Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх юм.
Өөрөөр хэлбэл, 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгоно гэж заасан бол Ерөнхийлөгчийн тухай хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна гэсэн хэвээр байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэж иргэн Д.Отгонбат Цэцэд гомдол гаргасан.
Цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Сандаг-Очир гишүүн оролцож байгаа бол хуралдааныг Цэцийн дарга Г.Баясгалан даргалж байна. Асуулт хариулт дууссаны дараа Цэцийн гишүүд зөвлөлдөх ажиллагаанд шилжлээ. Дунд суудлын хуралдааны шийдвэрийг 10.30 цагт танилцуулна.
Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан иргэн Д.Отгонбат: 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, дагаж мөрдөх журмын тухай хууль мөн баталж, холбогдох хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Үүнд Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуваарь гаргасан. Үүний дагуу 2020 онд Ерөнхийлөгчийн хуулийг Үндсэн хуульд нийцүүлж өөрчлөх байсан. Өнөөдөр 2026 он. Үндсэндээ зургаан жил Үндсэн хуулийн өөрчлөлтөд хуулиудыг нийцүүлээгүйгээс Үндсэн хуулийн зөрчил болсон. УИХ эс үйлдэхүйгээр Үндсэн хуулийн зөрчлийг бий болгож байна.
Цэцийн гишүүн О.Мөнхсайхан: 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараа хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хуваарийг 2020 оны УИХ-ын хоёрдугаар тогтоолоор баталсан. Төрийн байгуулалтын байнгын хорооноос энэ хуваарьт заасны дагуу буюу хугацаанд нь 5 удаа Ерөнхийлөгчийн хуулийн төслийг өргөн мэдүүлэх албан бичгийг Засгийн газарт хүргүүлсэн байна. 2020 оны УИХ-ын сонгуулиар байгуулагдсан УИХ, ТББ-ны зүгээс Ерөнхийлөгчийн хуулийг Үндсэн хуульд нийцүүлэхээр авсан арга хэмжээ байгаа юу. Мөн 2028 он хүртэл хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд Ерөнхийлөгчийн болон бусад хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх ажил тусаагүй байна. Энэ ямар учиртай вэ?
УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сандаг-Очир: Манай Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын 2020 оны хоёрдугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс 2020 онд гурав, 2021 онд хоёр удаа Ерөнхийлөгчийн хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх албан бичгийг Засгийн газарт хүргүүлж байсан. Энэ хугацаанд хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх ажил хийгдээгүй байна. Өнөөдрийг хүртэл зургаан жилийн хугацаанд Засгийн газар, УИХ Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулиудыг өөрчлөөгүй. Нэг үгээр, 2020 оны хоёрдугаар тогтоол өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй явж байна гэсэн үг.
Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан иргэн Д.Отгонбат: 2021 оны зургадугаар сарын 16-ны Засгийн газрын хурлын тэмдэглэл байналээ. Үүнд Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэн найруулаад УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов гэсэн байна. Засгийн газраас хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан зүйл байдаг уу?
УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сандаг-Очир: Засгийн газраас хуулийн төслийг өргөн бариагүй. Тиймээс УИХ өнөөдрийг хүртэл хуулийн төслийг хэлэлцээгүй, хууль хоорондын зөрчил байна.