Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Хятад жилийн хугацаатай сансрын нислэгт сансрын нисэгчдээ илгээлээ

Хятад жилийн хугацаатай сансрын нислэгт сансрын нисэгчдээ илгээлээ
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Хятад улс ням гарагт гурван сансрын нисэгчээ өөрийн сансрын станц руу илгээсэн бөгөөд тэдний нэг нь бүтэн нэг жилийн турш сансарт ажиллах юм. Энэ нь тус улсын хувьд хамгийн урт хугацааны сансрын нислэгийн дээд амжилт болж байгаа бөгөөд урт хугацааны сансрын орчин хүний бие физиологид хэрхэн нөлөөлдгийг судлахад чиглэж байна. Бээжин 2030 он гэхэд хүнтэй саран дээр буух зорилтоо хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.
“Шэньжөү-23” хөлөг орон нутгийн цагаар шөнийн 11:08 цагт Хятадын баруун хойд хэсэгт орших Жюцюаний хиймэл дагуул хөөргөх төвөөс “Чанжэн-2F Y23” зөөгч пуужингаар хөөрсөн байна.
Ачааллын мэргэжилтэн Ли Жяйинь нь өмнө нь Хонконгийн цагдаагийн байцаагч байсан бөгөөд Хонконгоос оролцож буй анхны сансрын нисэгч болжээ. Бусад багийн гишүүд нь командлагч Жу Янжү болон нисгэгч Жан Юаньжи бөгөөд хоёулаа Хятадын Ардын Чөлөөлөх Армийн сансрын нисэгчдийн ангид харьяалагддаг.
undefined
Хятад, АНУ сар руу чиглэсэн өрсөлдөөнөө эрчимжүүлэв
Гурван нисэгчийн нэг нь “Тяньгун” сансрын станцад бүтэн нэг жил ажиллах бөгөөд энэ нь түүхэн дэх хамгийн урт сансрын нислэгүүдийн нэг болох юм. Гэхдээ 1995 онд Оросын сансрын нисэгчийн тогтоосон 14.5 сарын дээд амжилтаас бага хэвээр байна. Аль нисэгч үлдэхийг даалгаврын явцаас шалтгаалан дараа нь шийдэхийг Хятадын Хүнтэй сансрын нислэгийн агентлаг бямба гарагт мэдэгдсэн.
Хятад улс сүүлийн жилүүдэд сансрын станц руугаа бараг арваад удаа нисэгч илгээсэн ч энэ удаагийн нислэг нь АНУ-тай өрнүүлж буй сарны өрсөлдөөний үеэр болж байгаагаараа онцлог юм. Вашингтон Бээжинг саран дээр нутагшиж, байгалийн баялаг олборлох төлөвлөгөөтэй хэмээн буруутгаж байсан бол Хятад эдгээр мэдэгдлийг эрс няцаажээ.
АНУ 2028 онд хүнтэйгээр саран дээр буух зорилготой бөгөөд энэ нь Хятадаас хоёр жилийн өмнө хэрэгжих төлөвтэй байна. АНУ урт хугацааны сарны бааз байгуулж, улмаар Ангараг гаригт хүн илгээх сууриа тавихыг зорьж байгаа юм.
Дөрөвдүгээр сард NASA-гийн дөрвөн сансрын нисэгч “Артемис II” хөтөлбөрийн хүрээнд сарыг тойрсон түүхэн аялал хийж, сүүлийн 50 жилийн анхны хүнтэй сарны нислэгийг хэрэгжүүлсэн. Тэд хүн төрөлхтний өмнө нь хүрч байгаагүй хол зайд ниссэн байна.
Мөн баасан гарагт Elon Musk-ийн SpaceX компани дараагийн үеийн “Starship” пуужингийн хүнгүй туршилтын нислэгийг амжилттай хийжээ. Энэхүү пуужин нь “Starlink” хиймэл дагуулын илүү олон хөөргөлт болон ирээдүйн NASA-гийн сарны нислэгүүдэд ашиглагдах зориулалттай юм.
2030 оны зорилтот хугацаа хүртэл дөрөв хүрэхгүй жил үлдээд буй Хятад улс сарны хөтөлбөрт зориулсан цоо шинэ техник, программ хангамжийг хөгжүүлэх томоохон сорилттой тулгарч байна.
undefined
2035 он гэхэд байнгын сарны бааз байгуулах зорилт
Хятад улс 2021 оноос хойш “Шэньжөү” хөтөлбөрөөрөө гурван нисэгчтэй багуудыг зургаан сарын хугацаатайгаар сансрын станц руу тогтмол илгээж байна. Мөн Хятадын сансрын агентлаг Пакистаны хоёр нисэгчийг сургаж байгаа бөгөөд тэдний нэг нь энэ жил “Тяньгун” руу богино хугацааны нислэгээр явах боломжтой ажээ.
Өмнөх “Шэньжөү-22” нислэгийг өнгөрсөн арваннэгдүгээр сард товлосноос өмнө хөөргөсөн бөгөөд энэ нь “Шэньжөү-20” хөлөг сансрын хог хаягдалд мөргөгдөн гэмтсэний дараа гурван нисэгчийг эх дэлхийд буцаах зорилготой байв.
Хятад улс одоогоор зөвхөн робот төхөөрөмжүүдийг саран дээр илгээж байсан ч “Шэньжөү” цуврал нислэгүүд нь тус улсын сансрын технологи хурдацтай хөгжиж буйг харуулж байна. 2024 оны зургаадугаар сард Хятад улс сарны алслагдсан талаас робот ашиглан хөрсний дээж авчирсан анхны орон болсон юм.
2030 оноос өмнө хүнтэйгээр амжилттай буувал Хятад улс Оростой хамтран 2035 он гэхэд байнгын сарны бааз байгуулах төлөвлөгөөндөө томоохон түлхэц авах юм.
Мөн эрдэмтэд энэхүү урт хугацааны нислэгийн үеэр цацрагийн нөлөөлөл, ясны нягтрал бууралт, сэтгэлзүйн дарамт зэрэг сансрын орчны хүний биед үзүүлэх физиологийн өөрчлөлтийг судална.
Үүнээс гадна Бээжин хүн төрөлхтний “хиймэл үр хөврөл”-ийн анхны туршилтыг сансарт хийж байгаа талаар төрийн хэвлэлүүд мэдээлжээ. Энэ хүрээнд хүний үүдэл эсийн дээжийг энэ сард “Тяньгун” дахь “Шэньжөү-22” багт илгээсэн байна. Туршилтын зорилго нь хүн төрөлхтөн сансарт урт хугацаагаар амьдрах, оршин тогтнох, үржих боломжийг судлахад чиглэж байгаа аж.
undefined
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн