Жимс тогтмол идэж, өдөрт нэг аяга кофе уух нь эсүүд эрүүл бусаар хөгшрөх эрсдэлийг хоёр дахин бууруулж байж болохыг шинэ судалгаа харуулжээ.
Жимсгэнэ, алим, кофе, какао, цай зэрэг полифенолоор баялаг хүнснүүд нь антиоксидант болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй гэдгээрээ хэдийнэ танигдсан. Харин шинэ судалгаагаар эдгээр хүнс нь теломер богиносох эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоосон байна. Теломер нь ДНХ-ийн үзүүр буюу хамгаалалтын бүрхүүл бөгөөд богиносох тусам эс үхэх, эрүүл бус хөгшрөлт үүсэх эрсдэл нэмэгддэг аж.
Испанийн Наваррагийн их сургуулийн судлаачид 2008 болон 2015 онд 1,700 гаруй насанд хүрэгчдийн дээжээс теломерийн уртыг хэмжиж, мөн оролцогчдын нийт полифенолын хэрэглээг үнэлжээ.
Туркийн Истанбул хотод болсон энэ жилийн Таргалалтын асуудлаарх Европын конгресст танилцуулсан уг судалгаагаар хамгийн бага полифенол хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад хамгийн өндөр хэрэглээтэй хүмүүсийн теломер богино байх эрсдэл 52 хувиар бага байсан байна.
Теломер богино байх нь зүрх судасны өвчин, 2-р хэлбэрийн чихрийн шижин, зарим төрлийн хорт хавдар болон нийт нас баралтын эрсдэл нэмэгдэхтэй холбоотой гэж үздэг.
Судалгааны ахлах зохиогч Изабелла Кури Гузман:
“Бидний үр дүн нэг чухал санааг харуулж байна. Жимс, кофе зэрэг полифенолоор баялаг хүнс агуулсан хооллолт нь эсийн эрүүл хөгшрөлтийг дэмжих нэг хэсэг байж болох юм. Энэ нь ганцхан хөгшрөлтийн эсрэг хүнсний тухай биш, харин өдөр тутмын хооллолтын сонголтууд урт хугацаанд нийлбэрээрээ нөлөөлдөг тухай асуудал” гэжээ.
Судалгааны үр дүнтэй холбоотойгоор Лондонгийн Кингс коллежийн хүний хоол тэжээлийн профессор Ана Родригес-Матеос:
“Полифенол нь зүрхний өвчин болон танин мэдэхүйн доройтол зэрэг насжилттай холбоотой өвчний эрсдэлийг бууруулдаг. Клиникийн судалгаанууд эдгээр нэгдэл нь цусны даралтыг бууруулж, нас ахихад судас болон тархины үйл ажиллагааг дэмждэгийг харуулсан. Энэ судалгаа полифенолоор баялаг хооллолт эрүүл хөгшрөлтийг дэмжиж болохыг нотлох баримтыг нэгээр нэмлээ” хэмээн хэлсэн байна.
Харин Редингийн их сургуулийн хоол тэжээлийн профессор Гунтер Кунле полифенолын хэрэглээг яг таг хэмжихэд маш хэцүү учир болгоомжтой хандахыг анхааруулжээ.
“Жимс, хүнсний ногоогоор баялаг хооллолт эрүүл мэндэд тустай байх нь гайхах зүйл биш. Ургамлын гаралтай хүнс ихтэй хооллолт урт теломер болон илүү эрүүл хөгшрөлттэй холбоотой. Гэхдээ ургамлын гаралтай хүнс нь полифенолын үндсэн эх үүсвэр учраас эрүүл хөгшрөлт нь яг полифенолоос шалтгаалж байна уу, эсвэл ерөнхийдөө жимс, ногоо ихтэй эрүүл хооллолтын нөлөө юу гэдгийг ялгаж тодорхойлох маш хэцүү” гэж тэр хэлжээ.