МАН дотроос Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг огцруулах ажил он гарснаас хойш идэвхжиж эхэлсэн. Тэгвэл МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн бямба гарагт Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг даргаас огцруулж байгаагаа мэдэгдэв. Түүний хариуд Х.Нямбаатар өөрийн цахим хуудастаа лайв хийж, өнөөдөр үүрэгт ажлаа хүлээлгэж өгнө гэдгээ хэлсэн. Ямартаа ч энэ бол Х.Нямбаатар сайн, муу ажилласнаас илүүтэйгээр МАН доторх хагарал хотын даргаа огцруулж байгаа үйл явдал болж байна. Жилийн өмнөөс эхэлсэн МАН-ын хагарал хоёр Ерөнхий сайд, хоёр УИХ-ын дарга, хотын нэг даргыг огцруулж буй нь энэ.Тэгвэл нийслэлийн дараагийн Засаг дарга хэн болох вэ? Х.Нямбаатарыг огцруулах ажиллагаа эхлэхтэй зэрэгцээд улс төрийн хүрээнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар энэ бүх ажлын ард байгаа бөгөөд өөрөө хотын дарга болох хүсэлтэй байгаа гэсэн мэдээлэл гарч эхэлсэн. Түүнчлэн Х.Нямбаатараас нийслэлийн МАН-ын хороог авч Барилга хот, байгуулалтын сайд Э.Бат-Амгаланд өгөх бол нийслэлийн Засаг даргаар МАН-ын генсек Я.Содбаатар очно гэсэн мэдээлэл гараад удаж байгаа. Мөн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд асан Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Ж.Сандагсүрэнг хотын дараагийн даргаар томилно гэсэн мэдээлэл бий. Тэрээр Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарын багийн хүн бөгөөд СХД-ийн Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан. Мөн Д.Сумъяабазарыг хотын дарга байхад нэгдүгээр орлогчоор нь ажиллаж байсан юм. Харин он гарсны дараа Ерөнхий сайд асан Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр томилогдож байв. Тиймээс дундын хувилбар болгож Ж.Сандагсүрэнг хотын даргаар томилж магадгүй л юм.