Эрүүл мэндийн сайд Э.Батшугар саяхныг хүртэл танилт нэвтрэлтийн системд баталгаажуулаагүй байсан хуруу уншигчийг Дан системтэй холбосон талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Эрүүл мэндийн сайдаар ажиллах хугацаанд намайг үнэхээр шоконд оруулсан зүйл байна. Лавлагаа шатны болон анхан шатны эмнэлгүүдэд эмч бүрийн урд компьютер байдаг. Эмч нар өвчтөнөө үзээд оношоо компьютерт шивж оруулдаг. Мөн хуруу уншигч төхөөрөмж ашигладаг. Иргэн хуруугаа уншуулахад бид өмнө нь тухайн системийг танилт, нэвтрэлтийн бүрэн баталгаажуулалттай гэж ойлгож ирсэн. Өөрөөр хэлбэл, иргэн Э.Батшугарын хурууны хээ мөн эсэхийг систем таньж баталгаажуулаад үүний үндсэн дээр ЭМДС-д иргэн Э.Батшугарыг үзсэн, ийм онош тавьсан гэсэн мэдээлэл очиж, гүйцэтгэлийн санхүүжилт олгогддог гэж боддог байсан.Гэтэл бодит байдал дээр тэр хуруу уншигч нь тухайн хүний хуруу мөн эсэхийг шалгадаг танилт, баталгаажуулалтын системгүй байсан. Өөрөөр хэлбэл, Дан системтэй холбогдоогүй явж ирсэн байна. Харин үүнийг бид саяхан бүрэн холбосон. Үүнээс болж эмнэлгүүд дээр зөрчил гарч байсныг үгүйсгэх аргагүй. Илүү олон хүн үзсэн мэт бүртгэх, өвчтөний регистрийн дугаарыг оруулаад эмч өөрийнхөө хурууг уншуулдаг байсан байж болзошгүй байна. Ийм эрсдэлийг бүрэн арилгахын тулд хуруу уншигч төхөөрөмжийг Дан системтэй бүрэн холбосон. Ингэснээр иргэдийн мэдээлэл баталгаажиж, мэдээлэл нь ЭМДС-д очдог болсон” гэлээ.