АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Иран, цөмийн зэвсэг, худалдаа болон хиймэл оюуны асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр стратегийн чухал ашигт малтмалын хэлэлцээрийг сунгах эсэхийг авч хэлэлцэнэ гэж АНУ-ын албаныхан мэдэгдлээ.
Дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн удирдагчид зургаан сараас илүү хугацааны дараах анхны нүүр тулсан уулзалтаа хийх гэж байна. Хоёр орны харилцаа худалдааны маргаан, АНУ ба Израилын Ираны эсрэг дайнаас үүдэлтэй хурцадмал байдал болон бусад санал зөрөлдөөнөөс болж сулраад буй.
Трамп лхагва гарагт Бээжинд хүрэлцэн ирэх бөгөөд пүрэв, баасан гарагт хэлэлцээ хийхээр төлөвлөжээ. Энэ нь түүний 2017 оноос хойших Хятадад хийж буй анхны айлчлал болох юм.
Онгоц, хөдөө аж ахуй, худалдааны хэлэлцээрүүд
АНУ, Хятад хоёр харилцан худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих форумууд байгуулахаар тохиролцож магадгүй бөгөөд Хятад улс Boeing компанийн онгоц, Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон эрчим хүчний салбартай холбоотой худалдан авалтуудаа зарлана гэж албаныхан мэдээлэв.
“Худалдааны зөвлөл” болон “Хөрөнгө оруулалтын зөвлөл” байгуулах төлөвлөгөөг уулзалтын үеэр албан ёсоор зарлаж магадгүй ч хэрэгжүүлэхийн тулд нэмэлт ажил шаардлагатай гэж нэг албан тушаалтан хэлжээ.
Мөн хоёр улс худалдааны дайныг намжаасан түр эвлэрлийг сунгах асуудлыг хэлэлцэнэ. Уг тохиролцоо нь Хятадаас АНУ руу газрын ховор элемент нийлүүлэх боломжийг нээсэн ч энэ долоо хоногт сунгах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Гэсэн ч өнгөрсөн намар байгуулж, одоо хүртэл хүчинтэй байгаа энэхүү хэлэлцээр эцэстээ сунгагдана гэдэгт албаныхан итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тайвань, цөмийн зэвсэг, Иран болон хиймэл оюун зэрэг хүндэвтэр асуудлууд
Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаар Иран, Тайвань болон цөмийн зэвсгийн асуудал зэрэг АНУ-Хятадын харилцаанд удаан хугацаанд зөрчил үүсгэж ирсэн сэдвүүдийг мөн хэлэлцэх төлөвтэй байна.
Хятад улс Ирантай харилцаагаа хадгалсаар байгаа бөгөөд Ираны газрын тосны томоохон худалдан авагч хэвээр байна. АНУ, Израил хоёр хоёрдугаар сарын сүүлээр Иранд цохилт өгснөөр эхэлсэн мөргөлдөөнийг дуусгахын тулд Тегераныг Вашингтонтой тохиролцоонд хүрэхэд нөлөөллөө ашиглахыг Трамп Хятадаас шаардаж иржээ. Мөн Трампын засаг захиргаа Хятадын ОХУ-тай хийж буй харилцаанд шахалт үзүүлсээр байгаа аж.
“Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй Иран болон ОХУ-ын асуудлаар олон удаа ярилцсан. Үүнд Хятад эдгээр дэглэмүүдэд олгож буй орлого, давхар зориулалттай бараа бүтээгдэхүүн, эд анги, цаашлаад зэвсгийн экспортын боломж хүртэл багтаж байгаа” гэж холбогдох албан тушаалтан хэлэв. “Энэ яриа цаашид үргэлжилнэ гэж бодож байна” гэжээ.
Харин Ши Жиньпин Тайванийн асуудлаар Вашингтонд сэтгэл дундуур байгаа аж. Ардчилсан засаглалтай тус аралд АНУ хамгийн чухал олон улсын дэмжигч, зэвсэг нийлүүлэгч хэвээр байгаа бөгөөд Бээжин Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг. Сүүлийн жилүүдэд Хятад Тайванийн орчим дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлсэн ч АНУ-ын бодлого өөрчлөгдөхгүй гэж албаныхан мэдэгджээ.
Трампын зөвлөхүүд Хятадад хөгжүүлж буй дэвшилтэт хиймэл оюуны загваруудад улам ихээр санаа зовниж байгаа бөгөөд үүнээс үүдэх эрсдэлээс сэргийлэхийн тулд хоёр тал “харилцааны суваг” байгуулах шаардлагатай гэж үзэж байна.
Вашингтон мөн олон жилийн турш Бээжинтэй цөмийн зэвсгийн асуудлаар яриа эхлүүлэхийг хүсэж ирсэн ч Хятад улс цөмийн зэвсгийн нөөцөө хэлэлцэхээс зайлсхийсээр байгаа аж. Хятадын Засгийн газар АНУ-д хувийн шугамаар “одоогоор ямар ч төрлийн цөмийн зэвсгийн хяналтын хэлэлцээ хийх сонирхолгүй” гэдгээ илэрхийлсэн байна.