Open iToim app
Эдийн засаг | 4 мин уншина

С.Баатарсүрэн: Хөгжлийн банкны чанаргүй зээл их, өөрийн хөрөнгийн дутагдалд орсон байсан

С.Баатарсүрэн: Хөгжлийн банкны чанаргүй зээл их, өөрийн хөрөнгийн дутагдалд орсон байсан
Нийтэлсэн 8 минутын өмнө
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэнтэй ярилцлаа.
-Та Хөгжлийн банкны захирлаар томилогдоод хагас жил орчим болж байна. Энэ хугацаанд хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өгөөч?
-Ажлаа аваад тав, зургаан сар болж байна. Манай банкны тухайд та бүхний мэдэж байгаачлан санхүүгийн хүндрэлтэй байсан. Өнгөрсөн хугацаанд Засгийн газартай хамтраад Хөгжлийн банкны эрсдэл даах чадвар буюу өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх ажлыг хийлээ. Цаашдаа үндсэн бизнесийнхээ үйл ажиллагааг сэргээх, эрчим хүч, дэд бүтцийн чиглэлийн томоохон төслүүдэд санхүүжилт өгөх ажлаа эхлүүлж байна. Мөн гаднын зах зээл дээрээс татан төвлөрүүлсэн бондынхоо зардлыг бууруулах чиглэлээр нэлээд ажил төлөвлөөд ажиллаж байгаа.
Хамгийн сүүлд Засгийн газар Монголбанкны авч хэрэгжүүлсэн ногоон зээлийн хугацааг уртасгаж, хөрөнгө оруулалтын зээлийн ангилалд оруулсан шийдвэрийн хүрээнд манай банк гурван төрлийн сан байгуулсан.
  1. Орлогод нийцсэн эко орон сууцны сан
  2. Бүсийн ногоон хөгжлийн сан
  3. Хувийн хэвшлийн ногоон хөгжлийн санг байгуулсан.
Эдгээр сангуудаас Орлогод нийцсэн, эко орон сууцны сан энэ 7 хоногт арилжааны банкуудтай хамтарч ажиллах ажлаа эхлүүлнэ. Бүсийн ногоон хөгжлийн сан бол бүсчилсэн хөгжлийг дэмжих, хүртээмжтэй зээл, санхүүжилтийн бүтээгдэхүүнийг орон нутгийн малчид, бизнес эрхлэгчдэд олгох зорилготой. Энэ санг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. Энэ гурван сангаар дамжуулаад 230 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан байгаа. Энэ хөрөнгө оруулалт бусад олон улсын санхүүгийн байгууллагуудын ногоон хэгжилд чиглэсэн хямд өртөгтэй, холимог эх үүсвэртэй санхүүжилт. Эхний ээлжид 500-600 сая ам.долларын хөрөнгө оруулалтын нөөц боломж бий болж байгаа. Энэ хөрөнгө оруулалтыг бид арилжааны банкуудаар дамжуулаад зорилтот хэсэгтээ олгоно. Товчоор хэлбэл, бид арилжааны банкуудад ногоон хөгжилд чиглэсэн хөнгөлөлттэй эх үүсвэрийг өгнө гэсэн үг. Энэ эх үүсвэрээр арилжааны банкууд зорилтод хэрэглэгчдэдээ хөнгөлөлттэй зээл олгоно.
-Таныг ажил авахад банкны санхүү хүнд байсан гэлээ. Чанаргүй зээлийн хэмжээ буурч байна уу. Эргэн төлөгдөөгүй тэрбум гаруй зээлийн үлдэгдэл байсан. Энэ буурсан уу?
-Хөгжлийн банкинд гурван асуудал байна. Нэгд, чанаргүй зээлийн хэмжээ их нэмэгдсэнтэй холбоотойгоор өөрийн хөрөнгийн дутагдалд орсон. Энэ бол эрсдэл даах чадвар муудаж байна гэсэн үг. Хоёрт, үндсэн бизнесийн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор орлого олох чадвар муудсан. Нэг үгээр, урсгал алдагдал өндөр байсан. Гуравт, зээлийн эргэн төлөлт муу, чанаргүй зээлийн асуудал хүнд байгаа. Бизнесийн хувьд бид банкны өөрийн хөрөнгийг Засгийн газартай хамтраад нэмэгдүүлэх ажлыг хийсэн гэж дээр хэлсэн. Одоо үндсэн бизнесийн үйл ажиллагааг сэргээх буюу орлогыг сайжруулах, эх үүсвэрийн зардлыг бууруулах ажлыг хийнэ.
Харин чанаргүй зээлийн асуудал хүндрэлтэй хэвээр байгаа. Гэхдээ энэ нь Хөгжлийн банкнаас хамаарахгүй хууль, шүүхийн процессууд явдаг. Энэ бүх ажил дээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Огт төлөгдөхгүй байгаа юм уу, төлөлт зогссон гэдэг ойлголт байхгүй. Тодорхой хэмжээгээр төлөлт хийгдэж байгаа. Гэхдээ процесс удаан, хугацаа орж байгаагаас гадна үндсэн өрнөөс төлөгдөж байгаа хэмжээ нь бага байна.
-Чанаргүй зээлийн үлдэгдэл хэд байгаа вэ?
-1.2 их наяд төгрөг байна.
-Чанаргүй зээлээс хураагдсан хөрөнгүүд Хөгжлийн банк дээр байсан. Тухайлбал Шинэ яармаг хорооллыг хурааж авсан ч зарж борлуулаагүй байсан. Энийг зарж, мөнгөө гаргаж авах ажлыг банк өөрөө хийх үү?
-Зээлийн барьцаанд байгаа хөрөнгүүд бий. Хуулийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шугамаар албадан дуудлага худалдаагаар зарагддаг. Энэ ажлууд бол хийгдэж байгаа. Яг банкны мэдэлд ирсэн буюу өмчлөх бус үл хөдлөхөөр бүртгэгдсэн хөрөнгүүд бий. Үүнийг хөрөнгийн хэмжээнээс хамаараад банк өөрөө худалдан борлуулах үүрэгтэй. Энэ ажлыг хийж байгаа. Та бүхний мэдэж байгаа Хөжлийн банкинд бүртгэлтэй өмчлөх бус үл хөдлөх хоёр том хөрөнгө бол Шинэ яармаг хороолол, Гантиг вилла гээд хоёр төсөл бий. Гантиг вилла төслийн хүрээнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн ахалж байгаа Төрийн өр, авлагыг барагдуулах ажлын хэсэг дээр нэлээд ажил хийж байгаа. Үүний хүрээнд Гантиг вилла төслийн хэрэгжилтэд шалгалт хийж байна. Шалгалтын үр дүнгээс хамаараад дараагийн шийдвэрийг гаргана. Шинэ яармаг төслийн тухайд өнгөрсөн сард тухайн төслийг дуусгаад, худалдан борлуулах нээлттэй сонгон шалгаруулалтын зар тавьсан. 10 гаруй байгууллага хүсэлтээ ирүүлсэн. Энэ байгууллагуудтай уулзалт хийх, үнэлгээ хийх, ямар хэлбэрээр төслийг хэрэгжүүлэх вэ гэдэг санал сонсож байна. Энэ төслүүдийг хэрэгжүүлээд дуусна.
Хөгжлийн банкны гол зорилго бол өмчлөх бус хөрөнгө буюу өр төлбөрт тооцож авсан хөрөнгийг удаан барих бус аль болох хурдан зарж, эргэлтэд оруулж, өр төлбөрөө барагдуулах.
-Газрын тос боловсруулах үйлдвэрт Хөгжлийн банк зээл олгож байсан. Одоо хэдий хэмжээний зээл аваад байгаа вэ. Хэзээнээс зээлээ эргэн төлөх вэ?
-Гаднын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүдийг хуулийн хязгаараас болоод зээлээ бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Тиймээс энэ төслүүдийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлье гэсэн асуудал яригдаж байгаа. Гэхдээ тодорхой шийдвэр гаргаагүй байна.
"Монголын газрын тос" төрийн өмчит компани манай зээлдэгч. Хөгжлийн банк зам, ажилчдын байр, орон сууц гэх мэт дагасан дэд бүтцийн санхүүжилтийг олгоод явж байгаа. Одоогоор 250 орчим тэрбум төгрөгийн зээл авсан. Эргэн төлөлт 2028 оноос хийгдэхээр байгаа. 
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Odnoo Odnoo-facebookОдончимэг itoim-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн