Хэрэв ChatGPT зэрэг хиймэл оюуны загварууд 2026 онд Японы шилдэг их сургуулийн элсэлтийн шалгалтад оролцсон бол ангийнхаа хамгийн өндөр оноо авсан сурагч болж, бусад бүх шалгуулагчдаас давсан оноогоор элсэх боломжтой байсан гэж AI стартап LifePrompt-ийн судалгаанд дурдсан байна.
Судалгаанд OpenAI-ийн ChatGPT 5.2 Thinking, Google-ийн Gemini 3 Pro Preview, Anthropic-ийн Claude Opus 4.5 гэсэн гурван томоохон хиймэл оюуны загварыг ашиглаж, 2026 оны хоёрдугаар сард Токиогийн Их сургуулийн бодит элсэлтийн шалгалтаар шалгаж, дөрөвдүгээр сард эхлэх хичээлийн элсэгчдийг үнэлэх жишгээр дүгнэжээ.
Тус сургуулийн 3-р ангиллын байгалийн ухааны шалгалт (ихэвчлэн анагаахын сургуульд элсэгчил өгдөг) нь Японд хамгийн хүнд шалгалтуудын нэгд тооцогддог.
Энэ жилийн шалгалтад хүний авсан хамгийн өндөр оноо 550 онооноос ойролцоогоор 454 байсан бол AI загваруудаас хоёр нь энэ амжилтыг давсан байна. Хамгийн өндөр оноо авсан ChatGPT ойролцоогоор 504 оноо авч, хүний дээд амжилтаас 50 гаруй оноогоор илүү гарчээ.
Эдгээр шалгалтын онцлог нь олон сонголттой биш, харин урт тайлбар бичих хариулт шаарддаг тул өмнө нь AI загваруудад хүндрэлтэйд тооцогдож ирсэн. Харин 2026 оны үр дүн нь асар их ахиц гарсныг харуулжээ. Учир нь ердөө хоёр жилийн өмнө, 2024 онд ChatGPT-4 нь Токиогийн Их сургуулийн аль ч ангилалд тэнцэх оноо авч чадаагүй байв.
Түүнчлэн энэ жил ChatGPT математикийн бүх шалгалтад, тэр дундаа байгалийн ухааны чиглэлийн шалгалтад бүтэн оноо авчээ. Харин өнгөрсөн жил ChatGPT o1 загвар ердөө 120 онооноос 38 оноо авч байсан юм.
Сүүлийн шалгалтад ChatGPT физик, хими зэрэг байгалийн ухааны хичээлүүдэд бараг бүтэн оноо авч, англи хэлний шалгалтад ч ойролцоогоор 90 хувийн амжилт үзүүлжээ. Харин дэлхийн түүх зэрэг хүмүүнлэгийн чиглэлийн урт бичвэрийн шалгалтуудад харьцангуй сул байж, ердөө 25 хувь орчим оноо авчээ.
Судалгаагаар AI загварууд шалгалтад орсон зураг, диаграммыг тайлбарлахад хүндрэлтэй хэвээр байгаа бөгөөд япон хэл дээр логик уялдаатай бичвэр бүтээх чадвар нь хангалтгүй байгааг тогтоосон байна.
Гэсэн ч ChatGPT Токиогийн Их сургуулийн байгалийн ухааны гурван чиглэлд нийт 550 онооноос ойролцоогоор 503 оноо, харин хүмүүнлэгийн гурван чиглэлд 453 орчим оноо авч, аль аль нь босго онооноос хол давж, хүний хамгийн өндөр үзүүлэлтээс ч илүү гарчээ. Харин Gemini хүмүүнлэгийн чиглэлд бага зэрэг илүү үзүүлэлттэй байж, 550 онооноос 460 орчим оноо авсан байна.