Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Хятад Батлан ​​хамгаалахын сайд асан нарт оноосон цаазын ялыг түдгэлзүүлжээ

Хятад Батлан ​​хамгаалахын сайд асан нарт оноосон цаазын ялыг түдгэлзүүлжээ
Нийтэлсэн 2026 оны 5 сарын 8
БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд асан хоёр хүнд авлигын хэргээр цаазаар авах ял оноосон ч уг ялыг түдгэлзүүлсэн талаар төрийн хэвлэлүүд мэдээллээ.
Цэргийн шүүх пүрэв гарагт Вэй Фэнхэ болон Ли Шанфу нарт хоёр жилийн хугацаатай түдгэлзүүлсэн цаазын ял оноосон байна. Энэ нь тэдний ялыг хоёр жилийн дараа бүх насаар хорих ял болгон өөрчлөх бөгөөд ялыг хөнгөрүүлэх, хугацаанаас өмнө суллах боломжгүй гэсэн үг гэж Циньхуа агентлаг мэдээлжээ.
Хоёр албан тушаалтныг хоёуланг нь хээл хахууль авсан хэрэгт буруутай гэж үзсэн бөгөөд тэдний бүх хувийн хөрөнгийг хураасан байна.
Энэхүү мэдэгдэл Хятадад өрнөж буй авлигын эсрэг өргөн хүрээний шалгалтын хүрээнд цэргийн дээд албан тушаалтнууд ээлж дараалан огцорч байгаатай холбоотойгоор гарчээ.
Вэй Фэнхэ 2018-2023 онд батлан хамгаалахын сайдаар ажилласан бөгөөд 2023 оны гуравдугаар сард түүний оронд Ли Шанфу томилогдсон байна. Харин Ли Шанфугийн сайдын албан тушаал дахь хугацаа харьцангуй богино байв. Тэрээр 2023 оны аравдугаар сард огцорсон бөгөөд үүнээс хоёр сарын өмнө олон нийтийн нүднээс гэнэт алга болсон нь түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн гэх таамгийг дэвшүүлэхэд хүргэж байжээ.
Ли нь их хэмжээний мөнгөн хахууль авсан, мөн бусдад хахууль өгсөн хэрэгт сэжиглэгдэж байсан бөгөөд мөрдөн шалгалтаар түүнийг улс төрийн үүргээ биелүүлээгүй, өөртөө болон бусдад хувийн ашиг хонжоо хайсан гэж тогтоожээ. Харин 2023 онд Вэй Фэнхэгийн эсрэг эхлүүлсэн мөрдөн шалгалтаар тэрээр их хэмжээний мөнгө болон үнэт зүйлс хахуульд авсан, мөн хүний нөөцийн томилгоонд бусдад хууль бус давуу байдал олгоход тусалсан нь тогтоогдсон гэж мэдээлж байв.
Хоёрдугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин авлигын эсрэг цэргийн хүрээний цэвэрлэгээний талаар олон нийтийн өмнө дурдсан бөгөөд энэ ажиллагааны хүрээнд тус улсын өндөр албан тушаалтай генерал Жан Юушя мөн албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байгаа юм.
Ши Жиньпин эрх мэдэлд гарснаасаа хойш авлигын эсрэг олон удаагийн томоохон ажиллагаа эхлүүлсэн бөгөөд шүүмжлэгчдийн үзэж буйгаар эдгээр ажиллагааг улс төрийн өрсөлдөгчдөө зайлуулах хэрэгсэл болгон ашиглаж ирсэн аж.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн