Open iToim app
Эдийн засаг | 3 мин уншина

С.Наранцогт: Эхлээд гаднын банк ороод ирэг, үүний дараа үр нөлөөг нь ярилцъя

С.Наранцогт: Эхлээд гаднын банк ороод ирэг, үүний дараа үр нөлөөг нь ярилцъя
Нийтэлсэн 2026 оны 5 сарын 4
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ юу хэлж, ярьсныг тоймлон хүргэе. 
Гаднын банк эхлээд орж ирээд ажиллаг, үүний дараа үр нөлөөг нь ярилцъя
Гадаадын банкууд өнөөг хүртэл манайд яагаад цөөн байна вэ гэхээр банкны салбар маш өндөр зохицуулалтай, их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Бид банк, газрын тос, эрчим хүчний салбараа либералчлаагүй. Энэ шалтгаан эдгээр салбарын хөгжлийн тээг болчихлоо. Гаднын банк орж ирлээ гээд Монгол сүйрэхгүй, тусгаар тогтнолоо алдахгүй. Зарим хүн гадны банк орж ирсэн ч зээлийн хүү буурахгүй гэж ярьдаг. Тэд үүнийг яаж мэдэж байна вэ?
Эхний ээлжид банкууд орж ирээд ажиллаг. Үүний дараа л үр нөлөөг нь ярилцъя. Банкууд өнгөрсөн онд гаднаас 800 орчим сая ам.долларын эх үүсвэр татсан. Дотоодод иргэдийн хадгаламж, хуримтлал хангалтгүй байгаагаас банкууд гаднаас, дунджаар 3-4 хувийн хүүтэй эх үүсвэр татаж байна. Гадаадын банк энэ хөрөнгө оруулалтыг үнэгүй хийнэ. Тэдний эх үүсвэрийн зардал тэг хувь байна. Манайд банкны салбарын эрх зүйн шинэчлэл, либералчлал явагдаж байна. Сүүлийн жилүүдэд олон улсынхны манай улсын санхүүгийн салбарт итгэх итгэл эрс нэмэгдэж байна. Цаашид зах зээл тогтвортой, эдийн засгийн өсөлт хадгалах шинж тэмдэг байгаа учраас гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх боломж өсөж байна. Бид тасралтгүй энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулна. Одоогоор Dparlamient.mn-д  Банкны тухай хуулийн төслийг байршуулж, олон нийтийн санал авч байна.  Энэ хаврын чуулганаар тодорхой хуулийн өөрчлөлт батлагдах байх гэсэн хүлээлт байгаа. Ингэснээр тодорхой банкны салбарт болоод шинээр банк байгуулагдах боломж илүү нэмэгдэнэ. 
Татаасын зээлийг зөвхөн тодорхой хэдэн компанид олгож буй нь буруу 
Хамтын үйл ажиллагааны зардал татаастай зээл бүх салбарт хүрэлцдэггүй. Зээлийг ингэж гаргаж байгаа нь зах зээлийг эвдэлж буй хэлбэр. Засгийн газраас үзүүлдэг татаас хугацаатай, тодорхой зорилттой байх хэрэгтэй. Ялангуяа нийлүүлэлтийн сүлжээ, дэд бүтцийг бий болгох чиглэлд тодорхой хугацаатай хэрэгжих ёстой зүйл. Татаасын зээлийг зөвхөн тодорхой хэдэн компанийн хүрээнд үйл ажиллагааны зээл хэлбэрээр олгож буй нь буруу. 
Ипотекийн эх үүсвэрийг эрүүл, хэрэгцээнд нь тохирсон хөтөлбөр болгоно 
Орон сууцны банкны тухай хууль УИХ-д өргөн баригдаж, хэлэлцэгдэн батлагдвал ипотекийн тогтолцоог өнөөгийн төвлөрсөн, төрийн өндөр оролцоотой загвараас илүү зах зээлийн суурьтай систем рүү шилжүүлэх томоохон өөрчлөлт болно. Шинэчлэлийн гол санаа нь ипотекийн зээлийг либералчлахад оршиж байгаа. Энэхүү ойлголтыг зөвхөн чөлөөлөх гэж хялбаршуулж тайлбарлах боломжгүй. Одоогийн нөхцөлд энэ хөтөлбөр нь зорилтот хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. Иймээс үүний эх үүсвэрийг эрүүл, хэрэгцээнд нь тохирсон хөтөлбөр болгоно. Ер нь бусад зах зээлийг бий болгоно гэсэн үг. Төрөөс хүчээр барьж буй салбар доголддог жишгээр ипотек ч тав зургаан жилдээ хэзээ ч гардаггүй түвшинд хүрсэн. Гэр хороололгүй, утаагүй, түгжрэлгүй болох зорилтын аль нь ч биелээгүй. Орон сууцны банкны тухай хуулиар үүнийг зөв голдрилд нь оруулна. Тухайн банк хэрэглэгчиддээ тохирсон бүтээгдэхүүн болон урт хугацааны эх үүсвэрийг бий болгож, бодлогын дэмжлэгийг үзүүлээд явна. 
Манай улсад нийлүүлэлтийн тогтолцоо хэрэгтэй
Гадаад шокийн эрсдэл өндөр байгаа энэ үед үнэ тогтворжуулах, ханшид хөндлөнгөөс нөлөөлөх зэрэг арга хэмжээ авах нь тохиромжгүй. Ер нь үнэ тогтворжуулах хөтөлбөр нь маш буруу. Харин үүнээс илүү нийлүүлэлтийн бүтэн сүлжээг бий болгох хэрэгтэй. Ингэж бизнесийг болон ард иргэдээ дэмжих ёстой. Бидэнд хаана дутагдал үүсэж байна вэ, төрийн оролцоог яг хаана хийх ёстой юм. Ямар дэмжлэгтэй байх вэ гэдгийг бодох л хэрэгтэй.
Инфляцд нөлөөлж буй гол бүрэлдэхүүн нь дотоодын бараа бүтээгдэхүүн. Тухайлбал, мах, хүнсний ногооны инфляцын өсөлт голлон нөлөөлж байна. Тэр дундаа төмс 80 хувийн өсөлттэй гарсан. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр манай хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээнд асуудал байна. Нийлүүлэлтийн хомсдол бий болсноос шалтгаалж инфляц бий болж байна гэсэн үг. Гэтэл олон жил хөдөө аж ахуйн салбарт татаастай, хөнгөлөлттэй зээл тасралтгүй олгож ирсэн. Энэ нь өөрөө зөв шийдэл биш. Бид ямар бодлого руу төвлөрөх ёстой вэ гэвэл төмс, махны нийлүүлэлтийн сүлжээг бүрэн бий болгох ёстой. Тэгэх юм бол ийм асуудал үүсэхгүй. Жилийн дөрвөн улиралд тогтвортой нийлүүлэлт хангагддаг тогтолцоог бий болж чадах юм бол ийм савалгаатай зүйл болохгүй.  
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн