Засгийн газар аялал жуулчлалын салбарыг сэргээх зорилгоор 6 хувийн хүүтэй, зургаан жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн ч зорилтот бүлэгтээ бүрэн хүрээгүй байна. Орон нутгийн жижиг жуулчны бааз, амралтын газар, ресортууд дэмжлэг хүлээсэн ч бодит байдал дээр томоохон компаниуд санхүүжилтийн дийлэнхийг авч эхэлжээ.
Хөтөлбөрийн анхны зорилго нь ковидын дараа хүнд байдалд орсон аялал жуулчлалын салбарыг сэргээх, ялангуяа орон нутгийн жижиг, дунд бизнесийг дэмжих байв. Гэвч зарим бизнес эрхлэгчийн хэлж буйгаар зээл олголт богино хугацаанд дуусаж, мэдээлэл гарснаас хойш хэдхэн хоногийн дотор санхүүжилт шавхагдсан байна.
Санхүүжилт дууссан гэх хариу авч буй жижиг бизнесүүд
Тодруулбал, Цонжинболдогт гэр бүлийн амралтын газар ажиллуулдаг нэгэн бизнес эрхлэгч хөнгөлөлттэй зээлийн мэдээлэл гарснаас хойш буюу хоёр жил орчмын өмнөөс зээл авахаар бэлдэж хөөцөлдсөн ч ав чадаагүй байна. Түүний хувьд жуулчны бааз ангиллаас 800 сая төгрөгийн зээл авахаар шийдэж, тавигдаж буй үндсэн шаардлагыг бүрэн хангаж байсан ч санхүүжилт дууссан гэх тайлбарыг авсан тухайгаа хуваалцлаа.
Тэрээр, "Манайх үйл ажиллагаа явуулаад дөрвөн жил болж байна. Орлого маань зээлдүүлэх даацаа дааж байгаа, барьцаалах хөрөнгө ч бий. Би Ч.Номин сайдыг анх мэдэгдэх үед нь зээл авч чадах юм байна гэж ойлгоод хүлээж байсан. Гэтэл зээл өгнө, өгөхгүй гэж явсаар нэлээд хойшилж байсан. Миний хувьд үйл ажиллагаагаа өргөжүүлж, бизнесээ томруулахын тулд банкнаас 1.6 хувийн хүүтэй, 6 жилийн хугацаатай нэг тэрбум төгрөгийн зээл авсан. Ингээд барилгын ажил, заслаа хийж байгаад зээл олгож эхлэхэд нь 800 сая төгрөгийн зээл хүсэхэд дахин санхүүжилт байхгүй гэсэн. Ер нь банкуудад төсөв орж ирээд хоёр гурав хоноод дууссан. Зээл олгохоосоо өмнө хүмүүсээс санал авч, шалгаруулдаггүй юм уу. Манайд бүх юм нь ийм муухай. Нээлттэй юм шиг мөртлөө цаагуураа хаалттай байдаг. Манайх шиг жижигхэн аж ахуй нэгжүүд өөрсдөө юм хийе, бүтээе гэхэд дэмжлэг олдохгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Бид залуу хүмүүс, хөрөнгөтний хүүхдүүд биш. Яг өөрсдийнхөө бор зүрхээр нийгэмдээ хувь нэмэр оруулж, үр хүүхдээ сайн сайхан авч явахын төлөө зүтгэж байхад хөнгөлөлттэй зээл нь олддоггүй. Би үнэхээр гайхаж байна. Бид бага хүүтэй зээл авч дарамтгүй ажилламаар байна. Өөр дээрээ жишээ авахад, яг одоо 1.8 тэрбумын зээлтэй. Хүүнд нь дарагдаж гарч чадахгүй, уранхай оймсоо ч сольж чадахгүй явж байна. Манайд тогтолцоо буруу байдаг. Тэр 250 тэрбум төгрөгөөс 800 сая төгрөг олдохгүй л байна шүү дээ. Хэн нь хаагуураа аваад дуусчхаж байгаа юм бүү мэд” гэв.