Open iToim app
Малчны амьдралаас анагаахын салбарт хөл тавьж, 3800 хүүхдийн хүйн ээж Б.Түмэнцогтыг онцолж байна
Түмний нэг | 9 мин уншина

Малчны амьдралаас анагаахын салбарт хөл тавьж, 3800 хүүхдийн хүйн ээж Б.Түмэнцогтыг онцолж байна

Нийтэлсэн 5 минутын өмнө
Манай сайт “Түмний нэг” булангийнхаа ээлжит зочноор Интермед IUHW эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүд, нярайн тасгийн ахлах эх баригч Б.Түмэнцогтыг урилаа. Тэрээр эрүүл мэндийн салбарт 16 дахь жилдээ ажиллаж, мянга мянган шинэ иргэн хорвоод мэндлэх мөчид хамт байж, алган дээрээ тосдог туршлагатай мэргэжилтэн юм. Б.Түмэнцогт багадаа аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөж багш юм уу жолооч болно гэж мөрөөддөг нэгэн байжээ. Гэвч амьдралын шаардлагаар гэр бүлдээ туслан малчин болох замыг сонгож, 10 гаруй жилийн турш мал маллан амьдарсан байна. Малчны амьдралдаа сэтгэл хангалуун байсан ч нэгэн өдөр ээж нь хүндээр өвдөж, хорвоог орхисон нь түүний амьдралд том эргэлт авчирчээ. Тэрээр ээжийнхээ хүслийг биелүүлж “цагаан халадтай хүн” болох  зорилго өвөртлөн, Дорноговь аймаг дахь Анагаах ухааны сургуульд суралцан эх баригч мэргэжлийг эзэмшсэн байна. Ийнхүү эрүүл мэндийн салбарт эргэлт буцалтгүй хөл тавьж, хүний амьдралын хамгийн нандин мөчийн гэрч болсон амь тосч амьдрал бэлэглэдэг эрх баригч хэмээх мэргэжлийн эзэн болжээ. Б.Түмэнцогт эх баригчаар 16 жил ажиллахдаа 3800 гаруй нярайг эх барьж, эдгээр хүүхдийн “хүйн ээж” нь болоод байна.
-Таны малчны амьдралаас эх баригч болсон түүхээс ярилцлагаа эхэлье?
-Эх баригч болно гэдэг миний бага насны мөрөөдөл байгаагүй. Намайг багад аав маань нэгдэлд жолооч, ээж минь сургуульд ажилладаг байсан болохоор тэднийхээ мэргэжлийг дуурайж мөрөөддөг байсан байх. Намайг 10 жил төгсөх үед нийгэм нэлээд хүнд, шилжилтийн үе байлаа. Тэр үед аав, ээж хоёр маань ажлаа орхиод мал дээр гарч, малчин болсон. Удалгүй сургуулиа төгсөөд аав, ээждээ тусалж, малчин болох ёстой юм байна бодсон.  Гэхдээ тэр үед аав, ээж хоёр маань “Эмэгтэй хүн заавал мэргэжилтэй байх ёстой” гэж хэлдэг байсан. Гэсэн ч 10 жилээ төгсөөд хөдөө үлдэж, аав, ээждээ туслан мал маллаж, амьдралын жамаар айлын гэргий болж, 10 орчим жил малчны амьдралаар амьдарсан. Тэр амьдралдаа би үнэхээр дуртай байсан.
Харин эх баригч болох шийдвэрийг гаргахад хамгийн их нөлөөлсөн зүйл бол ээжийн минь өвчин байсан. 2000 оны үед ээж маань хүнд өвдөж, би эмнэлэгт сахиж, удаан хугацаанд эмнэлгээр явсан. Эмнэлэгт хэвтэхээс өмнө гэрээр тариа хийх шаардлагатай нүүр тулж, ээжийнхээ тариаг би хийдэг байлаа. Бид олон хүүхэдтэй айл, тэгээд нэг удаа ах дүүсээрээ ярилцаад манайх заавал эмнэлгийн хүнтэй байх хэрэгтэй юм байна гэж шийдсэн. Тэр үед дүү нар маань бага байсан болохоор энэ үүргийг хэн нэг нь үүрэх хэрэгтэй санагдсан. Нэг өдөр эмнэлгээс бидний хийж чадах зүйл дууссан, та нар ээжийгээ гэртээ авч яваад асрах хэрэгтэй гэж хэлсэн. Тэр үеэс өмнө ээж маань надад хандаж чи ер нь л эмнэлгийн хүн болох юм байна, чамд ирээдүй байна гэж хэлж байсан нь одоо ч сэтгэлд тод үлдсэн байдаг. Ээжийг бурхан болсны дараа аав, эгч хоёр маань “Ээжийнхээ захиас, зорилгыг биелүүлэх үү, чи эмнэлгийн хүн болж чадах уу” гэж асуусан. Тэгээд би өөртөө гэр бүлийнхээ төлөө зорилгоо өөрчлөх ёстой юм байна гэж шийдсэн.
Ингээд Дорноговь аймгийн Анагаах ухааны сургуульд элсэн орж, эх баригч мэргэжлийг сонгон суралцсан. Сургуульд ороход надтай хамт суралцаж байсан оюутнууд дөнгөж 10 жилээ төгсөөд, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн ирсэн залуус байлаа. Харин би амьдралын туршлага хуримтлуулсан, өөр зам туулж байгаад орж ирсэн учраас оюутан нас минь өөрийн гэсэн онцлогтой, үнэ цэнтэй өнгөрсөн. Сургуулиа төгсөөд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх барих, эмэгтэйчүүдийн клиникийн төрөх тасагт эх баригчаар ажиллаж эхэлсэн. Тэнд жинхэнэ утгаараа мөрөөдлөө биелүүлж, эмнэлгийн ажлын ачаалал, хариуцлага ямар байдгийг биеэрээ мэдэрч, мэргэжлийн үнэ цэнийг илүү ойлгосон юм. Би чинь 30 нас шүргэж байхдаа анагаахын сургуульд элсэн орсон хүн шүү дээ. Тус төвд 2009 оноос 2015 он хүртэл ажиллаж байгаад түүнээс хойш Интермед IUHW эмнэлэгт ажиллаж, өнөөдрийг хүртэл эх баригч мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж байна.
-Та хамгийн анх эх барьж байсан үеийнхээ мэдрэмжээс хуваалцвал?
-Төрөх өрөөнд эх баригчаар ажиллаж байхдаа анх удаа хорвоод мэндэлж буй тэр бяцхан амь миний алган дээр ирэхийг харах мөч үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж байсан. Тэр үед л би чинь ямар гоё мэргэжил сонгосон юм бэ гэж бодож билээ. Урьд нь мэргэжлээ сайхан гэж боддог байсан ч яг ийм гайхамшигтайг нь тэр мөчид л жинхэнэ утгаар нь мэдэрсэн. Анхны хүүхдээ эх барьж авахдаа их сандарч, бас маш их баярлаж байсан.
quote photo
Дөнгөж төрсөн нярайг алган дээрээ тэврээд зогсож байхдаа цаашид олон, олон хүүхдийн хүйн ээж болох учраас хүний удам залгах үрийг энэ хорвоод тосож авах бүрдээ сайхан ерөөл хэлж байх ёстой юм байна гэж бодсон. Тэгээд өөрийн хэлэх үгээ бодож олсон юм. Түүнээс хойш би эх барьж авсан хүүхэд бүрдээ “Хүний дээд эрдэнэ, хүслийн дээд тэнгэр нь болж яваарай” гэж ерөөдөг болсон.
-Хүйн ээж гэдэг утгаар танаар хүүхдийнхээ нэрийг өгүүлэх үе хэр их байдаг вэ?
-Дээр үед хүйн ээжийнх нь нэрийг хүүхдэд өгч, эсвэл хүйн ээжээр нэрийг нь өгүүлдэг уламжлал түгээмэл байсан. Харин одоо бол аав, ээж нь өөрсдөө нэрийг нь өгдөг болсон учраас хүйн ээж нэр өгөх нь нэлээд ховор болсон байна. Гэхдээ миний хувьд цөөнгүй хүүхдэд нэр өгч байсан туршлага бий. Хүний хүүхдэд нэр өгнө гэдэг маш их хариуцлагатай зүйл гэж боддог. Ямар нэр өгвөл зохистой вэ, аав, ээжийнх нь нэр хэн билээ, ойр дотнын хүмүүсийнх нь нэртэй давхцах уу, тухайн хүүхэд ямар цаг үед төрж байна гээд олон зүйлийг бодолцож байж нэр өгдөг. Тийм болохоор миний хувьд энэ тал дээр үргэлж нухацтай, хариуцлагатай хандаж ирсэн.
-Эмэгтэйчүүд, төрөх тасгийн ачаалал их шүү дээ. Тэгэхээр ажлын ачаалал, хүнд хэцүү үеийг хэрхэн даван туулдаг вэ?
-Аливаа ажил мэргэжил сайн, муу талтай, сайхан дурсамжтайгаас гадна хүнд, харамсалтай мөчүүд ч бас дагалддаг шүү дээ. Төрөх өрөөнд ажиллах хугацаанд ихэнхдээ баяр баясгалантай агшинтай учирдаг ч заримдаа санаандгүй, гэнэтийн байдлаар ирсэн ээжүүдийн дунд эрсдэлтэй, харамсалтай тохиолдол гарна. Зарим үед эхэд нь төрөхөөс нь өмнө нөхцөл байдлыг нь тайлбарлаж, анхааруулж хэлдэг. Харамсалтай нь, хорвоод мэндлэх ёстой байсан бяцхан амь амьгүй төрөх тохиолдлууд гардаг. Тийм үед ээжид нь энэ тухай хэлэх, ар гэрийнхэнд нь мэдээг дуулгах нь үнэхээр сэтгэл зүйн хувьд хамгийн хэцүү мөчүүдийн нэг байдаг юм. Ер нь ажлын явцад олон янзын бэрхшээл, асуудалтай тулгарч байсан. Тэр бүхнийг хэрхэн даван туулсан бэ гэвэл хамгийн түрүүнд хайртай гэр бүлийнхнийхээ дэмжлэг, халамж, анхаарлын ачаар хүнд хэцүү үеийг давж гарсан. Мөн хамт олны уур амьсгал маш чухал. Сайн хамт олон гэдэг хүнийг алдаа, оноотой нь хамт ойлгож, дэмжиж, урам өгч, болж бүтэхгүй зүйлээс хамгаалж чаддаг том түшиг тулгуур болдог. Тийм л халуун дулаан орчинд ажиллаж ирсэн учраас энэ сайхан мэргэжлээсээ няцалгүй, өнөөдрийг хүртэл тууштай ажиллаж явна.
undefined
-Танд асар богино хугацаанд шийдвэр гаргах шаардлагатай мөчүүд хэр их тохиолддог вэ?
-Эх баригч хүн гэдэг ганц хүний биш олон хүний амийг хариуцаж ажилладаг онцгой мэргэжил. Төрөх ээж гэдсэндээ шинэ хүнээ тээж, зарим тохиолдолд бүр хоёр, гурван ихэр хүүхэд тээх нь ч бий. Тиймээс зөвхөн эхийн биш, төрөх гэж буй нярай, цаашлаад тэднийг хүлээж байгаа гэр бүл, ойр дотнынхны гээд олон хүний итгэл найдвар, баяр хөөр энэ бүхний ард байдаг. Тиймээс төрөх үйл явц бүрд маш өндөр хариуцлагатай хандах шаардлагатай. Агшин бүрд хурдан сэтгэн бодож, зөв шийдвэр гаргах, багаа зөв зохион байгуулах, хамт олонтойгоо уялдаа холбоотой ажиллах чадвар зайлшгүй хэрэгтэй. Тийм болохоор бид үргэлж бэлэн байж, аливаа нөхцөл байдалд шуурхай, хариуцлагатай ажиллахыг хичээж явдаг.
-Ээжүүдийн дунд өөрөөрөө төрөх болон кесар хагалгааны талаар буруу ойлголтууд байдаг шүү дээ. Та энэ тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ?
-Зарим ээж төрөхийн өвдөлтөөс айж байна, шууд кесар хагалгаагаар төрье гэж хэлдэг. Гэхдээ кесар хагалгаа гэдэг нь дур мэдэн сонгодог зүйл биш, тодорхой заалт, стандарттай эмчилгээний арга юм. Төрөлтийн тодорхой хувь нь л кесар хагалгаагаар явагдах ёстой гэсэн чанарын шаардлага ч бий. Өөрөөр хэлбэл, зайлшгүй шаардлагатай тодорхой тохиолдлуудад л хийх ёстой гэсэн үг. Үүнд яаралтай болон төлөвлөгөөт заалтууд гэж ангилдаг. Мөн кесараар төрвөл өвдөлтгүй гэж ойлгох нь ташаа ойлголт. Өөрөөрөө төрөх үед төрөхөөс өмнө олон цаг өвдөж хэцүү байдаг бол кесар хагалгаа хийлгэсэн ээжүүд мэс засалд орж, дараа нь шархны өвдөлт, нөхөн сэргэлтийн үеийн хүндрэлүүдийг даван туулах шаардлагатай болдог. Тиймээс өөрөөрөө төрөх үү, кесар хагалгаагаар төрөх үү гэдгийг ээж өөрөө биш, тухайн эх барихын эмч мэргэжлийн заалтад үндэслэн шийддэг. Иймд эмчийнхээ зөвлөгөөг дагах нь хамгийн зөв сонголт юм.
-Ер нь ээжүүд жирэмсний үед юуг хамгийн их анхаарах ёстой вэ?
-Жирэмсний үедээ анхаарахаас илүү жирэмслэхээс өмнө өөрийгөө эрүүлжүүлэх нь хамгийн чухал гэж хэлмээр байна. Хэрвээ ямар нэгэн эрхтэн системийн асуудал байгаа, эсвэл бие тав тухгүй мэдрэгдэж байвал жирэмслэхээсээ өмнө заавал эмчид үзүүлж, жирэмслэхэд бэлэн байгаа эсэхээ шалгуулах хэрэгтэй. Эмч танд “та жирэмслэхэд бэлэн байна, эрүүл байна” гэж зөвлөсөн тохиолдолд жирэмсэлж, шууд жирэмсний хяналтдаа орох нь зөв. Жирэмсний хяналт гэдэг бол тухайн хугацаанд юу хийх ёстой, юу хийж болохгүйг байнга зөвлөж чиглүүлж байдаг, нэг ёсны хөтөч байдаг юм.
-Төрөлтийн бэлтгэлээ хэрхэн хангах ёстой вэ. Зөвхөн эмэгтэй хүн гэлтгүй эрэгтэй хүн ч мөн өөрийгөө хэрхэн бэлдэх хэрэгтэй вэ?
-Мэдээж энэ бол зөвхөн эмэгтэй хүний асуудал биш, хосын гэр бүлийн хамтдаа анхаарах ёстой хамгийн чухал асуудал байдаг. Бид одоо үр хүүхэдтэй болох гэж байна гэдэг нь зөвхөн нэг хүний шийдвэр биш. Нөхөр, эхнэр хоёр хоёулаа үр удмаа үлдээж, хамтын амьдралаа цогцлоох гэж байгаа учраас аль аль нь эрүүл байж л эрүүл хүүхэд төрнө.
Мөн үүн дээр сэтгэл зүйн байдал маш чухал. Ялангуяа өнөөдрийнх шиг түгжрэл ихтэй, цаг агаарын өөрчлөлттэй, ачаалалтай нөхцөлд жирэмсэн ээжүүд амархан стресстдэг. Стресс ихдэхээр ядаргаа нэмэгдэх, зарим тохиолдолд хүсээгүй хүндрэл гарах эрсдэл ч байдаг.
Тиймээс энэ бол гэр бүлийн хамтын хариуцлага юм. Хань ижил, гэр бүлийнхэн, ойр дотнын хүмүүс жирэмсэн ээжид анхаарал халамж тавьж, сэтгэл санааг нь дэмжиж байх хэрэгтэй. Төрөх үед нь ч, төрсний дараа ч ялгаагүй сайн ойлгож, хамтдаа дэмжиж, халамжилж байж энэ бүх үйл явц илүү тайван, эерэг үргэлжилдэг гэж хэлмээр байна.
undefined
-Та залгамж халаагаа хэрхэн бэлдэх хэрэгтэй гэж хардаг вэ?
-Дэлхий дахинд ер нь бүх салбарт мэргэжлийн хүмүүсийн хомсдол яригдаж байна. Тэр дундаа эмнэлгийн мэргэжилтнүүдийн тоо буурч байгаа талаар ч их ярьдаг. Гэхдээ үүнийг зүгээр хүн цөөрч байна гэж харахаас илүү энэ мэргэжлийг хийж ажиллах нөхцөл, нийгмийн халамж, салбарын бодлого, улсын дэмжлэг хүндрэлтэй байгаатай шууд холбоотой гэж боддог. Эмч, эмнэлгийн ажилтнууд ар гэр, хувийн амьдралаа хойш тавьж байж энэ ажлыг хийж байна. Бид мэргэжлийн сургуулиудаар олон мэргэжилтэн бэлтгэж, хүмүүс ч сураад төгсөж байгаа. Гэхдээ цаашдаа энэ хүмүүс тогтвортой ажиллах нөхцөл, цалин хангамж, дэмжлэгийн бодлого маш чухал байна. Тиймээс эмнэлгийн бүх мэргэжлийн хувьд улсаас илүү том, тогтвортой бодлого хэрэгжүүлээсэй гэж хүсдэг. Шинэ төгсөгчдийг ажлын байранд авч, багаар ажиллуулж, сурсан мэдсэн зүйлийг нь зөв чиглүүлж хөгжүүлэх нь байгууллагын хувьд маш чухал. Энэ хүрээнд байгууллагын алба, тасаг нэгж, хувь хүн, тэр дундаа эх баригч мэргэжлийн хувьд хүртэл алхам бүрдээ анхаарч, бодлого, зохицуулалт, хэрэгжилтээ сайжруулж ажиллаж байгаа.
-Таны гэр бүл таныг хэр их дэмждэг вэ?
-Энэ ажлыг хийхэд ар талд, амьдралыг минь зохицуулж байдаг гэр бүлийн хүн маш чухал үүрэгтэй байдаг. Ажлаасаа ядраад очих үе ч байна, ажлын ачааллаас шалтгаалаад сэтгэл санаа, зан ааш хүртэл өөрчлөгдөх тохиолдол гардаг. Тэр бүх мөчид миний хань тайван, уужуугаар хүлээн авч, ойлгодог. Үр хүүхдээ харах, гэр орны арын амьдралыг зохицуулах гээд бүх зүйл дээр үргэлж дэмжиж, тусалж байдаг гэр бүлийн хүндээ үргэлж талархаж явдаг. Ганц би ч биш, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа бүх хүмүүсийн ард түшиг тулгуур болж байдаг гэр бүлийн хүмүүс байдаг гэж боддог. Тэдгээр хүмүүст үнэхээр их баярлаж, бахархаж явдаг юм.
-Танд төгсгөлд нь нэмж хэлэх зүйл байгаа юу?
-Өнөөдрийг хүртэл энэ мэргэжлээрээ тууштай, хичээл зүтгэлтэй ажиллаж байгаадаа үнэхээр баяртай байдаг. Энэ бүх хугацаанд надад сурах, хөгжих боломжийг үргэлж олгож ирсэн ар гэрийнхэн, эрдэмтэн багш нартаа гүнээ талархаж байна. Мөн хамт нэг анги болж сурч байсан ангийн нөхдөдөө ч баярлаж явдаг. Сургуулиа төгсөөд, шинэхэн мэргэжилтнээр ажилд ороход минь тосож авч, сургаж, мэргэшүүлж өгсөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх барих клиникийн төрөх тасгийнхан болон Интермед IUHW эмнэлгийн хамт олондоо маш их талархдаг. Тэгээд хамгийн гол нь өнөөдрийг хүртэл үргэлж хамт байж, бүх цаг үед түшиг тулгуур болж ирсэн гэр бүлийнхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн