Нийслэлийн онцгой байдлын газраас гал түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Хүдэрчулуун: 2026 оны байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 897 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдэж, онцгой байдлын алба хаагчид гал унтраах, аврах ажиллагаанд ажилласан байна. Үүнээс дүүргээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 223, Сонгинохайрхан дүүрэгт 210, Хан-Уул дүүрэгт 109, Сүхбаатар дүүрэгт 102, Чингэлтэй дүүрэгт 96, Баянгол дүүрэгт 94, Налайх дүүрэгт 32, Багануур дүүрэгт 24, Багахангай дүүрэгт 1 удаагийн тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн Төв аймагт 6 удаагийн гал түймэр гарсан.
Гал түймрийн төрлөөр нь харвал байшинд 228, хогийн пункер болон хогийн цэг дээр 222, шар өвсний гал 60 удаа гарсан нь нэлээд өндөр үзүүлэлт юм. Харин шалтгаан нөхцлийн хувьд нийт гал түймрийн 56.41 хувь нь ил галын буруу хэрэглээнээс үүдэлтэй буюу хүний болгоомжгүй үйлдлээс шалтгаалсан байна. Тухайлбал, тамхи татах, шүдэнз зурах, гагнуур хийх, үнс нурмыг хараа хяналтгүй орхих зэрэг нь хамгийн түгээмэл шалтгаан байсан. Эдгээр 897 удаагийн дуудлагын улмаас нийт 9 хүний амь нас хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн Хан-Уул, Баянзүрх дүүргүүдэд ой, хээрийн түймэр гарсан.
Нийслэлийн онцгой байдлын газрын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар: Жил бүрийн гуравдугаар сарын 15-наас зургадугаар сарын 20 хүртэлх хугацаа бол нэн хуурайшилттай үе байдаг. Тиймээс энэ хугацаанд ой, хээрийн түймэр гарах эрсдэл маш өндөр тул иргэн бүр хариуцлагатай, сонор сэрэмжтэй байх шаардлагатай. Жишээлбэл, өнгөрсөн дөрөвдүгээр сард Богд ууланд нэг удаагийн ой, хээрийн түймэр, мөн хоёр удаагийн шар өвсний түймэр гарсан. Мөн тавдугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд шар өвсний гал гарч, улмаар таван айлын хашаа, таван гэр, нэг байшин, нэг амбар шатаж, айл өрхүүдэд ихээхэн хохирол учирсан. Энэ нь шууд утгаараа иргэдийн болгоомжгүй, буруутай үйлдэлтэй холбоотой. Шар өвс нь шатахуунтай адил хурдан асаж, маш амархан тархдаг гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.
Одоогоор нийслэлийн ногоон бүсүүдэд Байгаль орчны газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар хамтран хяналт шалгалтыг эрчимжүүлээд байна. Тодруулбал, таван дүүргийн 33 байршилд хөдөлгөөнт бүлгүүд ажиллаж, иргэдээс гал түймэр гаргахгүй байх баталгаа гаргуулж, гарын үсэг авч байна. Одоогийн байдлаар 20 гаруй иргэнд нийт 2 сая гаруй төгрөгийн торгууль ногдуулаад байна. Хэрэв шар өвс шатааж байгаад гал алдаж, бусдын эд хөрөнгөд хохирол учруулбал эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авна. Өмнөх онд энэ төрлийн 231 удаагийн дуудлага бүртгэгдсэн бол энэ жил өнөөдрийн байдлаар 70 гаруй удаагийн дуудлага бүртгэгдээд байгаа нь ойролцоогоор 67 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэхдээ анхаарах нэг зүйл нь гал түймрийн шалтгаан нөхцөлүүд өөрчлөгдөхгүй, давтагдсаар байгаа. Тиймээс тоо буурсан ч эрсдэл өндөр хэвээр, ялангуяа шар өвсний түймрийн тархалт, хор хохирол их байгааг иргэд онцгойлон анхаарах шаардлагатай байна.