Сүүлийн үед түрээсийн үнэ огцом өссөнөөр жижиг, дунд бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болжээ. Ялангуяа оёдол, гоо сайхан, үсчин, жижиглэн худалдаа зэрэг үйлчилгээний салбарт ажиллаж буй иргэдийн хувьд түрээс, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг нь дарамт болж байгааг хэллээ. Тэдний ярьж байгаагаар орлого буурч, ашиггүй ажиллах болсон ч үйлчилгээний үнээ нэмэхээс аль болох зайлсхийж, үйлчлүүлэгчдээ бодон үнээ барихыг хичээж байгаа аж.
Гэвч түрээсийн үнэ ойр ойрхон нэмэгдэж байгаа нь олон бизнес эрхлэгчийг өр, зээлийн дарамтад оруулж, зарим нь үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ. Тиймээс хувиараа бизнес эрхлэгчдэд түрээсийн үнийн зохицуулалт, бизнес эрхлэгчдэд ээлтэй бодлого шаардлагатай байгаа юм. Ийнхүү сүүлийн үед жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тулгарч буй нөхцөл байдал, түрээсийн дарамтын талаар хувиараа бизнес эрхлэгчдийн байр суурийг тодрууллаа.
Манай энэ хавийн олон газар түрээсээ дийлэхгүй гараад эхэлсэн байна. Хажуу хавиар ажиллаж байсан газрууд хаагдаад, байхгүй болсон
Хувиараа бизнес эрхлэгч н.Солонго: Манай түрээс саяхан 160 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Миний хувьд жижиг, 12 м.кв талбай түрээсэлдэг болохоор арай бага түрээс төлдөг. Гэхдээ түрээс ойр ойрхон нэмэгдсээр байна. Харин орлого бол эсрэгээрээ буурсаар байгаа. Иргэдийн худалдан авах чадвар муудсан болохоор түрээсээ төлөхөд хүртэл хэцүү болж байна.
Манай энэ хавийн олон газар түрээсээ дийлэхгүй гараад эхэлсэн байна лээ. Хажуу хавиар ажиллаж байсан газрууд ч хаагдаад, байхгүй болсон. Миний хувьд бизнес эрхлэхэд хамгийн том бэрхшээл нь түрээс болоод байна. Тогтсон үнэ гэж байхгүй, байж байгаад л түрээсээ нэмчихдэг. Энэ нь үнэхээр том дарамт болж байна. Төрөөс түрээсийн үнэд тодорхой хязгаар тавьж өгөөсэй гэж боддог. Хувь хүмүүс дур мэдэн түрээсээ нэмсээр байна.
Түрээс 30 хувиар нэмэгдсэн. Гэтэл үйлчлүүлэгчид цөөрөөд, иргэдийн үйлчилгээ авах чадвар муудаж байна
Хувиараа бизнес эрхлэгч Ц.Ундрам: Би 2019 оноос хойш долоон жил гоо сайхны газраа ажиллуулж байна. Ер нь бизнесээ чөлөөтэй эрхэлж, ажлаа тайван явуулахад хэцүү байдаг. Энд тэндээс янз бүрийн дарамт ирнэ. Тийм газрын шаардлага, ийм газрын шалгалт гээд л ер нь ажлаа тайван хийх боломжгүй. Түрээсийн хувьд би хувь хүнтэй гэрээ хийсэн. Тэгэхээр орон сууцны үнэ, бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөр дагаад түрээс нь ч өсчихдөг. Бас нэг хүндрэлтэй зүйл нь улсаас гэнэтийн шийдвэрүүд их гаргадаг. Манай дээр шаардах хуудас ороод ирдэг. Урьдчилж ийм шийдвэр гарсан гэж мэдэгддэг бол арай өөр байх болов уу гэж боддог. Жишээ нь, гадаа тэдэн метр квадрат хэмжээтэй хаяг байрлуулна гэсэн журам байлаа гэхэд бид тэрийг нь мэдээгүй байхад л шууд хаягаа буулга гээд ороод ирдэг.
Ер нь түрээс 2-3 жил тутамд нэмэгддэг байсан. Харин сая бол маш огцом өссөн. Бараг 30 хувиар нэмэгдсэн. Түрээс нэмэгдээд байдаг, гэтэл үйлчлүүлэгчид цөөрөөд, иргэдийн үйлчилгээ авах чадвар ч муудаж байна. Дээрээс нь бидний хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнэ ч 5-10 хувиар өссөн. Түрээс, барааны үнэ нэмэгдчихээр дагаад үйлчилгээний үнээ нэмэхээс өөр аргагүй. Гэхдээ үйлчлүүлэгчдээ бодоод үнээ барих гэж их хичээдэг. Бараг л үйлчилгээний үнээ нэмээгүй явж байна. Түрээсийн асуудлыг л илүү нарийвчлаад, хуульчилж өгөөсэй гэж боддог. Би шантраад саяхан бүр больдог дээрээ тулсан. Түрээсээ төлөхийн тулд хүнээс мөнгө зээлнэ, их хэцүү. Гэхдээ бас шууд больж чадаагүй. Хүүхэд маань том болчихсон, удахгүй их сургуульд орох юм.
Чадан ядан л өнөө маргаашаа болгож байна. Өр шир, зээлээс зээлийн хооронд л амьдарч байна
Хувиараа бизнес эрхлэгч У.Отгон: Манай сарын түрээс найман сая төгрөг. Гэтэл өдөртөө дунджаар 300 гаруй мянган төгрөгийн л орлоготой байна. Их сайн орлого орлоо гэхэд 600 мянган төгрөг хүрнэ. Ингээд бодохоор үнэхээр хэцүү. Тэтгэврийн мөнгө хаанаа ч хүрэхгүй, авсан тэтгэвэр нь ихэнхдээ зээлийн төлбөртөө явчихдаг. Түрээсээ 5-6 сараар нь урьдчилаад авна гэдэг нь маш хүндрэлтэй. Сар сардаа өгдөг бол арай боломжийн байхсан. Гэтэл манайх бөөнд нь авдаг болохоор хэцүү байдаг. Одоо бол чадан ядан л өнөө маргаашаа болгож байна. Өр шир, зээлээс зээлийн хооронд л амьдарч байна. Энэ дэлгүүрээ ажиллуулаад дөрвөн сар болж байгаа. Иргэдийн худалдан авах чадвар үнэхээр муу байна. Цагаан сарын үеэр л бараа гайгүй гүйсэн. Одоо бол хямдхан бараа байлаа ч хүмүүс авч чадахгүй байна. Орж ирээд ганц хоёрхон юм аваад л гарч байна. Бараагаа татахад ч хил гааль дээр үнэ нэмэгдсэн гээд барааны үнэ өсчихсөн.
Дээрээс нь энэ байр өмнө нь ресторан байсан гэсэн. Тэрнээс болоод тог, усны мөнгө маш өндөр гардаг. Гэтэл манайх чинь тийм их хэрэглээтэй биш, тог дулаанаа л ашиглаж байгаа. Саяхан өндөр настай хүмүүст 15 сая төгрөгийн зээл олгоно гэж сонслоо. Тэрийг нь л олоод авчих юмсан гэж бодож байна. Манай түрээс харин ч гайгүй талдаа юм байна лээ. Энэ хавьд зарим газар 10 гаруй сая төгрөгийн түрээстэй гэсэн. Бүр сарын 16 сая төгрөгийн түрээстэй гэж ярьж байгаа газар ч байна.
Хувиараа бизнес эрхлэгч А.Дулмаа (нэрийг өөрчлөв) Манай үсчингийн газрын хувьд татварын дарамт харьцангуй бага байдаг. Бид хувь хүнээр үйл ажиллагаа явуулдаг болохоор тэр байх. Гэхдээ мэдээж орлого, зарлага багасах үе гарна. Сүүлийн үед хамгийн их дарамт болж байгаа зүйл нь түрээсийн үнэ огцом өссөн явдал.
Одоо манай газар сарын дараа татан буугдах гэж байгаа. Түрээсээ дийлэхээ болиод, ашиггүй ажиллаж, олсон орлогоороо зарлагаа нөхөж чадахгүй явсаар маш хүнд нөхцөл байдалд орсон.
Жижиг газрууд арай гэж л тогтож үлдсэн, харин ажилчидтай том газрууд хэцүүдэж, зарим нь бүр дампуурсан
Хувиараа бизнес эрхлэгч Б.Нансал (нэрийг өөрчлөв) Би оёдлын газраа олон жил ажиллуулж байгаа болохоор өөрийн гэсэн байнгын үйлчлүүлэгчидтэй. Тиймээс арай гайгүй явж байна. Харин олон салбартай, олон хүн цалинжуулж, өндөр түрээс төлдөг газруудын хувьд байдал маш хүнд байгаа. Саяхан л гэхэд олон газар дампуурлаа шүү дээ. Жижиг газрууд харьцангуй тогтож байна, харин арай томорч, ажилчинтай болсон газрууд хэцүүдсэн.
Сүүлийн үед оёдлын салбар ер нь эвгүй байна. Хүмүүс монгол хувцсаа Цагаан сар, наадмаар л өмсөж байна. Дээрээс нь урд хөршөөс бэлэн монгол хувцас ихээр орж ирдэг болсон гэсэн. Би ч бас хүн авч ажиллуулмаар л байдаг. Гэхдээ ажиллуулна гэхээр татвар, цалин гээд зардал нь дийлдэхгүй. Ер нь манай эргэлт их муу байгаа. Одоо оёдлын газар, гутал засварын газар ажиллуулахад заавал тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болсон байсан. Миний хувьд өнөө маргаашаа л болгож байна. Монгол хувцас чинь улирлын чанартай борлуулагддаг. Одоогоор хонхны баяр, одонтой ээжийн дээлний захиалга л орж ирж байна.