Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Ши Жиньпин Путиныг БНХАУ-д угтан авах бэлтгэлээ хийж байна

Ши Жиньпин Путиныг БНХАУ-д угтан авах бэлтгэлээ хийж байна
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Ши Жиньпин дөрөв хоногийн өмнө Дональд Трампыг хүлээн авч уулзсаны дараа энэ долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг БНХАУ-д угтан авах бэлтгэлээ хийж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалын өмнө Ши Жиньпин, Владимир Путин нар ням гарагт баяр хүргэсэн захидал солилцсон талаар Хятадын төрийн хэвлэлүүд мэдээлжээ. Ши Жиньпин хоёр улсын хамтын ажиллагаа “тасралтгүй гүнзгийрч, улам батжиж байна” хэмээн онцолсон бөгөөд энэ жил Хятад, Оросын стратегийн түншлэлийн 30 жилийн ой тохиож байгааг дурдсан байна.
Владимир Путин мягмар гарагийн орой БНХАУ-д хүрэлцэн ирж, лхагва гарагийн өглөө Ши Жиньпинтэй уулзана. Талууд хоёр улсын харилцааны бүхий л асуудал, тэр дундаа “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг хэлэлцэх аж.
Хятадын төрийн хэвлэл даваа гарагт нийтэлсэн өгүүлэлдээ АНУ болон ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн айлчлал нь Бээжин “дэлхийн дипломат харилцааны төв цэг болон хүчтэй тодорч байгааг” харууллаа гэжээ. Тус нийтлэлд “АНУ болон ОХУ-ын удирдагчдыг нэг долоо хоногийн дотор дараалан хүлээн авч буй нь Хүйтэн дайны дараах үед тун ховор үзэгдэл” хэмээн шинжээчдийн байр суурийг дурдсан байна.
undefined
Хятад, Оросын харилцаа сүүлийн жилүүдэд улам ойртсон нь барууны орнуудын санааг зовоох болсон. Ялангуяа ОХУ 2022 онд Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойш Бээжингийн эдийн засаг, дипломат дэмжлэг Москвагийн дайны хүчин чадлыг хадгалахад тусалсан гэж барууны дипломатчид болон шинжээчид үздэг. Ши Жиньпин, Владимир Путин нар 40-өөс олон удаа уулзсан нь Ши Жиньпиний барууны удирдагчидтай хийсэн уулзалтуудаас хавьгүй олон тоо юм.
2022 оноос хойш Хятад, Оросын худалдааны хэмжээ түүхэн дээд түвшинд хүрч, Хятад улс Оросын экспортын дөрөвний нэгээс илүү хувийг худалдан авах болсон байна. Түүнчлэн Хятад Оросын түүхий нефтийг их хэмжээгээр худалдан авч байгаа нь Москва Украин дахь дайнаа санхүүжүүлэх хэдэн зуун тэрбум ам.долларын орлоготой болоход нөлөөлжээ.
Atlantic Council-ийн ахлах судлаач Жозеф Вебстер “Тайвань бол Ши-Путиний уулзалтын далд гол сэдэв байж магадгүй” гэж мэдээллийн товхимолдоо бичжээ. Түүний үзэж буйгаар Бээжин ирээдүйд болзошгүй мөргөлдөөний үед эрчим хүчний нийлүүлэлтээ баталгаажуулахын тулд Москватай илүү олон чулуужсан түлшний гэрээ байгуулах сонирхолтой байж магадгүй аж.
Мөн Оросоос Хятад руу чиглэсэн газрын тосны хоолойн хүчин чадлыг нэмэгдүүлэх нь “Тайванийн асуудлаас үүдэлтэй нөхцөл байдалд Бээжингийн газрын тосны аюулгүй байдлыг мэдэгдэхүйц сайжруулна” гэж Вебстер онцолжээ.
ОХУ Хятадыг “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг урагшлуулахыг шахаж байгаа бөгөөд уг төсөл хэрэгжвэл хоёр орны хоорондын хийн сүлжээний хүчин чадалд жилд 50 тэрбум шоо метр нэмэгдэх юм.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн