Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбуу нийгэм, боловсрол, төрийн бодлого, монгол хүний мөн чанарын тухай байр сууриа илэрхийлж, манай “Зоригттой ярья” подкастын зочноор оролцлоо. Тэрээр “Улс орны хамгийн том гарз бол эв нэгдэлгүй байдал, боловсролоор хийсэн туршилт” гэдгийг онцлов.
Гавьяат багш С.Шаарийбуу “Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөхгүй. Монголчууд дэлхийн талыг морьтойгоо туулсан ард түмэн” хэмээн бахархаж морь, нохой, хүн гурвын холбоо монгол ахуй, монгол сэтгэлгээг дурсаж яриагаа эхлүүлсэн юм.
Тэрээр бага сургуулийн багшаас ажлын гараагаа эхэлж, МУИС-ийн багш хүртэл боловсролын салбарын бүхий л шатанд ажиллажээ. “Олон жил амьдрахдаа их юм үзлээ. Хүн туршлагатай болох үедээ хүч тамир нь дуусчихсан байдаг юм байна. Тиймээс өнөөдрийн боловсролтой, хэлтэй залуусын хүч дээр ахмад үеийн туршлагыг нэмэх хэрэгтэй тэгвэл үр дүн сайн гарна” гэдгийг яриандаа онцоллоо.
Түүний хэлснээр Монголын нийгэм 35 жилийн турш “Танай нам, манай нам” гэх хуваагдал дунд явж ирлээ. “Бид нэг л нутагт төрж, нэг л нутагтаа дуусна. Нэг Монголынхоо төлөө хамтдаа явах ёстой. Гэтэл эмээлийн бүүрэг шиг хоёр тийшээ хараад хэрэлдсээр ирлээ” хэмээн шүүмжилсэн юм.
Түүнчлэн, тэрээр багшийн мэргэжлийг хүн төрөлхтний хамгийн эртний бөгөөд хамгийн үнэ цэнтэй ажил гэж тодорхойлов. “Ямар ч хүн хэчнээн өндөрт хүрсэн бай багшаа хараад ‘Багшаа’ гээд л очдог.
Мөн боловсролын бодлогыг олон жил тогтворгүй явуулсны уршгийг хатуу шүүмжлэв. “Боловсролоор тоглож болохгүйг 30 жил харлаа. Нэг үеийн боловсролоор тоглоход хэдэн үеэрээ хохирдог. 6 настай хүүхдийг хаанаас хуулсан системээр сургаж эхэлсэн юм. Мориндоо ч хүрэхгүй жаахан хүүхдийг эцэг эхээс нь салгаж байна. 12 жилийн сургалт дээр ч бодит үр дүн харагдахгүй байна” гэв.
Түүний үзэж буйгаар монгол хэл, бичиг, соёлоо хамгаалах нь үндэстэн оршин тогтнохын үндэс аж. “Өөрийн хэл соёлтой учраас бид өнөөдөр Монгол хэвээрээ байна. Үүнийгээ алдвал дуусна. Монгол бичиг адуу толгой дохиж байгаа юм шиг хөдөлгөөнтэй, өөрийн гэсэн амьтай бичиг” хэмээн онцолсон юм.
Мөн ардчиллын шилжилтийн үеийн алдааг ч дурдав. “1990 онд бид нэг гараанаас гарсан. Гэтэл өмч хувьчлал дээр хамгийн том алдлаа хийсэн. Үйлдвэрүүдээ төмрийн хог болгож устгасан. Гаднын технологи ашиглаж болно, гэхдээ өөрсдөө үйлдвэрлэдэг улс байх ёстой” гэсэн байр суурь илэрхийллээ. Мөн тэрээр өнөөгийн улс төрийг хэт талцсан, хариуцлагагүй болсныг шүүмжилж, сонгогчдын боловсрол чухал гэдгийг хэлсэн юм. Өөрсдөө сонгочихоод дараа нь бүгдийг нь хараадаг. Хүнээ олж сонгодог болох ёстой” гэв.
Ярианыхаа төгсгөлд тэр монгол хүний өөдрөг үзэл, дотоод хүчийг онцлов. “Монгол хүн ‘болно доо, бүтнэ дээ’ гэж цай сүүнийхээ дээжийг тэнгэрт өргөдөг ард түмэн. Маш их хүчтэй, өгөгдөлтэй ард түмэн. “Баялгаа түүхийгээр нь гаргах биш, эцсийн бүтээгдэхүүн болгож сурмаар байна. Хамгийн түрүүнд хүнээ гэгээрүүлэх хэрэгтэй” хэмээн хэлэв.