Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар "Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Энэхүү тогтоолд ямар ямар заалт орсон болон ямар шийдвэр гарсан тухай ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээллээ.
Тэрээр, Нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмнэ. Үнийг 2025 онд гэрээ байгуулахдаа тогтоосноор нь барина. Өөрөөр хэлбэл, хонины махыг 13 мянган төгрөг, үхрийн махыг 15 мянган төгрөг гэсэн анхны үнээр худалдаана.
Хоёрт, нэг хүнд их хэмжээгээр олгох, И баримт шивдэггүй зэрэг үйл явцыг алдааг засаж, сайжруулна. Хэрэв И баримтгүйгээр олгогдсон мах байгаа бол буцаан нөхөж нөөцийн махны хангалт руу оруулна.
Гуравт, нөөцийн махны худалдаа зургадугаар сарын 15-нд дуусах байсныг долоодугаар сарын 1 болгож хойшлууллаа. Зах зээлд нэвтэрч байгаа нойтон махыг татаж, түгээлтэд оруулах зэрэг ажлыг зохион байгуулна. Одоогоор 9 ААН дээр 1400 орчим тонн мах байна. Гэрээнд тусгагдсаны дагуу савлах, дэлгүүрүүдэд хүргэх ажлыг салбарын яам болон НЗДТГ, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран зохион байгуулна. Маргаашаас эхлээд бөөний дэлгүүр, ААН-үүдэд түгээлт хийнэ. Эдгээр ажлыг татаас өгч зохион байгуулах учраас хатуу хяналт тавина.
Цаашид төв суурин газрын махны хэрэглээнд төр ямар байр суурь оролцоотой байх юм гэдгийг тодорхой болгоно. Энэ хүрээнд Хөдөө аж ахуйн бирж, Хөрөнгийн биржээр махны худалдааг зохион байгуулах боломжийг судална. Мах малын хотноос хэрэглэгчийн гарт хүртэл 4-5 дамжлага дамжиж байна. Энэ нь үнийн хувьд малчид, хэрэглэгчдэд ашиггүй нөхцөл үүсдэг. Энэ мэтчилэн асуудлыг цогцоор нь авч үзье.
Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт ирэх жилийн махны нөөц, нийлүүлэлтийн бэлтгэлээ одооноос хангаж ажиллах үүрэг өгсөн. Төсөв төлөвлөж байгаа энэ үед ирэх онд нөөцийн махыг хэдийн хэмжээнд авч, ямар хугацаанд борлуулах юм. Үүнд шаардлагатай хөрөнгийг одооноос эхэлж бэлтгэх ёстой.Зохиомол үнэ тогтоож байгаа эсэхийг Татварын ерөнхий газар, Монополын эсрэг газар шалгаж, хариуцна гэхчлэн шийдвэр гарлаа.
Энэхүү тогтоолд махны экспортыг зогсоох талаар нэг ч үг дурдагдаагүй. Манай экспортод гарч буй мах одоогийн зах зээлд хямд байдаг сарлаг, адууны мах юм. Дотоодын хэрэглээний маханд экспорт нөлөөлдөггүй. Иймээс экспортоо зогсоохгүй гэв.