Open iToim app
Улс төр | 3 мин уншина

Улсын эзэмшлийн 19 км авто замыг авсан “Смарт эко транс” компанийн цаад эзэн хэн бэ

Улсын эзэмшлийн 19 км авто замыг авсан “Смарт эко транс” компанийн цаад эзэн хэн бэ
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өчигдөр хэвлэлийн хурал хийж Гашуунсухайт-Цагаан хад чиглэлийн улсын өмчийн 19.2 км авто замыг авахын тулд “Смарт эко транс” компани өөрийг нь гүтгэж байна гэх мэдээллийг өгөв. Тус компани 2023-2025 оны хугацаанд Гашуунсухайт-Цагаан хад чиглэлийн 19 км авто замыг барьсан бөгөөд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд өөрийн эзэмшилд барьсан замаа шилжүүлж авах хүсэлт хэд хэдэн удаа гаргаад байгаа аж.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед тус компани дутуу байсан 19 км авто замын бүтээн байгуулалтыг дуусгаж, хувьдаа эзэмшиж иржээ. Ингээд Г.Занданшатарын Засгийн газрын үед тус замыг буцаагаад улсын мэдэлд авах шийдвэр гаргасныг тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлж байсан юм. Засгийн газар 2022 оны 95 дугаар тогтоол гаргаж, БНХАУ-тай терминал байгуулах асуудлаар харилцан тохиролцохыг даалгаж, терминал байгуулах төслийг төр хувийн хэвшлээр хэрэгжүүлэхийг даалгажээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэлдээ "Тухайн үед Засгийн газрын хуралд тогтоолыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар оруулж батлуулсан. 2022 оны Засгийн газрын тогтоолоор Гашуунсухайт боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн үйл ажиллагаа эрхлэх, терминал байгуулах эрхийг сонгон шалгаруулалтгүйгээр “Смарт эко транс” ХХК-д шууд олгосон. Мөн тус компани нь Засгийн газрын 95 дугаар тогтоол гарахаас зургаан сарын өмнө үүсгэн байгуулагдсан бөгөөд хоёрхон жилийн дотор 95.7 тэрбум төгрөгийн ашиг хийсэн. Ийм учраас нүүрсний хулгайн асуудал ямар хэмжээний өргөн цар хүрээтэй байсан бэ гэдэг нь ил тод болж байна. Өмнөговь аймгийн Засаг дарга Энхбат төрийн өмчийн авто замыг хувийн компанид хууль зөрчиж эзэмшүүлсэн асуудлаар шалгадаж байгаа" гэсэн юм.
Тэгвэл Б.Энхбаяр сайдын мэдээллийн дараа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Терминал логистикийн албаны даргаар ажиллаж байсан Э.Баатарцогт UBN.MN сайтад ярилцлага өгөхдөө 2021 онд "Эрдэнэс Тавантолгой" компани жолоочгүй тээврээр гаргах, терминал байгуулахаар улсаас газар олгох хүсэлт гаргасан ч газрыг нь олгоогүйгээр барахгүй тус хэлтсийг татан буулгасан. Тухайн үеийн Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон ЭТТ компанид БЭТ-ээр томилогдсон Ж.Ганбат нар “Смарт эко транс” компанид давуу эрх олгосон. Тухайн үед Б.Энхбаяр сайдыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт байхад энэ талаар хэлэхэд тоогоогүй, дөрвөн жилийн дараа ярьж эхэлсэн хэмээн ярьсан. Ингээд тухайн үеийн Засгийн газраас “Смарт эко транс” компанид газар олгож, сонгон шалгаруулалтгүйгээр автомат удирдлагатай чингэлэг тээврийн үйл ажиллагаа эрхлэх, терминал байгуулах эрхийг олгосон нь Засгийн газрын тэмдэглэлээр нотлогдож байгаа. Тэгвэл тус компани 19 км авто замыг өөрийн эзэмшилд авахаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд хэд хэдэн удаа хандсан байна.
Нээлттэй мэдээллийн сан opendata-аас харахад тус компани 2021 оны арваннэгдүгээр сарын 1-нд байгуулагдсан бөгөөд гүйцэтгэх захирал Бальдир Батнасан, эцсийн өмчлөгч Жамъяндорж Бямбабаатар гэжээ. Тэгвэл Ж.Бямбабаатар нь Хэнтий аймгийн гаралтай бөгөөд 2021 онд тухайн үеийн Хууль зүйн сайд Х.Нямбаатар зүтгүүлж компанид нь давуу эрх олгосон талаар нэр бүхий сайд хэлж байгаа.
Түүнчлэн, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тогтоолоор “Смарт Эко Транс” компани Монгол Улсын хилийн бүсэд 66 га талбай бүхий газрыг хугацаагүйгээр хувьдаа авсан асуудал хөндөгдөж буй. Төрийн эзэмшлийн авто замыг, хилийн зурваст хугацаагүйгээр газар авсан “Смарт Эко Транс” компанийн цаад эзэд чухам хэн бэ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн