Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хүүхдийн хөгжил, хамгаалал, гэр бүлийн орчинтой холбоотой нөхцөл байдал болон 2025 оны шинэчилсэн статистик мэдээллийг танилцуулсан юм. Мөн хүүхдүүд гэр бүлээсээ хангалттай хайр, халамж авч чаддаггүй, сэтгэл зүйн дарамт, амиа хорлох оролдлого өссөн зэрэг судалгааны дүнг танилцуулав. Үүнээс гадна насанд хүрээгүй охидын төрөлт, үр хөндөлтийн тоо нэмэгдэж, цахим орчин дахь дарамт 25 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Хурлын үеэр хүүхдийн хөгжил, хамгааллын төсвийн зарцуулалт, хэрэгжилтэд илүү хариуцлагатай хяналт тавих, мөн Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай болон Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай зэрэг салбарын чухал хуулиудыг яаралтай батлуулах шаардлагатай байгааг онцолсон юм.
Монгол Улс 2024-2025 оны үзүүлэлтээр 194 орноос хүүхдийн эрхийн индексээрээ таван байраар ухарч, 91 дүгээр байрт орсон бөгөөд дайнтай байгаа Иран улсын ард жагсжээ.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн Ажлын албаны нарийн бичгийн дарга Б.Баярсайхан: НҮБ-ын Хүүхдийн сан болон ДЭМБ-аас хийсэн хамтарсан судалгаагаар хүүхдүүд өөрсдөө гэр бүл, ойр дотнын хүмүүсээсээ хангалттай хайр халамж авч чаддаггүй гэдгээ илэрхийлсэн. 2023 оны судалгаагаар таван хүүхэд тутмын хоёр нь амиа хорлох талаар бодож үзсэн, арван хүүхэд тутмын нэг нь оролдлого хийж байсан гэсэн ноцтой үзүүлэлт гарсан. Мөн таван хүүхэд тутмын нэг нь сүүлийн нэг сарын хугацаанд электрон тамхи хэрэглэсэн бол долоон хүүхэд тутмын нэгээс дээш хувь нь согтууруулах ундаа хэрэглэж үзсэн байна. Түүнчлэн хүүхдүүдийн 84.5 хувь нь цахим орчинд ямар нэгэн шүүлтүүр, хяналтгүй оролцож байна. Хоёр хүүхэд тутмын нэг нь өөрийн санаа зовнилд эцэг эх нь огт анхаарал хандуулдаггүй гэж хариулсан бол гурван хүүхэд тутмын нэг нь гэр бүлийнхэн нь сүүлийн нэг сарын хугацаанд чөлөөт цагаараа юу хийж байгааг нь огт сонирхоогүй гэжээ.
Шинэчлэгдсэн статистикийг энэ оны гуравдугаар сард нэгтгэн гаргасан. Өнгөрсөн онд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 71.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж байсан бол энэ үзүүлэлт өссөөр одоо 83 хувьд хүрсэн нь гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэнийг харуулж байна. Мөн амиа хорлохыг завдсан тохиолдол өссөн бөгөөд үүний 90 хувийг 15-19 насны хүүхдүүд эзэлжээ. Үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалттай холбоотой дуудлага 108 тусгай дугаарын нийт дуудлагын 81 хувийг эзэлж байгаа бөгөөд эдгээрийн 70 хувь нь боловсролын орчинд үйлдэгдсэн байна.
Эерэг үзүүлэлт ч мөн байна. Тухайлбал, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо 19.9 хувиар, үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалтын үзүүлэлт 2.2 хувиар буурсан байна. Гэсэн хэдий ч цахим орчны дарамт 25 хувиар өссөн байна.
Мөн насанд хүрээгүй охидын төрөлт 4.5 хувиар өссөн байна. 2025 онд нийт 1330 хүүхэд ээж болсон бөгөөд үүнээс 10-14 насны 24, 15-19 насны 1308 хүүхэд байна. Үр хөндөлтийн тоо ч 2.8 хувиар өсөж, 2025 онд 610 хүүхэд үр хөндүүлжээ. Үүнээс 10-14 насны 43, 15-19 насны 567 хүүхэд байна.
Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо 22.9 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа ч уралдаанч хүүхдийн асуудал анхаарал татсаар байна. Учир нь жил бүр зохион байгуулагдаж байгаа хурдан морины уралдааны тоо эрс нэмэгдэж, 2023 онтой харьцуулахад хоёр дахин өссөн байна. Цаашид хүүхэд, гэр бүл, нийгмийн хамгааллын чиглэлээр таван чухал хууль батлагдах шаардлагатай байгаа. Үүнд Хүний хөгжлийн нэгдсэн цогц бодлого, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль, Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хууль, Нийгмийн ажилтны эрх зүйн байдлын тухай хууль болон Залуучуудын хөгжлийн тухай бодлого багтаж байна.

Ерөнхий сайд Н.Учрал: 2026 онд хүүхдэд зориулж зарцуулах төсвийн хэмжээ 8.1 их наяд төгрөг байна. Тиймээс энэ төсвийн зарцуулалтыг ил тод болгож, гүйцэтгэлд нь хяналт тавих шаардлагатай. Энэ мөнгө хэр үр дүнтэй ажилд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй байна. Цаашид зарцуулалт болон хэрэгжилтэд нь тогтмол хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Хүүхдэд зориулсан төсөвт хүүхдийн мөнгө, цалинтай ээж мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн төсөв зэрэг багтаж байгаа. Төрөөс ийм хэмжээний дэмжлэг үзүүлж байгаа бол үр дүн нь бодитоор харагдах ёстой. Хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн тоо буурах ёстой ч бодит байдал дээр буурахгүй байна. Зарцуулж байгаа төсөв бага биш гэтэл үр дүн нь хангалтгүй байна.
Хүүхдийн мөнгө, цалинтай ээж хөтөлбөр нь халамж биш. Энэ бол хүн амаа өсгөх төрийн бодлого. Гэтэл үүнийг халамжийн бодлоготой хольж, Монгол Улсыг халамжийн орон боллоо гэж шүүмжилдэг. Жинхэнэ халамж зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байна. Одоогийн байдлаар халамжийн бодлого зорилтот бүлгийнхээ 26 хувьд ч хүрэхгүй байгаа. Тиймээс халамжийг жинхэнэ шаардлагатай хүмүүст нь хүргэдэг тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Энэ хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хоёр хуулийн төслийг Засгийн газраар дэмжүүлсэн. Мөн Гэр бүлийн яамны зүгээс Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл арга хэмжээ болон хүүхдэд зориулан төсөвлөсөн хөрөнгийн зарцуулалтад хариуцлагатай байж, хяналт тавьж ажиллах хэрэгтэй.