Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Трампын зөвлөлтэй хэлэлцээ хийж байсан ХАМАС-ын удирдагчийн хүү Израилын довтолгоонд өртөж амиа алджээ

Трампын зөвлөлтэй хэлэлцээ хийж байсан ХАМАС-ын удирдагчийн хүү Израилын довтолгоонд өртөж амиа алджээ
Нийтэлсэн 2026 оны 5 сарын 8
Газын ирээдүйн асуудлаарх АНУ-ын зуучлалтай хэлэлцээнд оролцож байсан ХАМАС бүлэглэлийн ахлах хэлэлцээчийн хүү Израилын агаарын цохилтын улмаас амиа алдсан талаар ХАМАС-ын өндөр албан тушаалтан пүрэв гарагт мэдэгдлээ. Энэ үеэр тус бүлэглэлийн удирдлагууд Израилтай байгуулсан гал зогсоох хэлэлцээрээ хадгалж үлдэх зорилгоор Каир хотод хэлэлцээ хийж байв.
ХАМАС-ын төлөөлөгчдийн мэдээлснээр ХАМАС-ын удирдагч Халиль Аль-Хайягийн хүү Аззам Аль-Хайя лхагва гарагийн шөнө болсон Израилын цохилтод өртөж шархадсан бөгөөд пүрэв гарагт нас баржээ. Израилын арми энэ талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.
Мөн пүрэв гарагт Газын Эрүүл мэндийн байгууллага болон ХАМАС-ын хяналтад байдаг Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, Газа хотын баруун хэсэгт байрлах цагдаагийн пост Израилын агаарын цохилтод өртсөний улмаас дор хаяж гурван цагдаа амиа алдаж, нэг цагдаа шархадсан байна.
Харин Израилын арми Газын зурвасын хойд хэсэгт байрлах ХАМАС-ын командын төвд цохилт өгч, дотор нь байсан хэд хэдэн цэргийг устгасан гэж мэдэгдэв. Түүнчлэн тэдгээр этгээдүүд Израилын цэрэг болон энгийн иргэдийн эсрэг “террорист халдлага зохион байгуулах, хэрэгжүүлэхээр ажиллаж байсан” гэж тайлбарлажээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, Израил сүүлийн үед Газа дахь ХАМАС-ын хяналттай цагдаагийн хүчний эсрэг довтолгоогоо эрчимжүүлсэн байна. ХАМАС тус хүчнийг өөрийн хяналт тогтоосон бүсүүдэд нөлөөгөө бэхжүүлэхэд ашигладаг аж.
Израилын өмнөх довтолгоонуудаар түүний өөр гурван хүү амиа алдаж байв
Долоон хүүхэдтэй Халиль Аль-Хайя өмнө нь Израилын хэд хэдэн аллагын оролдлогоос амьд гарч байжээ. Өнгөрсөн жил Доха хотод ХАМАС-ын удирдлагыг онилсон Израилын цохилтоор түүний нэг хүү амиа алдсан ч өөрөө амьд үлдсэн байна. Мөн 2008, 2014 онуудад Газад болсон Израилын цохилтуудын үеэр өөр хоёр хүү нь амиа алджээ.
Лхагва гарагийн шөнийн халдлагын дараа, хүүгийнх нь үхлийг албан ёсоор зарлахаас өмнө Аль-Хайя “Al Jazeera” сувагт ярилцлага өгөхдөө Израил АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын төлөвлөгөөг хэрэгжүүлэх зуучлагчдын оролдлогыг нураахыг оролдож байна гэж буруутгасан байна. Уг төлөвлөгөөг “Энхийн зөвлөл” хэмээх бүтэц хянаж байгаа аж.
“Эдгээр сионист халдлага, зөрчлүүд нь эзлэн түрэмгийлэгч тал гал зогсоох хэлэлцээр болон эхний шатны тохиролцоог мөрдөх хүсэлгүй байгааг тодорхой харуулж байна” гэж Аль-Хайя мэдэгджээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн