Өмнөд Солонгос дахь Starbucks-ийн салбарын гүйцэтгэх захирал 1980 оны ардчиллыг дэмжигчдийн эсрэг явуулсан цэргийн харгис ажиллагааны гашуун дурсамжийг сэргээсэн гэх шүүмжлэл дагуулсан маркетингийн кампанит ажлын дараа албан тушаалаасаа огцорлоо.
АНУ-ын кофены сүлжээний Өмнөд Солонгос дахь үйл ажиллагааг эрхлэн явуулдаг жижиглэн худалдааны конгломерат Shinsegae Group “зохисгүй маркетинг” явуулсан гэх үндэслэлээр Starbucks Korea-ийн захирал Сон Жон Хёныг ажлаас нь чөлөөлснөө мэдэгдсэн байна.
Starbucks даваа гарагт “Tank” нэртэй термос, аяганы цувралаа сурталчилсан “Tank Day” кампанит ажлаа эхлүүлснээс хэдхэн цагийн дараа түүнийг ажлаас нь халжээ. Энэ өдөр 1980 оны тавдугаар сарын Гванжугийн ардчиллын бослогыг дурсах Ардчиллын хөдөлгөөний өдөртэй давхацсан бөгөөд уг кампанит ажил Өмнөд Солонгост хүчтэй шүүмжлэл дагуулсан байна. Үүний улмаас тус компани сурталчилгаагаа цуцалсан байна.
1980 онд цэргийн дэглэмийн удирдагч Чон Ду Хван жагсагчдыг дарахаар цэрэг, танк оруулсны улмаас хэдэн зуун хүн амь үрэгдэж эсвэл сураггүй болсон гэж үздэг. Жагсагчид руу гал нээх тушаалыг хэн өгсөн зэрэг олон асуудал өнөөг хүртэл бүрэн тодорхой болоогүй байна. Чон Ду Хван ардчиллыг шаардах хөдөлгөөн хүчтэй өрнөснөөр 1988 онд албан тушаалаасаа огцорч байв.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён даваа гарагт X хуудсандаа Starbucks-ийн кампанит ажлыг хараад “уур хүрсэн” гэж бичээд, бослогын үеэр амиа алдсан хүмүүсийн ар гэрээс уучлалт гуйхыг шаарджээ. Тэрээр уг сурталчилгаа нь “Гванжугийн иргэдийн цусаар бичигдсэн тэмцэл болон хохирогчдын нэр төрийг гутаасан” гэж мэдэгдээд, үүнийг “ёс суртахуунгүй наймаачны үйлдэл” хэмээн тодорхойлсон байна.
Starbucks Korea өөрийн цахим хуудсанд уучлалт хүссэн мэдэгдэл нийтэлсэн бол Shinsegae Group-ийн тэргүүн Чон Ён Жин мөн олон нийтээс уучлалт хүсжээ. Starbucks Global мягмар гарагт мөн мэдэгдэл гаргаж, болсон явдалд харамсаж байгаагаа илэрхийлээд мөрдөн шалгалт эхлүүлсэн гэжээ. Түүнчлэн ийм явдал дахин давтагдахгүй байх үүднээс дотоод хяналт, шалгуур болон компанийн хэмжээнд сургалтаа чангатгаж байна гэжээ.