Баян-Өлгий аймгийн Эмпати сургуулийн 12-р ангийн сурагч Д.Абдуллатай ярилцлаа. Тэрээр олон улсын 20 гаруй шилдэг их сургуулиас урилга авч, нийт 4.9 тэрбум төгрөгийн тэтгэлгийн санал авсан өндөр амжилт гаргажээ. Улмаар дэлхийн шилдэг их сургуулиудын нэг, олон улсын чансаагаар топ 250-д эрэмбэлэгддэг БНХАУ-ын Бээжингийн Технологийн Их Сургуульд олон улсын бизнес, эдийн засгийн чиглэлээр суралцахаар болжээ.
-20 сургуулиас нийт 4.9 тэрбум төгрөгийн тэтгэлэг хүртсэн мөчид хамгийн түрүүнд юу бодогдсон бэ?
-20 гаруй их сургуулиас урилга авах мөч үнэхээр онцгой санагдсан. Урт хугацаанд хичээж, хөдөлмөрлөснийхөө үр дүнгээ бодитоор мэдэрч, маш их баярласан. Тэр мөчид намайг үргэлж дэмжиж, урам өгч байсан гэр бүл, найз нөхөд, багш нар хамгийн түрүүнд санаанд орж, сайхан мэдээгээ хуваалцсан даа.
-Таны энэ амжилтад хүрэх зам анх хаанаас эхэлсэн бэ, өөрийгөө хэрхэн бэлдсэн бэ?
-Анх гадаадын их сургуулиудад өргөдлөө явуулна гэж төлөвлөөд, 11-р ангиасаа шалгалтууддаа бэлдэж эхэлсэн. IELTS-аа аль болох эрт өгвөл давуу талтай гэж сонссон болохоор нэлээд эртнээс бэлдээд, 11-р анги төгсөн зун шалгалтаа өгсөн. Тэгээд наймдугаар сараас эссэгээ бичиж эхлээд, ямар улсын ямар их сургуулиудад өргөдөл явуулах вэ, тэтгэлгийн боломж нь ямар байдаг вэ гэдгийг судалж үзсэн. Ингээд аравдугаар сар гэхэд эссэгээ бүрэн бичиж дуусгасан. Эхлээд Америкийн их сургуулиуд руу материалаа явуулж, дараа нь Хятадын их сургуулиуд руу явуулсан. Хятадын их сургуулиудын хувьд өргөдөл илгээх хугацаа нь арай хожуу байсан болохоор тэр хүртэл шаардлагатай бүх материалаа бэлдсэн. Ер нь нэлээд олон материал шаардсан. Жишээлбэл, эрүүл мэндийн хуудас, банкны хуулга, паспорт шинэчлэх зэрэг зүйлс хэрэг болсон.
-Бууж өгмөөр санагдах үе байсан уу. Тэр үед яаж даван туулдаг байсан бэ?
-Мэдээж бууж өгмөөр санагдах үе байсан. Тийм үедээ өөрийгөө жаахан амрааж, сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээдэг байсан. Найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэх, их сургуулийн өргөдөл зэрэг ажлуудаасаа түр завсарлага аваад өөртөө амралт өгдөг байсан. Ингэснээр өөрийгөө хэт ядраахгүй, хэт хүчлэхгүйгээр бага багаар урагшилсаар бүх ажлаа амжуулж чадсан.
-Таныг өнөөдрийн түвшинд хүргэсэн хамгийн том дадал юу байсан бэ?
-Миний хамгийн чухал дадал бол тууштай байдал гэж боддог. Нэг өдрийн дотор маш их зүйл амжуулах гэж өөрийгөө шахахаас илүүтэйгээр өдөр бүр бага багаар тогтмол хийх нь илүү үр дүнтэй санагдсан. Жишээлбэл, нэг өдөртөө зөвхөн эссэндээ төвлөрч, ямар хэсгүүд нь болохгүй байгааг багшаасаа асуудаг байсан. Тэгээд тэр өдөртөө засах хэрэгтэй зүйлсээ засна. Дараагийн өдөр нь дахин багшдаа шалгуулж, хэлсэн засваруудыг нь хийдэг байсан.
-20 сургуулийн өргөдөл бэлтгэх процессоос хамгийн хэцүү нь юу байсан бэ. Мөн эссэ бичихдээ өөрийнхөө ямар түүхийг чухал гэж үзсэн бэ?
-Өргөдөл бэлдэх явцад хамгийн хэцүү санагдсан зүйл нь Хятадын их сургуулиуд руу материалаа явуулах үе байсан. Өмнө хэлсэнчлэн Хятадын их сургуулиуд маш их материал шаарддаг учраас тэр бүхнийг бүрдүүлэх нь өөрөө том ажил болсон.
Харин эссэ бичихдээ өөрийн амьдралынхаа түүх, туршлагыг онцолж бичсэн. Ялангуяа сонгосон эдийн засаг, бизнесийн чиглэлтэйгээ холбож өөрийн хийж байсан бизнесийн туршлагаа оруулсан. Мөн 11-р ангид байхдаа гэрээсээ хол, өөр хотод амьдарч байсан үеийнхээ тухай бичсэн.
Миний хамгийн анхны бизнесийн туршлага гэвэл 8-р ангид байхдаа Хятадаас сагсан бөмбөгийн пүүз оруулж ирээд онлайнаар зарж байсан. Үүнээс гадна гэр бүлийнхээ бизнесийн фэйсбүүк, инстаграм хуудсуудыг ажиллуулж, маркетингийн ажлыг нь хийдэг.
-Яагаад Хятадын их сургуулийг сонгосон бэ. Мөн яагаад эдийн засгийн чиглэлээр суралцахаар шийдсэн бэ?
-Би бизнес, эдийн засгийн чиглэлээр сурахаар шийдсэн нь Монгол болон Хятадын эдийн засаг хоорондоо маш их холбоотой гэж боддогтой холбоотой. Тиймээс энэ чиглэлээр сурахад Хятад улс надад хамгийн тохиромжтой сонголт санагдсан. Мөн хэт хол явахыг хүсээгүй учраас хөрш орноо сонгосон.
Цаашдаа бизнес хийхэд Хятадын зах зээл, бизнесийн орчныг эртнээс ойлгож сурах нь хэрэгтэй гэж бодогдсон. Мөн хятад хэл сурчихвал ирээдүйн бизнес маань илүү өргөжиж, амжилттай явах боломжтой гэж харсан. Ер нь 8-р ангиасаа ирээдүйд бизнесийн хүн болно гэж өөртөө зорилго тавьсан байсан байгаа.
-Нэг өдөр хэрхэн өнгөрдөг байсан бэ. Олон ажлыг яаж зэрэг амжуулдаг байсан бол?
-Миний нэг өдөр хичээлээр эхэлнэ лээ. Хичээлээсээ тараад сагсан бөмбөгийн дугуйланд явна, дараа нь гэртээ ирээд гэрийн даалгавраа хийж, их сургуулийн өргөдөлдөө анхаардаг байсан. Хэрэв илүү цаг гарвал аль болох дотны хүмүүстэйгээ хамт цаг өнгөрүүлэхийг хүсдэг. Одоо 12-р анги болохоор найз нөхөдтэйгөө хамт байх цаг мөчүүдээ илүү үнэ цэнтэй байлгахыг хичээж байгаа.
Миний хувьд нэг дор маш олон ажил амжуулах гэж өөрийгөө шахдаггүй. Өглөө босоод тухайн өдрийнхөө зорилгыг гаргаад, тэрийгээ биелүүлчихсэн байвал үлдсэн цагаа чөлөөт цаг гэж үздэг байсан. Мөн их сургуулиуд руу өргөдлөө явуулах үйл явц нь надад шинэ туршлага болсон.
-Хичээлээс гадуур спорт, урлаг эсвэл өөрийгөө хөгжүүлэх ямар зүйлсээр тогтмол хичээллэдэг вэ. Тэдгээр нь таны амжилтад хэрхэн нөлөөлсөн бэ?
-Би хичээлээс гадуур спортоор, тэр дундаа сагсан бөмбөгөөр хичээллэдэг. Сагсан бөмбөгөөр хичээллээд бараг дөрвөн жил болж байна. Мөн 6 настайгаасаа эхлэн домбер хөгжим тоглож эхэлсэн. Сагсан бөмбөг надад тууштай байдлыг сургасан гэж боддог.
Амжилтйн хувьд энэ жил сагсан бөмбөгөөр Баян-Өлгий аймгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Мөн 11-р ангид Казахстанд сурч байхдаа улсын аварга шалгаруулах тэмцээнээс “Шилдэг тоглогч” шагнал авч байсан. Харин урлагийн чиглэлээр 6-р ангид байхдаа домбер хөгжмөөрөө NTV телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож байсан бөгөөд түүнээс хойш олон концерт, тоглолтод оролцож байгаа.
-Таны амжилтад гэр бүл, найз нөхөд, багш нар хэрхэн нөлөөлсөн бэ. Мөн танд хамгийн их урам өгсөн үг эсвэл хүн бий юу?
-Энэ бүх хугацаанд гэр бүл, найз нөхөд, багш нар маань надад маш их дэмжлэг үзүүлсэн. Ялангуяа үргэлж урам өгч, бүх зүйл дээр зааж зөвлөж, надад цаг зав гаргаж тусалсан багш нартаа үнэхээр баярлаж явдаг. Надад урам зориг өгдөг үг бол “Endure hardships, and good things will come” гэсэн үг. Энэ нь “Хүнд үеийг давж чадвал сайн зүйлс ирдэг” гэсэн утгатай. Тиймээс ямар ч үед шантралгүй, тууштай байхыг өөртөө сануулдаг.
-Айлын том хүүхдийн хувьд үүрэг хариуцлага хэр их мэдэрдэг вэ?
-Манайх ам бүл тавуулаа. Аав, ээж, хоёр дүүгийнхээ хамт амьдардаг. Би айлын том хүүхэд болохоор үүрэг хариуцлага их мэдэрдэг. Аав, ээж хоёр маань “Хоёр дүү чинь чамайг харж өсөж байгаа, чамайг дуурайх болно. Тиймээс чи бүх тал дээр үлгэр жишээ байх хэрэгтэй” гэж хэлдэг. Тийм болохоор заримдаа тодорхой хэмжээнд дарамт мэдрэгддэг (инээв).
Миний эрэгтэй дүү 13 настай, волейболоор хичээллэдэг бөгөөд математиктаа их сайн. Харин эмэгтэй дүү маань одоо 2-р ангид сурдаг, урлагийн талдаа их авьяастай, зураг зурах дуртай. Аав, ээж маань бид гурвын хичээл сурлагад маш их анхаардаг, сайн сурч, өөрсдийгөө хөгжүүлээсэй гэж хүсдэг.
-Ирээдүйд гадаадад сурах мөрөөдөлтэй хүүхдүүдэд хамгийн түрүүнд юун дээр төвлөрөх хэрэгтэй гэж зөвлөх вэ?
-10-11-р ангийн сурагчдад хэлэхэд, IELTS зэрэг хэлний шалгалтууддаа аль болох эртнээс бэлдэж эхлэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Тэр шалгалтуудаа эрт өгчихвөл 12-р ангид ороход ачаалал, дарамт нь хамаагүй бага болдог.
Мөн 10-11-р ангид байхдаа ямар мэргэжлээр сурах вэ, аль улсад сурах хүсэлтэй вэ гэдгээ тодорхой хэмжээнд шийдчихсэн байх нь чухал санагдсан. Ингэснээр дараа нь бүх зүйлээ яаравчилж биш, тайван төлөвлөж амжуулах боломжтой болдог. Тиймээс цагийг нь тулгахгүйгээр, аль болох эртнээс бүх зүйлээ бэлдэж эхлээрэй гэж зөвлөмөөр байна.
-Та сурч мэдсэн зүйлээ ирээдүйд Монголдоо хэрхэн хэрэгжүүлэхийг хүсэж байна вэ?
-Мэргэжлээ эзэмшсэнийхээ дараа Монголдоо буцаж ирнэ гэж бодож байгаа. Миний урдаа тавьсан хамгийн том зорилго бол Монгол Улсын бүх аймаг, орон нутгийг хамарч чадах онлайн бизнес бий болгох. Одоогоор манай улсад хүргэлт болон онлайн бизнесийн салбар хөгжиж эхэлж байгаа ч үүнийг илүү өргөжүүлж, шинэ түвшинд хүргэх боломжтой гэж хардаг. Мөн хиймэл оюун ухааныг бизнесийн салбарт хэрхэн үр ашигтай ашиглах вэ гэдгийг судалж, тэр туршлага, мэдлэгээ Монголд нэвтрүүлэн бусад бизнесүүдэд ч туслахыг хүсдэг.
Үүнээс гадна ирээдүйд сагсан бөмбөгөөрөө үргэлжлүүлэн хичээллэж, Монголд энэ спортыг улам илүү хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй.
-Төгсгөлд нь танд үргэлж итгэж, дэмжиж ирсэн хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна вэ?
-Энэ бүх хугацаанд намайг үргэлж дэмжиж, урам өгч ирсэн гэр бүл, найз нөхөд, багш нар болон сургуулийнхаа хамт олонд чин сэтгэлээсээ баярлаж явдгаа илэрхийлье. Намайг үргэлж ойлгож, итгэж, бүх талаар дэмжиж ирсэнд маш их баярлалаа.