АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Бээжинд хийсэн хоёр өдрийн төрийн айлчлалын үеэр Тайвань, Иран, худалдааны асуудлаар Хятадын дарга Ши Жиньпинтэй өргөн хүрээний хэлэлцээ өрнүүлсэн ч дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийг хувааж буй асуудлуудад бодит ахиц, тодорхой үр дүн гарсангүй.
Уг айлчлал 2017 оноос хойш АНУ-ын ерөнхийлөгчийн Хятадад хийсэн анхны айлчлал болсон юм.
Ираны асуудлаар ахиц гарсангүй
Айлчлалын өмнө Трамп Ираны асуудалд Хятадын тусламж төдийлөн шаардлагагүй мэтээр ярьж байсан ч түүний зөвлөхүүд Бээжин Ираны нефтийн томоохон худалдан авагчийн хувьд мөргөлдөөнийг зогсоох яриа хэлэлцээнд чухал нөлөө үзүүлж чадна гэж үзэж байв.
АНУ, Израилын Ирантай хийж буй дайн нь Трампын засаг захиргааны хамгийн том хямрал болж, эрчим хүчний үнийг өсгөж, Ардчилсан намтай хийх арваннэгдүгээр сарын завсрын сонгуулийн өмнө Бүгд найрамдах намын байр сууринд дарамт учруулж байна. Гэвч Трамп айлчлалаа дуусгахдаа Хятадын дэмжлэгийг авсан тодорхой шинж тэмдэг үзүүлсэнгүй. Мөн Хятад Ираныг хэлэлцээр хийхэд хэр хүчтэй шахалт үзүүлэх, үүнийхээ хариуд юу хүсэж байгаа нь тодорхойгүй хэвээр байна.
Трамп Ирантай бизнес хийдэг Хятадын нефть боловсруулах үйлдвэрүүдэд тавьсан хоригийг зөөлрүүлж магадгүй гэж мэдэгдсэн нь АНУ-аас Хятадын Ираныг дэмжсэн үйлдэлд авсан цөөн бодит арга хэмжээний нэгийг буцаах боломжтойг харууллаа.
“Бидний байр суурь тун төстэй. Бид энэ мөргөлдөөнийг дуусгахыг хүсэж байна. Бид Ираныг цөмийн зэвсэгтэй болгохыг хүсэхгүй. Мөн хоолойнууд нээлттэй байхыг хүсэж байна” хэмээн Трамп баасан гарагт Бээжингийн төв дэх Хятадын Коммунист намын хаалттай цогцолборт Ши Жиньпинтэй уулзах үеэрээ хэлжээ. Харин Ши Жиньпин ямар нэг хариу хэлээгүй байна. Үүний зэрэгцээ Хятадын Гадаад хэргийн яам “Хэзээ ч эхлэх ёсгүй байсан энэ мөргөлдөөн үргэлжлэх шалтгаангүй” хэмээн мэдэгдэж, талуудыг энхийн тохиролцоонд хүрэхэд туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Бодлогоос илүү ёслолын өнгө аястай айлчлал
Трамп Хятад АНУ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үхрийн мах, мөн Boeing компанийн онгоц худалдан авах тохиролцоонд хүрсэн гэж онцолсон ч дэлгэрэнгүй мэдээлэл тун хомс байв. Тэрээр энэ оны сүүлээр дуусах худалдааны түр эвлэрлийг сунгалгүйгээр Бээжингээс буцсан байна. Хятад улс 200 ширхэг Boeing онгоц худалдаж авна гэсэн мэдээлэл зах зээлийн хүлээлтэд хүрээгүй бөгөөд уулзалтаар Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний талаар тодорхой хэлэлцээр гараагүй тул АНУ-ын шар буурцгийн фьючерс үнэ хоёр долоо хоног гаруйн хамгийн доод түвшинд хүрчээ.
Худалдааг өргөжүүлэх, хиймэл оюун ухаан, Тайванийн асуудал зэрэг томоохон сэдвүүд дээр хоёр тал санал зөрүүтэй хэвээр үлдэж, яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээс цаашгүй үр дүнд хүрсэн бололтой.
Хоёр улс худалдаа, хөрөнгө оруулалтыг зохицуулах тусдаа зөвлөл байгуулахаар тохиролцсон ч Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нарийн зохицуулалтуудыг хоёр тал үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа гэж мэдэгджээ.
2017 оны айлчлалаас ялгаатай нь энэ удаа хоёр удирдагч хамтарсан мэдэгдэл хийгээгүй бөгөөд уулзалтынхаа нэгдсэн дүгнэлт, баримт бичгийг ч нийтлээгүй байна. Хятадын талын мэдэгдлүүдэд Ши Жиньпин АНУ-д ямар нэг худалдан авалт эсвэл үүрэг амлалт өгсөн талаар тодорхой дурдаагүй юм. Айлчлалын бэлтгэлд оролцсон эх сурвалжийн мэдээлснээр Цагаан ордны дотор томоохон шинэ хэлэлцээр байгуулах хүчтэй шахалт байгаагүй аж.
Ши Жиньпин Трампад жагсаалын цэргүүд, Бээжин маягийн үхрийн махан зоогоор хүндэтгэл үзүүлсэн ч бодит үр дүн багатайгаар буцаасан гэж ажиглагчид дүгнэжээ.
Тайванийн асуудлаарх “стратегийн чимээгүй байдал”
Пүрэв гарагт болсон эхний уулзалтын дараа сэтгүүлчид нэг л асуулт сонирхож байв. Тайванийн талаар юу ярилцсан бэ? Эртний Тэнгэрийн сүмийн өмнө Ши Жиньпинтэй зэрэгцэн зогссон Трамп энэ удаа ердийнх шигээ дэлгэрэнгүй тайлбар хийсэнгүй. Тэр юу ч хэлээгүй байна.
Харин Хятад улс үүнээс өмнө Ши Жиньпиний уулзалтын үеэр Тайванийн асуудлаар хэлсэн үгийг дэлгэрэнгүй нийтэлжээ. Тэрээр Тайванийн асуудлыг буруу зохицуулах нь АНУ-Хятадын харилцааг аюултай түвшинд хүргэж болзошгүйг анхааруулсан байна.
Айлчлалын ихэнх хугацаанд Трамп АНУ-ын уламжлалт “стратегийн тодорхой бус байдал” гэсэн бодлогыг хадгалах хандлагатай байжээ.
Трамп ихэвчлэн бэлтгэсэн үгээсээ хазайж, элдэв түүх ярьж, зөвлөгөө өгч, шүүмжилж эсвэл хошигнодог нэгэн. Гэвч Бээжинд болсон айлчлалын үеэр тэр төлөвлөсөн текстээсээ бараг хазайсангүй. Пүрэв гарагийн төрийн зоог дээр Ши Жиньпинд зориулан хэлсэн үг нь хүртэл урьдчилан бэлтгэсэн байжээ.
Цагаан ордны нэгэн албан тушаалтны хэлснээр Трамп харилцааг сайжруулах уулзалт хийхийг зорьсон бөгөөд Хятадын Коммунист намын удирдлагууд нарийн төлөвлөсөн арга хэмжээн дээр гэнэтийн зүйлд дуртай биш билээ. Харин Ши Жиньпин нөхөрсөг дохио зангаа үзүүлэхийн зэрэгцээ хатуу анхааруулгуудыг ч давхар өгч, хоёр улсын хамтын ажиллагаа болон хүйтэн харилцааг зэрэг онцолсон байна.
Дотоодын дарамт хэвээр үлдэв
Трамп АНУ-д буцаж ирэхдээ айлчлалаас өмнө тулгарч байсан улс төрийн хүндрэлүүдтэйгээ дахин нүүр тулж байна. Шатахууны өндөр үнэ, инфляц, сонгогчдын бухимдал ч өндөр хэвээр.
Ирантай хийж буй дайны улс төр, эдийн засгийн үр дагаврыг хянах гэж тэмцэж буй түүний засаг захиргаанд ялалт зайлшгүй хэрэгтэй байсан ч олны анхаарал татсан энэ айлчлал богино хугацаанд сэдэв өөрчилсөнөөс цаашгүй, улс төрийн ерөнхий уур амьсгалыг төдийлөн өөрчилж чадахгүй бололтой.