техник, хүн хүчийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Тус газар нь өрөмдлөгийн ажил явуулдаг уурхай бөгөөд аав, ээж нь тэр газарт ажилладаг байсан. Хүүхэд унасан талаар мэдээллийг аав ээж нь өгсөн байгаа. Энэхүү цооног 40-50 метрийн гүнтэй гэдгийг тогтоосон. Хүүхдийн хувьд 30 метрт нь гацсан байгаа юм. Хүүхэд урт хугацаанд ямар ч хөдөлгөөнгүй гацах нь эрүүл мэндэд нь маш муу, хүүхдийг аврахаар холбогдох байгууллагынхан шуурхай ажиллаж байгаа" гэв.