Төрийн өмчийн хамгийн их мөнгөтэй, ашиг орлоготой, үе үеийн Засгийн газрын кассын машин болж ажилласаар ирсэн "Эрдэнэс Тавантолгой" компанийн Гүйцэтгэх захирлаар өчигдөр 1990-ээд оны төлөөлөл залууг томилов.
Гүйцэтгэх захирлаар томилогдсон Б.Чагнаадорж өчигдөр ажлаа хүлээн авсан бөгөөд тэрээр 2024 оны долдугаар сард Л.Оюун-Эрдэнийн байгуулсан хамтарсан Засгийн газрын үед Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар томилогдсон юм. Хоёр жил орчим Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа тэрээр компанийг түүхэнд байгаагүй өндөр ашигтай ажиллуулж, ажилчдынхаа цалинг ч боломжийн хэмжээнд нэмсэн гэсэн мэдээлэл хөвөрсөн.
Шинэ захирал Б.Чагнаадоржийн төгссөн сургууль, мэргэжлийнх нь талаар тодорхой мэдээлэл байхгүй бөгөөд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт томилогдохоосоо өмнө "Эрдэнэс Монгол" ХХК, "Монголросцветмет" ТӨҮГ-т ажиллаж байсан гэжээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон Эрдэнэс Тавантолгой ХК-ийн албан мэдээнд ч танилцуулга, ялангуяа боловсролынх нь талаар мэдээлэл алга.
Ямартай ч Б.Чагнаадорж гэх энэ залуу Засгийн газрын хамгийн том кассын машин болсон, эрх баригч намын сонгууль бүрийнх нь санхүүжилтийг босгодог гэгддэг "Эрдэнэс Тавантолгой" гэх том компанийг удирдан ажиллахаар болов. Засгийн газар бүхэн "Эрдэнэс Тавантолгой"-г гаднын менежментийн багаар удирдуулна, IPO гаргана гэдэг ч начир дээрээ дандаа улс төрийн томилгоо хийж, компанийн засаглалаар бус намын бодлогоор удирдаж ирсэн. Энэ ч утгаараа 40 их наядын нүүрсний хулгайн асуудал дэгдэхэд "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ял авч байв. Б.Ганхуягаас гадна "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирлаар томилогдсон хүмүүс ихэнх нь хэцүү нэртэд суудаг гээд хэлчихвэл хилсдэхгүй. 2012 онд "Эрдэнэс Тавантолгой" байгуулагдсан цагаас хойш Б.Энэбиш, Я.Батсуурь, Б.Батбилэг, Д.Ариунболд, Б.Ганхуяг гээд тухайн үеийн эрх баригч нарын томилсон гүйцэтгэх захирлууд ажиллаж байсан бөгөөд тэдний хоёр нь ял авч, хоёр нь гаднын улс оронд амьдарч байгаа гэсэн мэдээлэл бий.
Тэгвэл хоёр том сонгуулийн өмнө Засгийн газрын кассын машин болсон уул уурхайн том компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Б.Чагнаадорж өмнөх дарга нарынхаа алдааг давтахгүй, намын дарга нарын даалгавраар ажиллахгүй байж чадах уу. "Эрдэнэс Тавантолгой" IPO гаргана гэдэг бараг мөрөөдөл болсон. 10 гаруй жилийн өмнөөс ярьж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болгож чадсан удирдлага алга. Тиймээс компанийг ил тод нээлттэй болгож, улс төрөөс хараат бусаар удирдаж чадвал компанид нөөц боломж асар их бий.