Open iToim app
Улс төр | 2 мин уншина

МАН-ын улс төрөөс болж энэ зун нийслэлд бүтээн байгуулалт хийгдэхгүй нь

МАН-ын улс төрөөс болж энэ зун нийслэлд бүтээн байгуулалт хийгдэхгүй нь
Нийтэлсэн 2026 оны 5 сарын 11
Х.Нямбаатараас нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн МАН-ын хороог авах намынх нь ах нарын кампанит ажил түүнийг огцруултал үргэлжлэх нь.
Нийслэлийн ИТХ, нийслэлийн МАН-ын хорооны олонх нь Х.Нямбаатарын хүмүүс байгаа учраас түүнийг хурал хийж, олонхоороо огцруулах боломжгүй байгаа. Тиймээс Х.Нямбаатар өөрийнх нь эсрэг ажиллаж байгаа НИТХ-ын дарга А.Баярыг огцруулж, намынхаа Удирдах зөвлөлөөр Д.Ихбаярыг сонгох улс төрийн шийдвэр гаргуулж чадсан. Гэхдээ ингээд ч нийслэлд хийж байгаа МАН-ын улс төр зогсохгүй бололтой.
Х.Нямбаатар өөрийнх нь эсрэг ажилласан НИТХ-ын даргаа огцруулж чадсан. Гэхдээ өөрийг нь огцруулах хүсэлтэй байгаа намын дарга, удирдлагынхаа төлөөний хүнийг НИТХ-ын даргаар дахин сонгосон. Тиймээс шинээр сонгогдсон НИТХ-ын дарга Д.Ихбаяр Х.Нямбаатарын эсрэг ажиллах нь цаг хугацааны л асуудал. Учир нь өнөөдөр ч намын дарга, удирдлагууд нь Х.Нямбаатараас нийслэлийн нам, Засаг даргынх нь ажлыг авах хүсэл хэвээр буй. Нэг үгээр тэд ойлголцол, тохиролцоонд хүрээгүй. Үүний тод жишээ бол нийслэлээс хэрэгжүүлж байгаа хэд хэдэн том төслийг УИХ, Засгийн газар зогсоолоо.
Ерөнхий сайд Н.Учрал шийдвэр гаргаж, Туулын хурдны замын төслийг хууль хяналтын байгууллага шалгаж дуустал зогсоосон бол өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Сэлбэ дэд төвийнх нь төслийн санхүүжилтийг төсөвт хязгаарлагдахгүй байх хуулийг унагаасан. Тиймээс нийслэлээс хэрэгжүүлж байгаа утаа, түгжрэлийг бууруулах томоохон хоёр төсөл нь ийнхүү тодорхойгүй хугацаагаар зогслоо.
"Сэлбэ 20 минут хот” төслийн бүтээн байгуулалт 30 орчим хувьтай явж байгаа аж. Тус төсөл нь Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 8565 өрхийн 158 га талбайг чөлөөлж, 113 блок орон сууцыг барихаар төлөвлөж ирэх онд ашиглалтад оруулна гэж байсан. Уг төслийг нийслэл бонд гаргаж эхлүүлсэн бөгөөд төсвийн хязгаарт тулж бонд гаргасан ч бүрэн санхүүжүүлж чадахгүй байсан учраас УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл санаачлан УИХ-аар хэлэлцүүлсэн ч батлагдаж чадаагүй. Тиймээс Х.Нямбаатарын хэрэгжүүлж байсан Сэлбэ дэд төвийн ажил мөнгөтэй байсан ч хуулийн хязгаарт тулж, санхүүжилтээ бүрэн хийж чадахгүйд хүрлээ.
Харин Туулын хурдны замын төслийг хууль хяналтын байгууллага шалгаж дуустал зогсоох шийдвэрийг Ерөнхий сайд Н.Учрал гаргасан бөгөөд нийслэл өнөөдрийн байдлаар 600 гаруй тэрбум төгрөгийг гүйцэтгэгч талд шилжүүлээд байгаа. Нэг үе Засгийн газар, Ерөнхий сайдын 100 хувийн дэмжлэгтэй байж, олон олон төсөл хэрэгжүүлж байсан нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр ямар ч дэмжлэггүй болж бүх төслөө зогсоолголоо. Тиймээс МАН-ын хагарал, улстөржилтөөс болж энэ зун нийслэлд бүтээн байгуулалт хийгдэхгүй нь. Нийслэлийн Засаг даргынхаа хийж байгаа ажил, хэрэгжүүлж байгаа бүх төслийг бүтээн байгуулалт хийдэг гол улиралд зогсоочхоор энэ жил нийслэлд бүтээн байгуулалт хийгдэхгүй, харин улстөржилт л үргэлжлэх нь.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн