Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Анарыг томилжээ. Томилгоог хийгээд багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд Б.Анар нь Ерөнхий сайд Н.Учралыг УИХ-ын дарга байхад Эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөхөөр нь томилогдон ажиллаж байжээ. Тэрээр МУИС-д бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг, АНУ-ын Жоржиа мужийн их сургуульд Төрийн санхүүгийн удирдлагаар магистрын зэрэг тус тус хамгаалсан бөгөөд одоо МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцаж байгаа аж. Ажлын гараагаа Сангийн яаманд худалдан авах ажиллагааны мэргэжилтнээр эхлүүлж, улмаар төсвийн бодлогын мэргэжилтэн, Санхүүгийн бодлогын газрын хэлтсийн даргаар ажиллан төсөв, санхүүгийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр ажилласан. Мөн 2025 онд Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, Эдийн засаг, хөгжлийн яаманд Хөрөнгө оруулалтын бодлогын газрын даргаар ажиллаж байсан юм. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат өөрийн хүсэлтээр оны өмнө үүрэгт ажлаа өгснөөс хойш Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилоогүй байсан юм.