Open iToim app
Эдийн засаг | 9 мин уншина

Л.Гангэрэл: Гадаад зээллэгийн ашиглалтын тухай хууль батлагдсанаар нэгдсэн нэг төсөвтэй байх зарчим алдагдана

Нийтэлсэн 2026 оны 5 сарын 22
undefined
Засгийн газраас ирэх онуудын хөгжлийн төлөвлөгөө, төсвийн хүрээний мэдэгдэлийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж байна. Энэ асуудлаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Л.Гангэрэлтэй ярилцлаа.
-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өгсөн дүгнэлтийн хамгийн гол анхааруулга юу байсан бэ. Өнөөгийн төсвийн бодлогын хамгийн том эрсдэлийг та юунд харж байна вэ?
-Манай Төсвийн тогтвортой байдлын зөвлөл өөрийн чиг үүргийн дагуу дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд дүгнэлтээ өглөө. Энэ дүгнэлтэд дараах асуудлууд дээр анхаарал хандуулах шаардлагатай гэж үзсэн.
Нэгдүгээрт, төсвийн нийт болон урсгал зардлын өсөлтийг хязгаарлах шаардлагатай байна. Төсвийн нийт болон урсгал зардал  2021 оноос эхлэн огцом  өссөн бөгөөд сонгуулийн жил болох 2024 онд төсвийн нийт зардал нь ДНБ-ий 38.0 хувьд хүрч өссөн байдаг. Дараа нь төсвийн зарлагын өсөлт 2025 онд 3.2 хувь, 2026 онд 4.5 хувь болсон боловч 2027 оны төсвийн зарлага 2026 оны батлагдсан төсвийн зарлагаас даруй 1.9 их наяд төгрөгөөр буюу 10.7 хувийн  өсөлттэй байхаар төлөвлөж байна. Энэ нь 2027 оны төлөвлөж буй ДНБ-ны бодит өсөлт болох 5.8 хувиас даруй 1.8 дахин их байгаа юм. Уг нь бол төсвийн зохистой бодлогоор төсвийн нийт зардлын өсөлт ДНБ-ын бодит өсөлтөөс хэзээ ч хэтэрч болохгүй.
Хоёрдугаарт, уул уурхайн салбар болон манай экспортын орлогын гол хэсгийг бүрдүүлдэг нүүрс, зэсийн үнэ болон биет хэмжээний таамаглалаар зэс ерөнхийдөө нийцтэй байгаа. Гэтэл нүүрсний төсөвт тооцох үнэ 2027 онд 98 ам доллар, 2028 онд 92 ам доллар, 2029 онд 90 ам доллар гэж тооцоолсон байна. Биет хэмжээ нь 100, 105, 110 тонныг харгалзан нийцүүлнэ гэж төсөөлсөн. Тэгэхээр үнийн хувьд хэтэрхий өөдрөг төсөөлөл хийгээд байна уу гэж бодогдож байна. Өнгөрсөн онд нүүрсний экспортын дундаж үнийг 70 ам.доллароор төсөөлсөн ч гүйцэтгэл нь 64 ам.доллар байсан. Сая Ираны дайнтай холбоотой нүүрсний үнэ өссөн. Нүүрсний ассоциацийн таамаглалаар үнэ 2025 оны үеэс доошлохгүй ч 70 гаруй байна гэж байгаа. Гэтэл яагаад ийм өндрөөр төсөөлөв. Мөн биет хэмжээний хувьд үнэхээр 100 сая тонныг экспортлох боломж байгаа юу. Энэ асуудал худалдан авагч тал болох  Хятад улсаас маш их хамаарна. Дүгнээд хэлэхэд нүүрсний үнийг яагаад ингэж өндрөөр төлөвлөснөө ЭЗХЯ, УИХ дээр бодит тоо баримттай тайлбарлах шаардлагатай.
Гуравдугаарт, Ираны дайн болон бусад геополитикийн асуудлуудаас үүдэн түлш шатахууны үнэ цаашид өсөх, инфляц болон гадаад валютын ханшинд хүчтэй дарамтууд ирэх эрсдэлүүд байна.   
-Зөвлөлийн дүгнэлтэд “эдийн засаг дахь төрийн оролцоо өндөр хэвээр байна” гэж онцолсон. Монгол Улсад төсвийн зарлагын хэмжээ эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх босгыг давсан гэж үзэж байгаа юу?
-Эдийн засаг дахь төрийн оролцоог хэмждэг гол үзүүлэлтүүдийн нэг нь төсвийн нийт зардлын ДНБ-д эзлэх хувь байдаг. Энэ харьцааг 2027-2029 онуудад 31.9 хувиас буурч 28.6 хувь хүртэл байхаар төсөөлсөн байна. Гэтэл Монголтой ижил төстэй хөгжиж буй 26 орон дээр хийсэн судалгаагаар энэ харьцаа 27.0 хувьтай байвал зохистой байна  гэж гарч ирсэн. Тэгэхээр төсвийн зарлага өндөр хэвээр, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх босгыг давж, инфляцыг өдөөх хэмжээнд байна гэж дүгнэж болно.
-Сүүлийн жилүүдэд төсвийн урсгал зардал эрчимтэй өссөн талаар дурдсан байна. Ялангуяа ямар төрлийн зардлууд төсөвт хамгийн их дарамт үүсгэж байна вэ? Үүнийг бууруулах бодит боломж бий юу?
-Манай ТТБЗ-н хийсэн тооцооллоор урсгал зардлын өсөлт 2020 онд 31.6 хувьд хүрээд тэрнээс цааш энэ өсөлт буурч байснаа 2024 онд энэ өсөлт дахиад 31:5 хувь болж огцом өссөн. Төсвийн урсгал зардлын дундаж өсөлт 2020-2024 онуудад 26.2 хувь байсан бол нэрлэсэн ДНБ-ний өсөлт 17 хувь байсан. Хэрэв энэ өсөлтийн хандлага цааш үргэлжилбэл 2028 он гэхэд урсгал зардлын ДНБ-д эзлэх хувь 30.0 хувьд хүрч төсвийн тусгай шаардлагаа хангаж чадахгүйд хүрнэ. Энэ урсгал өсөлтөд хамгийн их жин дарж буй зардлууд нь цалин болон урсгал шилжүүлэг юм. Цалингаар авч үзэхэд энэ жилийн төсөвт эмч  нарын цалингийн нэмэгдэлд 150 тэрбум, багш нарын цалингийн нэмэгдэлд 822.0 тэрбум төгрөгийг нэмж зарцуулахаар байна. Энэ нь 2026 оны төсвийг тодотгох гол шалтгаануудын нэг болж байна. Тэгэхээр урсгал зардлаа эрс бууруулах шаардлага үнэхээр тулгарч байна. Урсгал зардлыг бууруулах боломж зөндөө байгаа. Би хоёрхон санал хэлье. Төрийн албан хаагчдын тоо нийт ажиллах хүчний 13.2 хувийг эзэлж байна гэсэн тоо гарсан. Энэ нь хөгжсөн орнуудын дундажтай харьцуулбал даруй 2.2 дахин илүү байгаа. Тэгэхээр хувийн хэвшилдээ бизнесийн эрх чөлөөг нь тултал олгож, төрийн албанд том хэмжээний цомхотгол явуулан, төрийн албанаас чөлөөлөгдсөн хүмүүсийг хувийн хэвшил рүү шилжүүлэх арга хэмжээг авах. Хоёрт, ядахдаа эхний ээлжид аймагтайгаа маш ойрхон сумуудыг татан буулгаж аймгийн төвтэй нь нийлүүлэх. Үүгээр нэлээн их төсвийн зардал хэмнэгдэнэ. Цаашлаад бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу гаргаж ирсэн эдийн засгийн төвлөрөл бий болгох сумуудаа авч үлдээд бусад сумуудаа тэдгээр сумуудтай нэгтгэх. Цаашлаад сайн судалгаа тооцоо хийвэл нэмэлт хөрөнгө оруулалт, зардал шаардахгүйгээр төсвийн зардлыг бууруулах захиргааны шинжтэй маш олон шийдвэрүүдийг гаргаж болохоор байгаа.
-Дүгнэлтэд “хос алдагдал” буюу төсөв болон төлбөрийн тэнцлийн зэрэг алдагдлын эрсдэлийг анхааруулжээ. Энэ нөхцөл Монголын эдийн засагт ямар сөрөг үр дагавар авчрах вэ?
-Манай зөвлөлөөс дэлхийн гадаад нөхцөл байдлаас шалтгаалан төсөв болон төлбөрийн тэнцлийн хос алдагдал оны эцэст үүсэж мэдэхийг анхааруулсан. Зөвхөн оны эхний дөрвөн сарын байдлаар 1.4 их наядын төсвийн алдагдалтай буюу ДНБ-н 1.3 хувьд хүрчхээд байна. Хэрэв хос алдагдалтай гарвал энэ нь ханшид дарамт ирэх, төсвийн алдагдал улам ихсэх, төсвийн орлого төлөвлөсөн хэмжээндээ хүрээгүйн улмаас ЗГ-н өр нэмэгдэх, улмаар зээлжих зэрэглэл  буурах зэрэг сөрөг үр дагавруудыг авчирч ирж болно.
-Төсвийн тодотголын практик дээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахыг зөвлөл шүүмжилсэн. Энэ өөрчлөлт төсвийн сахилга батад ямар эрсдэл авчирна гэж үзэж байна вэ?
-Уг нь энэ хууль маань нэрнээсээ авахуулаад л Төсвийг тогтвортой байхад чиглэгдсэн, байнга өөрчлөлт хийгээд байж болохгүй ийм төсвийн харилцааг зохицуулсан суурь хуулиудын нэг. УИХ-аас 2010-2025 оны хооронд энэ хуульд нийт 22 удаа өөрчлөлт хийсэн байдаг. Төсвийн тодотголыг аль болох хийлгэхгүй, төсвөө анхнаас нь эрсдэлээ сайтар зөв тооцоолж оруулж ирүүлэхийн үүднээс төсвийн дунд хугацааны хүрээний мэдэгдлийг баталснаас хойш 3 сарын дотор төсвийн тодотгол хийж болохгүй гэсэн чагт заалтыг оруулж өгсөн байдаг. Гэтэл энэ чухал заалтыг авч хаях хуулийн төсөл орж ирж байгаа. Энэ асуудал дээр манай Төсвийн зөвлөл шүүмжлэлтэй байр суурьтай байгаа. Хэрэв энэ өөрчлөлт хийгдвэл цаашид төсвийг олон дахин тодотгодог байх, төсвийн сахилга бат алдагдах, улмаар төсвийн урсгал зардлыг ихэсгэх зорилгоор төсвийг тодотгож оруулж ирэх жишиг тогтох аюул байгаа. Жишээ нь манай гаргасан судалгаагаар 2011 оноос 2025 он хүртэл хийгдсэн төсвийн тодотголуудын үр дүнд төсвийн орлогыг 3.2 их наяд төгрөгөөр бууруулж, төсвийн урсгал зардлыг 7.1 их наяд төгрөгөөр өсгөсөн мөртлөө төсвийн хөрөнгө оруулалт ердөө 403.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байдаг. Ингээд нийт дүндээ төсвийн алдагдлыг 10.6 их наяд төгрөгөөр өсгөсөн байна. Үүнээс харахад төсвийн тодотгол маань төсвийн урсгал зардлыг ихэсгэхэд гол нь чиглэж байжээ гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр хөгжсөн орнуудын жишгээр ЗГ нь УИХ-аас баталсан төсвийн хязгаар дотроо төсвийн зардлын зүйл ангиудаа хооронд нь шилжүүлэх, орлогыг нэмэгдүүлэх гэх мэт төсвийн нэмэлт өөрчлөлтийг заавал УИХ дээр төсвийн тодотгол хийх байдлаар оруулж ирэхгүйгээр өөрийн эрх мэдлийн хүрээнд хийж болдог хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар судалгаа хийх шаардлагатай.
-Нүүрс, зэсийн үнийн төсөөлөл бодит зах зээлийн нөхцөлөөс өндөр байна гэж дүгнэсэн. Хэрэв түүхий эдийн үнэ төсөөллөөс доогуур байвал Монголын төсөвт ямар дарамт үүсэх вэ?
-Хэрэв түүхий эдийн үнэ төсөөллөөс доогуур байвал төсвийн орлого дутах, үүний улмаас төсвийн алдагдал ихсэх, цаашлаад ЗГ-н өр ихэсч, гадаад валютын ханшийн дарамт ирэх аюул бий. Зөвхөн цөөхөн хэдэн дарамтыг дурдахад ийм байна.
-Ойрын 2-3 жилд Монгол Улс макро эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалахын тулд Засгийн газар төсвийн бодлогын хүрээнд юунд хамгийн түрүүнд анхаарах ёстой вэ?
-2020-2024 онд тухайн үеийн Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулсан Төсвийн реформ хийх ажлын хэсэг байгуулагдаж Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэх мэт төсвийн харилцааг зохицуулсан органик хуулиудад төсвийн бодлогод томоохон ахиц гаргах өөрчлөлтүүдийг хийсэн. Тэрнээс хойш энэ төсвийн реформын асуудал маань үндсэндээ зогсож төсвийн тусгай шаардлагадаа дэлхийн жишгээс гажсан өөрчлөлтүүдийг оруулж нэг талаараа энэ талын бодлогод ухралт гараад байна. Хувь эдийн засагчийн хувьд цаашид төсвийн бодлогын чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг авмаар байна. Нэгт, төрийн албан хаагчдын тоог эрс цөөлж төрийн албан хаагчдын нийт ажиллах хүчинд эзлэх хувийг 6 хувьд хүргэх.
Хоёрт: бүсчилсэн хөгжлийн бодлогынхоо дагуу зоригтойгоор сумдын тоогоо эрс цөөлөх.
Гуравт: төрийн болон орон нутгийн өмчит компанийн тоог эрс цөөлж, засаглалыг нь олон улсын жишигт аваачин нээлттэй хувьцаат компани болгох.
Дөрөвт: гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиа гадаадын хөрөнгө оруулагчдад маш нээлттэй, эерэг байхаар маш богино хугацаанд өөрчлөх.
Тавт: ашигт малтмалын тухай хуулиндаа гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхүйц, хайгуулын ажлыг дэмжсэн, зэсийн АМНАТ-аа олон улсын жишигт аваачсан, чухал ашигт малтмалын жагсаалтаа албан ёсоор зарлах гэх мэтээр томоохон бодлогын өөрчлөлт хийсэн өөрчлөлтийг нэн даруй хийх.
Зургаад: нийгмийн даатгалын салбар тэр дундаа тэтгэврийн даатгалдаа маш том реформын өөрчлөлт хийх. Долоод төсвийн урсгал зардлыг автоматаар өсгөөд байгаа хуулийн заалтуудаа эргэн харж зохих өөрчлөлтийг  хийх, багш, эмч гэх мэт төрийн албан хаагчдын тодорхой нэг бүлгийн  цалинг сугалж татан нэмэх биш системээр нь авч үзэн төрийн албан хаагчдын нэгдсэн цалингийн шатлалын системийг хийх.
-Гадаад өр, гадаад зээллэг ашиглах асуудал УИХ дээр нэлээн анхаарал татсан асуудал болж байна. Зээл нь байхад ашиглах боломжгүй байна гэдэг асуудлыг хэлж байгаа. Гадаад зээллэгээ их хэмжээгээр ашиглах нь эрсдэлтэй юу. Нөгөөтээгүүр ашиглахгүй тохиолдолд нөгөө том төслүүд үнэхээр удаашрах эрсдэлтэй юу?
-Өнгөрсөн онд 2026 оны төсвийг батлах үед гадаад зээллэг авах огт шаардлагагүй эсвэл авахаа хойшлуулж болох олон төсвийн хөрөнгө оруулалтын төслүүд байсан. Гэтэл эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой төслүүд дээрээ төвлөрч жилдээ авах санхүүжилтээ хангалттай хэмжээнд төсөвлөж авахын оронд маш олон гадаад зээллэгийн төслүүдийг нэг дор зэрэг эхлүүлснээс энэ асуудал үүсэлтэй. Энэ нь манай улсын гадаад зээллэгээр хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийн төлөвлөлт, гүйцэтгэл ямархуу түвшинд явж байгааг бүрэн харууллаа.   Хэрэв энэ гадаад зээллэгийн ашиглалтын тухай хууль батлагдвал улсын төсөв хоёр болж задарч нэгдсэн нэг төсөвтэй байх зарчим алдагдаж, гадаад өрийн хэмжээ ихсэх гэх зэрэг олон сөрөг үр дагавруудыг авчирч ирнэ. Тэгэхээр Сангийн яамнаас газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн гүйцэтгэлийг хурдасгахын тулд одоо явж байгаа зарим төслүүдээ хойшлуулах, зарим шаардлагагүй төслийн санхүүжилтийг бүр зогсоох, зарим гадаад зээллэгээр хэрэгжиж байгаа төслийн зарим санхүүжилтийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжийг судлах гэх мэтээр дотоод нөөц бололцоогоо шавхаж ажиллах нь зүйтэй гэж бодож байна.
Эцэст нь хэлэхэд төсөв дээр реформын шинжтэй арга хэмжээнүүдийг цаг алдалгүй яаралтай авах цаг болсон байна. Цаашид төсөв маань зардлын ачааллаа дийлэхээ больсон. Энэ нь ч дээр хэлсэн тоо мэдээнүүдээр бүрэн нотлогдож байгаа. Тэгэхээр ярих биш бодитой алхмуудыг УИХ, ЗГ-аас хийх хэрэгтэй.
 -Ярилцсанд баярлалаа.
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн