Open iToim app
Үйл явдал | 3 мин уншина

Төсөв боловсруулах шатанд оролцох олон нийтийн оролцоо хангалтгүй байна

Төсөв боловсруулах шатанд оролцох олон нийтийн оролцоо хангалтгүй байна
Нийтэлсэн 2026 оны 5 сарын 13
Олон улсын төсвийн түншлэл байгууллагаас “Төсвийн нээлттэй байдал” олон улсын судалгааны дүнг хоёр жил тутамд танилцуулдаг. Энэ сарын 7-нд танилцуулсан 2025 оны төсвийн нээлттэй байдлын үнэлгээгээр манай улсын төсвийн ил тод байдал дээшилсэн боловч үйл явцад иргэд оролцох боломж нь хангалтгүй хэвээр байна гэсэн дүн гарчээ. Тодруулбал, төсвийн нээлттэй байдлаар 100 онооноос 64 оноо авсан бол төсвийн хяналтын тогтолцооны үзүүлэлтээр 74 оноо авчээ. Харин төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог хангаж буй үзүүлэлт 35 оноо авч, 2023 оныхоос 16 хувиар ахисан байна. Нээлттэй форумын Засаглал хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам судалгааны үр дүн болон манайд ямар зөвлөмж өгсөн тухай танилцууллаа.
Тэрээр, "Төсвийн ил тод байдал, төсөвт иргэдийн оролцоог хангах, хяналт тавих гэдэг нь төсвийн зарцуулалтыг үр ашигтай хариуцлагатай байлгахад хамгийн чухал. Энэ утгаар эдгээр үзүүлэлтийг сайжруулах шаардлагатай.
Төсвийн ил тод байдлын тухайд,  УИХ-аас баталж буй төсвийн болон төсвийн хуулийн мэдээллийн иж бүрдлийг нь сайжруулах хэрэгтэй байна. УИХ-аар баталж буй ирэх оны төсвийн хууль нь зөвхөн төсвийн ерөнхийлөн захирагчаар төсвийн орлогыг нэгдсэн хувийн дүнгээр, зарлагыг урсгал болон хөрөнгийн зардал гэсэн ангиллаар болгож байгаа. Олон улсын стандартаар орлогоо татварын болон татварын бус болгох, эх үүсвэрээ харуулсан байх, зарлагыг эдийн засгийн болон зориулалтын ангиллаар ангилан харуулж, дэлгэрэнгүй байдлаар батлах хэрэгтэй. Манай улсын хувьд төсвийн хагас жилийн тайлан буюу оны эхний зургаан сард гүйцэтгэл нь ямар байна, дараагийн зургаан сард нь яахаар байна вэ гэдэг тайланг сүүлийн жилүүдэд гаргаж ирсэн. Энэ тайлангийн мэдээллийг нь нэлээд дэлгэрүүлж, орлого, зарлагынхаа мэдээллийг тусгах шаардлага байна.
Иргэдийн оролцооны хувьд, Сангийн яамнаас боловсруулалтын шатанд оролцооны механизмыг нэмэгдүүлэх зөвлөмжийг өгч байна. Олон нийтийн дунд хэлэлцүүлэг хийж, бусад аргаар санал авсан бол нэгтгэсэн тайлан мэдээнд тухайн саналуудыг хэрхэн тусгасан, яаж шийдвэр гаргасан бэ гэхчлэн тайланг гаргаж, нийтэлж байх хэрэгтэй. Ингэснээр иргэд өгсөн санал маань шийдвэр гаргалтад нөлөөлж байна уу, харгалзан үзэж байна гэдгийг мэднэ. Цаашлаад иргэдийн оролцоог идэвхжүүлэхэд хэрэгтэй.
Хяналтын тогтолцооны тухайд, УИХ-аас төрийн аудитын байгууллагаас нэгдсэн төсвийн гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэх үедээ сонсгол хий. Үүндээ иргэд, иргэний нийгмийн байгууллагыг оролцуулах ёстой гэсэн зөвлөмж гарсан. Ер нь төсвийг боловсруулалт, төлөөлөх шатанд УИХ харьцангуй бага оролцож, Төсвийн байнгын хороо нь тухайн төсвийн төслийг уншиж танилцан дүгнэлт өгч, нэгдсэн чуулганаар хэд хэдэн удаа хэлэлцдэг байх ёстой. Төлөвлөлтийн шатанд харьцангуй хяналт сайн байгаа боловч гүйцэтгэлийн шатанд сул байна. Тэгэхээр УИХ-аас явцын тайлангууд буюу улирлын юм уу хагас жилийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж, арга хэмжээний тогтоолуудад анхаарах хэрэгтэй байна.
Үндэсний аудитын газар төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор холбогдох аудитад иргэд оролцох албан ёсны механизмыг бий болгох нь чухал. Сангийн яамнаас УИХ-д төсвийн хууль өргөн барихдаа мэдээллийг нь илүү дэлгэрэнгүй байдлаар гаргах хэрэгтэй. УИХ-ын хяналтыг дээшлүүлэх нэг үзүүлэлт нь Засгийн газар буюу төсвийн ерөнхийлөн захирагч нар өөрсдийнхөө багцад байгаа газар нэгжүүдийнхээ хоорондын зардлыг шилжүүлэх боломжтой бол илүү хариуцлага дээшлэхээр байна" гэв. 
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн