УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулахаар болсон. Яагаад удаад байна вэ. Ажлын хэсгийг хэн ахлах вэ?
-УИХ-ын тамгын газар гишүүдээс УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулиудад нэлээд томоохон өөрчлөлт хийхээр лхагва гарагт УИХ-ыд өргөн мэдүүлсэн. УИХ хэлэлцээд, дэмжвэл нэгтгэн хэлэлцэх ажлын хэсгийг байгуулна. Тиймээс Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу ёс зүйн алдаа гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслөөр ажлын хэсэг байгуулаагүй өнөөдрийг хүрсэн.
-2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгоно гэж заасан. Гэтэл үүнээс хойш Ерөнхийлөгчтэй тухай хуульдаа өөрчлөлт оруулж Үндсэн хуульдаа нийцүүлээгүй байна. УИХ, Засгийн газар нь өөрсдөө хуулиа зөрчөөд олон жил болж, энэ хариуцлагыг хэн хүлээх вэ?
-Үндсэн хуульд 2019, 2023 онуудад томоохон өөрчлөлтүүд оруулсан. Тиймээс Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалд бусад хуулиудаа нийцүүлэн өөрчлөлт оруулах ёстой. Энэ хүрээнд хийгдэх ёстой ажлууд зарим хэсэг нь хийгдээгүй байна. Тиймээс үүнийг шуурхай хийх ёстой.
Хариуцлагын тухай асуудал ярьж байна. Мэдээж хууль хоорондын нийцлийн асуудал дээр холбогдох газрууд анхаарлаа хандуулж ажиллах ёстой. Гэхдээ энэ хуулийг Үндсэн хуультайгаа нийцүүлээгүй гарсан үр дагавар юу вэ гэдэг асуудал байгаа. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгоно гэж заасан бол Ерөнхийлөгчийн хуульд өмнөх заалтаараа явж байгаа. Гэхдээ ямар ч тохиолдолд Үндсэн хуулийнхаа заалтыг дагадаг хуультай. Тиймээс Ерөнхийлөгчийн тухай хуулийн энэ мэтчилэн заалтыг Үндсэн хуульдаа нийцүүлээгүйн үр дагавар одоогоор гараагүй.
-Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах бол энэ хаврын чуулганд багтааж оруулах хуулийн хугацаатай. Тиймээс танай нам, намын бүлэг дээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярьж байгаа юу. Хэзээ өргөн барих вэ?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тодорхой судалгаа, юмнуудыг хийж байна. Бид энэ хуульд өөрчлөлт оруулах бол зургадугаар сарын эхний хагагаст багтааж хийх ёстой. Гэхдээ манай зарим гишүүн гадаадад байгаа монголчууд, уул уурхайн салбарт ажиллаж байгаа иргэдийг сонгуулийн эрхээ эдлэх чиглэлээр хуулийн тодорхой заалтууд дээр нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөр ямар засвар орох шаардлага байна вэ гэдэг судалгааг хийж байгаа. Ойрын хугацаанд УИХ-д өргөн барих байх.
-Танай намын бүлэг Гаднын зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төслийг дэмжье гэдэг улс төрийн шийдвэр гаргасан. Гэтэл өнгөрсөн 7 хоногийн чуулганаар эцэслэн батлаагүй унагачихлаа. Бүлгийн гишүүд эвлэрээгүй, ингээд чухал хуулиудаа унагаад байх юм уу. Бүлгээс гаргасан улс төрийн шийдвэрийнхээ эсрэг санал өгөөд хуулиа унагаад байвал та бүлгийн даргын хувьд хэрхэн ажиллах вэ?
-Тухайн өдрийн чуулганы ирцэд орсон дөрвөн гишүүний хоёр нь ажил давхцаад албан ёсоор тайлбараа ирүүлсэн. Хоёр нь чуулганы хуралдаанд байж байгаад байр суурийн зөрүү байна, хууль хоорондын нийцэл хангагдаагүй гэж үзээд санал өгөөгүй. Энэ асуудлыг бүлэг дээрээ ярина.
Өнөөдөр манай улсад 74 төслийг гаднын зээлээр хэрэгжүүлж байна. Авч чадаагүй зээлийн үлдэгдэл 13.8 их наяд төгрөг байна. Үүнээс газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл 5.3 их наяд төгрөгийг авч чадаагүй байгаа. Энэ хоёр төслийг шуурхай явуулах үүднээс Засгийн газрыг яаралтай горимоор хуулийн төсөл оруулж ирэх чиглэлийн даваа гарагийн бүлгийн хурлаас өгсөн. Гаднын зээлийн ашиглалтыг хугацаанд нь шуурхай явуулдаг байхгүй бол хийж байгаа ажил дуусаагүй байхад зээлийн хийгээ төлөөд байдаг, мөн хугацаандаа зээлээ авч ашиглаж чадаагүй бол энэ хугацааны зээлийн шимтгэл төлдөг. Энэ нь 2026 онд л гэхэд 113 орчим тэрбум төгрөгийн асуудал байгаа. Энэ мөнгөөр 640 хүүхдийн 8 сургууль барих хэмжээний мөнгө. Тиймээс зээлийг цаг хугацаанд нь бүрэн гүйцэд, шуурхай ашигладаг байх ёстой.
Түүнчлэн Эрдэнэбүрэн, газрын тосны үйлдвэр шиг авсан зээлээ богино хугацаанд нөхөж чадах аж ахуй, бизнесийн чиглэлтэй төслүүдэд авч байгаа зээлийг Өрийн удирдлагын тухай хуулийн тааз дотроо багтаагаад төсвийнхөө зардал талд тусгалгүйгээр Хөгжлийн банк санхүүжүүлээд явж болох эрх зүйн зохицуулалт хийхийг үүрэг болгосон.
-Сэлбэ дэд төвийг унагах гэж л Гаднын зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх хуулийг унагасан гэдгийг танай бүлгийн гишүүд хэлж байгаа. Тэгвэл хэлэлцүүлгийн үеэр энэ төслөө хасаад хуулиа баталж болохгүй байсан юм уу?
-Болохгүй. Дэгээр нэг төсөл арга хэмжээг нь сугалж хасах боломжгүй байсан. Нэг бол төсөл өргөн баригч хэлэлцүүлгийн үеэр хуулиа татаж авах л боломжтой.
Гэхдээ гишүүд буруу ойлгосон зүйл бас байгаа. Энэ 3 төсөл дээр авах гээд байгаа зээл, бондоо зарцуулах эрхийг нь л нээж өгөх байсан. Үүнийг хэнээр, яаж гүйцэтгүүлэх вэ гэдгийг зохицуулдаг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиараа гүйцэтгэгч бүх зүйлээ сонгон шалгаруулж, ажлаа явуулдаг. Үүнийгээ гишүүд хольж ойлгосон. Үүнээс болоод хуулиа унагасан.
-Гэхдээ танай бүлгийн хагарал одоо ч үргэлжилж, нийслэлийнхээ бүх төслийг зогсоогоод байгаа юм биш үү. Нийслэл дээр ажил явах уу?
-Үүнийг хагарал гэж хэлж болохгүй. Хуралдаа суугаад санал өгөөгүй хоёр гишүүн төсвийн тогтвортой байдлыг хангах, төсвийн тусгай шаардлагыг барих талаар эрх зүйн орчныг хатуу барих үзэл баримтлалтай гишүүд. Тиймээс өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулиудтайгаа зөрчилдөж байна гэж үзээд санал өгөөгүй юм билээ.