Open iToim app
Нийгэм | 5 мин уншина

Улаанбаатар марафон-2026: Гүйлтийн 5 км-ийн төрөлд маршрут өөрчлөгдөж, усны цэгийг нэмэгдүүлжээ

Улаанбаатар марафон-2026:  Гүйлтийн 5 км-ийн төрөлд маршрут өөрчлөгдөж, усны цэгийг нэмэгдүүлжээ
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн зохион байгуулалт болон бусад асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. 
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн тэмцээний бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд энэ жилийн марафонд нийт 46 мянга гаруй иргэн бүртгүүлээд байна. Үүнээс 5 км-ийн төрөлд 23 мянга гаруй хүн бүртгүүлсэн нь өмнөх жилүүдээс эрс өссөн үзүүлэлт болсон тул зохион байгуулагчид маршрутад нь өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, 5 км-ийн гүйлтийн гарааг МУИС-ийн урдаас эхлүүлж, Сансарын туннелээр дамжин баруун эргэж, Зүүн дөрвөн замаар Энхтайвны өргөн чөлөөгөөр гүйж барианд хүрэхээр шинэчлэн зохион байгуулсан байна. Бүртгэлийн тоо тавдугаар сарын 1 гэхэд 19 мянгаар нэмэгдсэн нь энэхүү өөрчлөлтийг хийх үндсэн шалтгаан болжээ.
Марафоны төрлүүдийн гарааны цагийн хуваарь дараах байдлаар батлагдсан байна. 42 км-ийн гүйлт өглөөний 07:00 цагт Соёлын төв өргөөний баруун талаас эхлэх бол 21 км болон 10 км-ийн төрлүүд 08:30 цагт гарах юм. Харин 5 км-ийн төрөл 13:30 цагт МУИС-ийн урдаас эхлэх бөгөөд 1.5 км-ийн гүйлт 15:00 цагт, гэр бүлийн ангиллын 1.5 км-ийн гүйлт 15:30 цагт тус тус гарах юм. Мөн тусгай олимпийн 800 метрийн төрөл 16:00 цагт Соёлын төв өргөөний урдаас, 500 метрийн төрөл 16:10 цагт Улаанбаатар зочид буудлын урдаас эхлэхээр төлөвлөжээ.
Энэ жилийн марафон олон улсын “V” ангиллын сертификат авсантай холбоотойгоор гадаадын экспертүүд хүрэлцэн ирж, замын зохион байгуулалт болон цаг хэмжилтийн чипийн ажиллагаанд хяналт тавьж байгаа юм. Мөн Дэлхийн болон Азийн хөнгөн атлетикийн холбооны төлөөлөгчид 42 км, 21 км-ийн маршрутыг олон улсын стандартын дагуу хэмжиж баталгаажуулсан байна. Энэ жил ус түгээх цэгийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулжээ. Өмнө нь 5 км-ийн төрөлд зөвхөн төв талбайд усны цэг байсан бол энэ жил нэмэлтээр нэг цэг байгуулж, Сансарын туннелээс өгсөн Зүүн дөрвөн зам руу уруудах уулзварын хоёр талд ус түгээх цэг байрлуулахаар болсон байна.
“Алхам бүр ёс зүйтэй, амжилт бүр үнэ цэнэтэй” уриан дор зохион байгуулагдах энэ удаагийн марафонд нийт 100 шүүгч, 2500 сайн дурын ажилтан ажиллах бөгөөд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од урилгаар оролцохоор болжээ.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар: Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Улаанбаатар марафон-2026” үеэр гурван чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэл хангасан. Энэ хүрээнд суурин таван цэгт нийт 31 мэргэжилтэн ажиллах бөгөөд үүнээс гадна таван явуулын баг хөдөлгөөнт байдлаар үйлчилгээ үзүүлэх юм. Мөн энэ жил өнгөрсөн оноос хүний нөөцөө нэмэгдүүлсэн байгаа. Тухайлбал, төв талбай орчмын ажиллах мэргэжилтнүүдийн тоог 31-ээр нэмэгдүүлж, нийтдээ 152 хүний бүрэлдэхүүнтэйгээр тусламж үйлчилгээ үзүүлэхээр болсон. Ялангуяа 21 км-ийн зайн төрөлд эрэлт хэрэгцээ илүү байдаг тул энэ хэсэгт 24 мэргэжлийн эмч хөдөлгөөнт байдлаар ажиллахаар болсон.
Идэвхтэй дасгал хөдөлгөөн нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал алхам бөгөөд эрүүл ирээдүйн үндэс юм. Өнгөрсөн жилийн марафоны үеэр нийт 382 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсний 60 гаруй хувь нь шөрмөс татсан тохиолдол байсан. Үүний дараа зүрх судасны шалтгаант зовуурь 7 хувь, амьсгалын замын асуудал 4 хувийг эзэлсэн. Мөн марафонд оролцогчдын гаргадаг түгээмэл алдаа нь ус бага уух, гараанаас хэт өндөр хурдаар эхлэх, өлөн гүйх, кофе зэрэг сэргээш хэрэглэх, шинэ пүүзтэй оролцох, барианд ормогцоо шууд суух зэрэг алдаа хамгийн түгээмэл байдаг. Тиймээс гүйлтийн үеэр амьсгал давчдах, толгой эргэх, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай суурин тусламжийн цэгт очиж, эмч мэргэжилтнүүдэд хандах хэрэгтэй.
Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Г.Отгонтамир: Иргэд замын хөдөлгөөний хязгаарлалттай холбоотой мэдээлэлтэй сайтар танилцах хэрэгтэй. “Улаанбаатар марафон-2026” болох өдөр буюу тавдугаар сарын 23-нд өглөөний 06:00 цагаас оройн 19:00 цаг хүртэл тодорхой маршрутуудад замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах юм. Хөдөлгөөн хаасан бүсэд ямар ч төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй бөгөөд зөвхөн түргэн тусламж, онцгой байдал, цагдаагийн байгууллагын автомашинууд албан үүргийн хүрээнд зорчино.
Мөн марафоны бүсчлэл рүү скүүтер, мопед нэвтрүүлэхгүй байхаар зохицуулалт хийнэ. Энэ талаар түрээсийн скүүтер, мопедны үйлчилгээ эрхэлдэг долоон байгууллагад албан ёсоор мэдэгдсэн. Түүнчлэн тавдугаар сарын 23-нд шар бүс дотор автомашинтай зорчих боломжгүй учир иргэд урьдчилан зохицуулалт хийх шаардлагатай юм. Хэрэв тухайн өдөр төлөвлөсөн чухал ажилтай бол тавдугаар сарын 22-ны дотор автомашинаа шар бүсээс гаргаж, өөр байршилд байрлуулах хэрэгтэй.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хэлтсийн дарга Л.Амармөрөн: Марафоны үеэр олон хүн нэгэн зэрэг гараанаас гарч гүйдэг учир оролцогчдын аюулгүй байдлыг хангах чиглэлд ажиллах болно. Энэ хүрээнд зөвхөн зохион байгуулагчид бус иргэд ч мөн хамтран ажиллах шаардлагатай. Мөн марафоны өдөр олон хүн төвлөрдөг тул халаасны хулгай болон бусад төрлийн гэмт хэрэг гарах эрсдэл нэмэгддэг. Тиймээс иргэд хувийн эд зүйлдээ анхааралтай хандаж, бага насны хүүхдүүддээ хараа хяналтаа сайтар тавих хэрэгтэй. Өнгөрсөн жилийн марафоны үеэр таван хүүхэд төөрсөн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд цагдаагийн байгууллагын алба хаагчид хүүхдүүдийг олж, эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн. Түүнчлэн уралдааны зам дагуу цагдаагийн алба хаагчид хамгаалалт авч ажиллах тул мопед, скүүтертэй иргэд болон явган зорчигчид марафонд оролцож буй хүмүүсийн замд саад учруулахгүй байхыг анхааруулж байна.
Нийтийн тээврийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ш.Оюумаа: “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн үеэр нийтийн тээврийн 55 чиглэлийн 506 тээврийн хэрэгслийн маршрутад түр хугацааны өөрчлөлт орох юм. Энхтайваны өргөн чөлөө болон Нарны замын хөдөлгөөнийг хаах тул нийтийн тээврийн ихэнх чиглэл Их тойруугаар зорчихоор зохицуулалт хийсэн.
Харин оройн 18:00 цагаас эхлэн замын хөдөлгөөнийг үе шаттайгаар нээж, нийтийн тээврийн хэрэгслүүд үндсэн чиглэлдээ шилжин үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлэх юм. Мөн марафоны өдөр Ч-63, Ч-71, Ч-71А, Ч-84, Ч-78 чиглэлүүд огт үйлчлэхгүй тул иргэд зорчих маршрутаа урьдчилан төлөвлөх шаардлагатай юм.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн