Open iToim app
Эдийн засаг | 10 мин уншина

Б.Лхагважав: Бизнес эрхлэх хүсэл тэмүүлэл жил ирэх тусам багасч байна

Б.Лхагважав: Бизнес эрхлэх хүсэл тэмүүлэл жил ирэх тусам багасч байна
Нийтэлсэн 2026 оны 5 сарын 6
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 
-Манай улсын эдийн засаг, бизнесийн орчин ямар түвшинд байна вэ?
-Макро эдийн засгийн 6.7 хувийн өсөлттэй байсан талаар бүгд ярьж байна. Энэхүү өсөлт нь сүүлийн нэг жилийн хугацаанд бизнес эрхлэгч, малчин, тариаланчдын хийсэн ажлын бодит үр дүн гэж харж байна. Энэ хугацаанд улс төрийн түвшинд манлайлал гэхээсээ илүү тэмцэл, зөрчил давамгайлсан. Одоо ч үргэлжилж байна. Улстөрчид тэмцлээ үргэлжлүүлж, хоорондоо хэрэлдэж байх хооронд бизнесүүд өөрийн жамаараа явж, тодорхой үр дүнд хүрсэн. Гадаад, дотоод нөхцөл байдлаас харахад төрөөс зөв бодлого гаргахгүй бол асуудал цаашид хүндрэх эрсдэл ажиглагдаж байна. Хамгийн наад зах нь мөнгөний эрэлт буурч байна. Ялангуяа дундаж иргэдийн орлого хумигдаж байгаагаас гадна компаниуд эргэлтийн хөрөнгийн дутагдалд орчихлоо. Манайх үйлчилгээ давамгайлсан бизнестэй. Гэтэл өнөөдөр хоосон оффис, хоосон үйлчилгээ талбай их болсон нь бизнесийн идэвх буурч байгааг харуулж байна. Энэ бол бизнес унтарч эхэлж байгаагийн шинж. Танхимаас жил бүр бизнесийн орчны судалгаа хийдэг. 2025 оны судалгааны үр дүнгээс харахад, хүмүүс аж ахуй эрхлэх, компани байгуулах, хамт олон авч явах хүсэл тэмүүлэл улам багасжээ. Энэ нь барилга, уул уурхайн салбарт гайгүй дундаж үзүүлэлттэй байгаа ч бусад салбарт буурч байна. Ялангуяа үйлчилгээний салбарт ийм үзэгдэл эрс нэмэгдэж буй статистик гарсан. Аж ахуй нэгж байгуулаад аваад явна гэдэг нь хүнээс асар их тэмүүлэл, хүч нөөц гардаг үйл явц. Компани байгуулж тамга тэмдэг авснаараа болдог эд биш. Манай улсад 240 мянган компани улсын бүртгэлд бүртгэлтэй байгаагаас нарийндаа 100 мянга орчим нь бодит үйл ажиллагаа явуулж байна. Энэ дотроо НӨАТ төлөгч компани гэвэл 50 мянга байна. Үлдсэн 140 мянга гаруй компани зүгээр цаасан дээр оршиж байна. Бизнес эрхлэх хүсэлт тэмүүлэл унаж буй нь таагүй үзэгдэл. Үүнийг сэргээх хэрэгтэй. Хүн хөдөлмөр эрхэлж, хөдөлмөрийн хамт олон авч явсныхаа төлөө хохирч болохгүй. Одоо үүнд анхаарах хэрэгтэй байна. 
-Бизнес эрхлэх хүсэл эрмэлзэл буурч буй шалтгаан нөхцөл нь юу байна вэ? 
-Сүүлийн 12 жилийг авч үзье. 2013-2016 оны уул уурхайн салбарын хямрал, цар тахлын үе, өнгөрсөн дөрвөн жилийн турш үргэлжилж буй дайн гээд манай аж ахуй нэгж авч яваа хүмүүст толгой өндийж, амьсгаа авах зав гарсангүй. Төгрөгийн ханш бараг 2.3 дахин унасан. Валютын ханш ч савлагаатай байна. Сүүлдээ энэ бүх зүйл нь өөрт нь зовлон болж эхэллээ. Манайд ажлын байр бий болгож бизнес эрхэлнэ гэдэг хэцүү. Нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвар төлнө. Тухайн ажлын байрыг бий болгох, орчныг нь бүрдүүлэхэд олж буй жаахан зүйлээ зарцуулдаг. Ний нуугүй хэлэхэд, сүүлийн жилүүдэд компаниудад олигтойхон амьсгаа авч, сэтгэлийн тэнхээ мэдрэмж авах цаг хугацаа байсангүй.
Өнөөдөр 100 сая төгрөгөөр бизнес эхлүүлж байхаар банканд хадгалчихсан нь хамаагүй амар. Учир нь 100 сая төгрөг банкнаас зээлж бизнес эрхлэлээ гэхэд доод тал нь орлогоо 151 саяд хүргэж байж нэг сая төгрөгийн ашиг олох уу, үгүй юутай байна. Үүний оронд 100 сая төгрөгөө хадгалчихвал жилд 10 сая төгрөг банкнаас авах боломжтой. Өнөөгийн нөхцөлд хүмүүст энэ арга нь хамаагүй амар. Хөдөө аж ахуйн салбарт энэ асуудал бүр илүү байна. Яг нарийндаа мал аж ахуйг залгамжлаад аваад явах залгамж халаа асар бага болсон. Зуун малчин байлаа гэхэд хоёр гурван л үр хүүхдэдээ мал аж ахуйгаа өвлүүлье гэж байна. Харин үлдсэн нь хот бараадуулъя, энэ хүнд амьдрал надаар дуусга гэсэн бодолтой хүмүүс олон.
Би саяхан Польш улсад очоод ирлээ. Энэ улс 37 сая хүнтэй, үүний 1.2 сая нь газар тариалан эрхэлдэг. Тэнд улс аж ахуйн хөдөөгийн хөгжлийн яам гэж байдаг. Үндсэн хуульд нь хөдөө аж ахуйн үндэс нь тариаланг гэсэн байдаг. Иймээс уламжлалт мал аж ахуйгаа авч үлдэхийн тулд гэртээ үлдэж байгаа хүүхдэд 200 мянган евро хүртэлх тэтгэлэг өгч байна. Манай улс үүнтэй ижил хөтөлбөр хэрэгжүүлж, мал малчин хоёрын асуудлыг шийдэхгүй бол хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүн байхгүй боллоо. Газар тариалангийн салбарыг сайн ухаад үзэх юм бол энэ үзэгдэл илүү харагддаг. Яг мэргэжлийн тариаланч улам багасаж байна. Ийм асуудал бусад салбарт ч орж ирлээ. Тэгэхээр улсаараа ажлын байр гаргаж, нийгмийн баялгийг хамтдаа бүтээе.
Нийгмийн баялгийг бүтээх цорын ганц зэмсэг бол хөдөлмөр. Үүний цаана хөдөлмөрийн хамт олон бий. Ийм зүйлгүй болчихвол улс маш хүнд байдалд орно. Тэгэхээр улсын бодлого хөдөлмөрийн хамт олныг аль болох бөх бат байлгахад чиглэх ёстой. Европын улсуудын тендерээр хийсэн ажил яагаад чанартай байдаг вэ? Тэнд ерөөсөө ганц л механизм байна. Тэндээс ашиг олно гэвэл ганцхан цалингийн фонтоор л олж болно. Тендерт ажиллаж буй компанийн ажилчдын цалингийн фонд нь өндөр байдаг. Ердийн ажилтан хоёр сая төгрөгийн цалинтай байхад тендерт ажиллаж буй ажилтан гурван сая төгрөгийн цалин авдаг. Энэ утгаараа энд хамгийн сайн мэргэжилтэн ажилладаг. Тэр хүний нэр төрийн баталгаа хийсэн зүйл нь байдаг учраас хамгийн сайн түүхий эд, техникийг нэхнэ. Эцсийн эцэст нийгэм, компани, ажилчин гээд бүгд хожно.
Барууны оронд цалингийн фондын төлөө яваа бүлэг хүнийг компани гээд байгаа шүү дээ. Манайх 1993 онд ашгийн төлөө яваа хүнийг компани гээд бараг тухайн үед хоцрогдож байсан зүйлийг тодорхойлолт болгосон. Ковид, дайн байлдааны үеийг харахад бүх л улс хөдөлмөрийн хамт олноо яаж хүндрэлээс эвтэйхэн авч гарах вэ гэсэн бодлого явуулж байна. Харин бид хамт олон гэдэг зүйлийг ч ойлгохгүй, үүнийг социализмын үе шиг ойлгоод байна. Үйл ажиллагаа явуулж буй компаниудыг харахад нийт компанийн 90 хувь нь 10 хүртэлх хүнтэй байдаг. Ийм хэмжээний ажлын байр гаргаж байгаа хүнд аль болох саад болохгүй л байх хэрэгтэй. Тухайн хүн ажлаа хийнгээ сэтгэлийн цэнгэл ч эдэлж хамт олноороо дараагийн түвшинд очих ёстой. Баялгийн нэг эсийг ч гэсэн бий болгосон гэсэн эрмэлзэлтэй болбол өөр хандлага гарч ирнэ. 
-Ерөнхий сайд чөлөөлье бодлогын хүрээнд аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжинэ. Хааж боодог биш чөлөөтэй орон зайг бий болгоно гэсэн зорилт тавьж буйгаа танилцуулж байгаа. Та үүнийг юу гэж харж байгаа вэ?
-Би ажиллаж буй хугацаандаа 35 дахь Ерөнхий сайдаа хүлээн авч байна. Асуудал бол ийм байгаа юм. Манай компаниуд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд хэд хэдэн татварын өөрчлөлтийг гаргаж, хоёр ч өршөөлийн хууль гаргаж бүгд нэг тайлан балансад орсон. Ялангуяа 2016 онд НӨАТ-ын систем ажилласнаас хойш компаниуд төсвөөс нэг тайлан балансад орсон. Энэ хугацаанд улсын төсвийн орлогод жил бүр 10 хувь давуулж өгсөн. Нэг үгээр татвар төлөгч үүргээ биелүүлж байна. Гэхдээ яг юу болов гэдгийг харахаар зохицуулж буй хууль, журам эдийн засгийн орчныхоо чөдөр тушаа болжээ. Яг нарийндаа манай журам хууль нь буцаад эдийн засгийн орчныхоо чөдөр болчхоод байна. Бидний чөлөөт зах зээлийг хангасан, өрсөлдөөнийг дэмжсэн хуулиуд шийдэл биш гэдэг нь тодорхой боллоо. Иймээс Ерөнхий сайд үүнээс чөлөөлье, болохгүй хуулиудаа буцааж засъя гэсэн зүйл ярьж байгаа гэж ойлгож байна. НӨАТ-ын хууль дээр жишээ авъя. 1997 оноос гажигтай явж байгаад 2016 онд шинэ систем рүү орохдоо процессын алдааг нь засаагүй.
Компаниуд өнгөрсөн онд 3 их наядын өртэй байсан бол энэ онд 6 их наяд төгрөг болсон. Яагаад нэг жилийн хугацаанд хоёр дахин өссөн бэ гэвэл өнгөрсөн жил тоон үзүүлэлт наанаа гайгүй гарсан боловч цаад утгаараа бүгд хасахтай гарсан. Долларын ханш 15 хувиар, төгрөгийн ханш долоон хувиар унасан. Татварын хуримтлагдсан өр бий болоод байна гэдэг нь бараа эргэлт зогсоод байна гэсэн үг.
Ороогүй орлогоо татвар гэж НӨАТ-ын тайландаа бичээд үүндээ дахиад алдагдал тооцоолоод энэ нь хуримтлагдаад хоёр их наяд буцаад явж байна. Энэ бол татварын тоон хэмжээнээс илүү татварыг авч байгаа процесс нь өөрөө алдаатай байгаагийн том илрэл. Ерөнхий сайд саяхан татварын багц хуулийг буцаан татахдаа хэд хэдэн тоон үзүүлэлтийг засаж орууллаа. Гааль дээр НӨАТ авахгүй, тайлангийн хугацааг сар болгон биш улирлаар авдаг болно гэхчлэн процесст байсан алдааг засах оролдлого хийж байна. Энэ нь сайн үр дүн. 
-Татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, батлах тухай яриад гурван жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хавар гэхэд хуулийг дахин буцааж татаад тодорхой өөрчлөлт оруулж дахин өргөн барилаа. Ер нь энэ хууль хэзээ батлагдах бол?
-Татварын багц хууль 2019 онд өөрчлөгдөх үед би нэлээд оролцоотой ажилласан. Хуулийн өөрчлөлтийг өнгөрсөн хавар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийгмийн даатгал, татварын шинэчлэл хийнэ гэж зарлаад гурван сарын хугацаанд маш олон хэлэлцүүлэг хийсэн. Би үүнд судлаачийн хувьд оролцож, санаа оноогоо хэлсэн. Багцалж бэлэн болсон хуулийг дараагийн Засгийн газар аваад хийх гэж байтал засаг дахин унасан. Одоо гурав дахь Засгийн газар нь татаж авангуутаа татварын хуульд орсон тоотой холбоотой зүйлийг өөрчиллөө.  Инфляц, мөнгөний уналтаас болж татвар төлөгчид өндөр татвар төлж байна. Иймээс тоог өөрчилж 2019 онд байсан 1.5 их наядыг 3 их наяд болгоно. Гааль дээр НӨАТ авахыг болино гэхчлэн процессын зүйлийг эхлээд засъя. Ирэх намраас консепцын зүйлээ оруулъя гэж байх шиг байна. Тоог өөрчлөх нь нэн шаардлагатай зүйл. Энэхүү өөрчлөлтийг даруй хийж хуулийн хэрэгжих хугацааг эртнээс тавих хэрэгтэй. Татварын хуулийн хэцүү зүйл нь заавал нэг санхүүгийн жил дуусаж дараагийнх нь эхлэхэд бүх зүйл хийгдсэн байх ёстой. Жишээ нь, 2027 оны нэг сар эхлэхэд дээрх өөрчлөлт хэрэгжиж байх ёстой. Хэрэв хийж амжихгүй бол 2028,2029 гэхчлэн жил нь хойшлоод л явна.
Өнгөрсөн хавар татварын өөрчлөлтөөр хэлэлцсэн нэг зүйл нь Татварын шүүхтэй болъё гэсэн асуудал байсан. Бизнес эрхлэгчид яагаад энэ асуудлыг тавиад байна вэ гэхээр шударга шүүхийг хүсээд байна. Шударга шүүх гэж юуг хэлэх вэ? Энэ нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, прокурор дамжаад очиж буй бүх материал  мэргэжлийн хүмүүсээр шүүгдэхийг хэлж байгаа. Эдийн засагтай холбоотой асуудлыг мэргэжлийн прокурор шүүх хэрэгтэй. Жишээ нь татварын асуудлыг шүүх гэж байгаа хүн доод тал нь эдийн засгийн магистр цолтой байх ёстой. Хэрэг  бүртгэл, мөрдөн байцаалтыг хийж буй мэргэжилтнүүд, эдийн засгийн хэрэг шүүж буй Авлигатай тэмцэн газрынхан хүртэл дандаа мэргэжлийн хүмүүс байна.  Хууль зүйн сургуулиуд макро, микро эдийн засгийн тухай хичээл 10 кредит үзсэний дараа татварын эрх зүй үзэх эрхийг нь нээх хэрэгтэй. 
Одоо нэг анхаарах ёстой зүйл бол аж ахуй нэгжийн орлогын албан татварын 20.2.6 дээр нэг заалт бий. Уг заалтад санхүүгийн байгууллага тэр дундаа банкууд гаднаас зээл авах, хөрөнгө оруулалт босгох бол хүүнд нь таван хулийн татвар төлнө. Харин банк бус болон аж ахуй нэгжүүд 20 хувийн татвар төлдөг. Өнөөдөр хөрөнгө оруулалт маш их татарсан  нь үүнтэй холбоотой. Манайд хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй байна. Иймээс энэхүү хувийг ойрын таван жилдээ тэглэе. Зөвхөн банк гэлтгүй аж ахуй нэгжүүд хөрөнгө оруулалт авч ирж, санхүүжилт татаад буцааж гаргахдаа тэг татвартай байснаар хөрөнгө оруулалт татна.Яг энэ заалтыг Казакстан улс аль хэдэн жилийн өмнө тэглэсэн. Одоо Төв Азийн орнууд хөрөнгө оруулалтыг боймолдог, буцааж мөнгөө гаргадаггүй зардлаа тэглэсэн байна. Үүнийг хийхэд л асар том өөрчлөлт бий болно.
-Татварын багц хуулиас гадна эдийн засаг, бизнесийн орчинтой холбоотой өөр олон хуулийн хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Эдгээрийн нэг нь өнгөрсөн долоон хоногт хэлэлцсэн Монгол Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Зарим гишүүд энэхүү төсөлд ямарч шинэчилсэн зүйл алга гэж үзээд хэлэлцэхийг зөвшөөрсөнгүй. Ер нь шинэчилсэн найруулгад ямар ямар өөрчлөлт орсон бэ? 
-Энэхүү шинэчилсэн найруулгыг намайг Казахстан улсад явж байх хооронд хэлэлцүүлсэн. Бид өөрсдийн байр сууриа тавьсан. Энэ нь 2021 онд унасан төсөл болон 2025 онд шилжин ирсэн хоёр төслийн нийлбэр юм. 1995 оны хууль болон олон улсын жишгийг харьцуулан судалж, МУИС-ийн н.Амарсанаа доктор тэргүүтэй баг ажиллаж байж Монголд Танхимын хууль ийм байвал болох юм гэсэн загварыг оруулж ирсэн. Хэрэв шинэчлэлийг хийж байгаа бол судалгаатай хийгдсэн мэргэжлийн хүмүүсийн хийсэн зүйл дээр түшиглэх ёстой. Түүнээс таамгаар хийж болохгүй. Төслийг Ардчилсан намын бүлэг нэлээд анхааралтай үзлээ. Судалгаа дахин хийгдэх хэрэгтэй, дутуу байна. Энэ хууль батлагдлаа гэхэд бараг 30 жил болно. Тиймээс илүү судалъя, дахин бүх талын оролцоог хангая. Мэргэжлийн хүмүүс нь дахиад хараг гэсэн шалтгааныг хэлсэн. Гэхдээ УИХ дээр ороод 1.9 хувь буюу хоёр хүний санал дутаад унаж  байх шиг харагдсан. Манай их хурлын гишүүдэд нэг тийм зовлон байдаг. Тавдугаар таван жилийн гавшгайч болох гэж байгаа юм шиг хуулиуд санаачилж, нөгөөх нь болсон болоогүй хууль ороод хэлэлцүүлдэг. Бид нар эцсийн эцэст зөвшилцөлд хүрсэн хууль ороод батлагдах нь гол байсан. Ийм л зүйл болсон. Энэ бол гишүүдийн онцгой эрхийн асуудал. Бид сандарч хууль батлуулахгүй. Буцаагдсан учраас үүн дээр дахиж ажиллана. Заавал нэг жил хүлээхгүйгээр Засгийн газарт ч оруулж болно. Тийм бололцоо байна. Бид одоо байгаа институтээ дараагийн шатанд гаргаж, мэргэшсэн болох тал руугаа ажиллаж, тал талаасаа л хайгаад явж байна. 
-Ярилцсанд баярлалаа.
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн