Open iToim app
Спорт | 3 мин уншина

Ирэх жилийн Лондонгийн марафонд 1 сая 338 мянган хүн оролцохоор бүртгүүлж, рекорд тогтоолоо

Ирэх жилийн Лондонгийн марафонд 1 сая 338 мянган хүн оролцохоор бүртгүүлж, рекорд тогтоолоо
Нийтэлсэн 1 өдрийн өмнө
Лондоны марафон нь дэлхийн хамгийн нэр хүндтэй, хамгийн олон хүний оролцоотой холын зайн гүйлтийн тэмцээнүүдийн нэг хэвээр байна. Лондон марафоны 2027 оны бүртгэл албан ёсоор хаагдаж, оролцогчийн бүртгэл түүхэн дээд тоонд хүрсэн хэмээн зохион байгуулагчид зарлалаа.
Энэ удаагийн марафонд нийт 1,338,544 хүн сугалаанд бүртгүүлсэн нь өмнөх бүх жилийн амжилтыг эвдсэн үзүүлэлт юм. Өмнөх жил буюу 2026 онд 1.13 сая хүн бүртгүүлж байсан бол энэ жил даруй хэдэн зуун мянгаар нэмэгдсэн нь марафоны нэр хүнд тасралтгүй өсөж байгааг харуулж байна.
Лондоны марафон жил ирэх тусам зөвхөн мэргэжлийн тамирчдын бус, жирийн иргэдийн хувьд ч “амьдралдаа нэг удаа оролцох ёстой марафон” болжээ. Энэ өсөлтөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.
Нэгд, марафон нь зөвхөн спортын уралдаан биш, харин дэлхий даяар хандив босгох хамгийн том платформуудын нэг юм. Жил бүр оролцогчид өөрсдийн сонгосон буяны байгууллагад сая сая фунт стерлинг цуглуулдаг. Энэ нь хүмүүсийг зөвхөн гүйх зорилгоор бус, нийгэмд хувь нэмэр оруулах зорилгоор бүртгүүлэхэд хүргэдэг.
Хоёрт, олон улсын аялал жуулчлалын сэргэлт, спортын арга хэмжээнүүдийн эрэлт нэмэгдсэн нь марафонд оролцох хүслийг нэмэгдүүлжээ. Лондон хот өөрөө дэлхийн аялал жуулчлалын төвүүдийн нэг учраас марафон нь жуулчдын сонирхлыг ихээр татдаг.
Гуравт, сошиал медиа болон спортын урам зориг өгөгч контентууд хүмүүсийг марафонд оролцохыг илүү их уриалж байна. Олон хүн өөрийн биеийн тамир, эрүүл амьдралын хэв маягийг батлах нэг арга болгон марафонд оролцохыг зорьдог болсон.
undefined
Лондоны марафон 2026 онд мөн түүхэн амжилт тогтоосон. Тухайн жил 59,830 хүн барианд орсон нь дэлхийн хамгийн их барианд орсон марафонуудын нэг болсон байна. Энэ нь зохион байгуулалт, аюулгүй байдал, оролцогчдын бэлтгэл зэрэг олон хүчин зүйлсийн өндөр түвшинг харуулдаг. Мөн Лондоны марафон нь оролцогчдыг шууд сонгодоггүй, харин сугалааны системээр шийддэг. Энэ нь олон сая хүний дундаас шударга байдлаар оролцогчдыг сонгох хамгийн зөв арга гэж үздэг.
2027 оны хувьд ч мөн адил сугалааны үр дүнг долдугаар сарын эхээр зарлана гэж зохион байгуулагчид мэдэгдсэн. Оролцох хүсэлтэй хүмүүсийн тоо ийм өндөр байгаа тул шалгаруулах магадлал маш бага байна. Лондонгийн марафон нь зөвхөн спортын тэмцээн биш, дэлхийн эдийн засагт ч томоохон нөлөө үзүүлдэг. Судалгаагаар марафон зохион байгуулагдах үеэр Лондон хотод ойролцоогоор 400 сая паунд буюу 1.7 их наяд төгрөг хүртэлх эдийн засгийн эргэлт үүсдэг гэж үздэг. Энэ нь зочид буудал, ресторан, тээвэр, худалдаа зэрэг олон салбарт шууд нөлөөлдөг.
undefined
2027 оны Лондоны марафон дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Зохион байгуулагчид оролцогчдын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор ирээдүйд марафоныг хоёр өдөр үргэлжлүүлэх боломжийг хүртэл судалж байна.
Дэлхийн хамгийн том марафонууд         
“London Marathon” нь дэлхийн хамгийн их эрэлттэй марафон гэж тооцогддог. Жил бүр 1 сая гаруй хүн сугалаанд бүртгүүлж, 50 мянга орчим нь оролцдог. Лондон хотын төв гудамжаар дамжин өнгөрөх энэ уралдаан нь Tower Bridge зэрэг алдартай газруудыг хамардаг бөгөөд буяны хандив босголтоороо дэлхийд тэргүүлдэг.
“New York City Marathon” нь дэлхийн хамгийн олон оролцогч барианд ордог марафон юм. Нью-Йоркийн 5 дүүргийг дамжин гүйдэг энэхүү тэмцээнд жил бүр 50 мянга гаруй хүн барианд орж, хот бүхэлдээ спортын баярын уур амьсгалд ордог. Энэ нь хамгийн олон барианд орсон хүмүүстэй марафон гэж нэрлэгддэг.
“Tokyo Marathon” нь Азийн хамгийн том марафон бөгөөд өндөр зохион байгуулалт, цэвэр орчин, дэвшилтэт технологиороо алдартай. Жил бүр 30–38 мянган гүйгч оролцдог бөгөөд сугалааны өрсөлдөөн маш өндөр байдаг.
“Berlin Marathon” нь дэлхийн хамгийн хурдан марафон гэж нэрлэгддэг. Тэгш замтай учир олон дэлхийн рекорд энд тогтоогдсон. 45 мянга орчим тамирчин оролцдог бөгөөд Бранденбургийн хаалганы дэргэд барианд ордог нь онцлог юм.
“Chicago Marathon” нь Америкийн хамгийн хурдан марафонуудын нэг. Чикаго хотын тэгш зам, өргөн маршрут нь хурд гаргах боломжийг олгодог бөгөөд 40 мянга гаруй оролцогчтой, сая гаруй үзэгчтэй томоохон спортын үйл явдал юм.
“Boston Marathon” нь дэлхийн хамгийн эртний марафон бөгөөд 1897 оноос хойш зохион байгуулагдаж байна. Зөвхөн тодорхой хугацааны шалгуур давсан тамирчид оролцдог тул нэр хүнд маш өндөр. “Heartbreak Hill” гэх алдарт өгсүүр нь тэмцээний хамгийн хүнд хэсэгт тооцогддог.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн