16 болон 32 настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх Ц.Дагвадорж нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн Нийслэлийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болох ёстой байсан ч тавдугаар сарын 11-ий 09:00 цаг хүртэл хойшилжээ.16 настай хохирогчийн ээж Г.Отгонтуяа шүүх хуралд 5 өмгөөлөгчийн хамт оролцохоор ирсэн юм. Шүүх хурал хойшлох болсон талаар өмгөөлөгч нар мэдээлэл өгсөн бөгөөд “Хоёр прокурор ирсэнгүй. Мэдээлэх зарчмыг хангаж шүүх хурал түр хойшиллоо. Нэг прокурорын хувьд шүүх хурал давхацсан байна. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан бөгөөд эрх зүйн бичиг баримтаа ч ирүүлсэн. Харин нэг прокурор нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бөгөөд ирсэнгүй. Өмгөөлөгч нарын зүгээс шүүх болоод бусад прокуророо хүндэлж ирээгүй н.Түмэн-Өлзий прокурорт хуульд заасан арга хэмжээ ав гэх шаардлага өгсөн. Энэ хэрэг өнөөдөр нэг талдаа гарах болов уу гэсэн хүлээлттэй байсан ч прокурорууд ирсэнгүй. Шүүх хурал тавдугаар сарын 11-ний 09:00 цагт товлогдлоо” гэсэн юм. Өмгөөлөгч Р.Булгамаа: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн зүгээс энэ хэргийг бүхэлд нь хянаж бодитой шударга ёсны зарчимд нийцсэн хүний эрхийн мэдрэмжтэй шийдвэр гаргана гэдэгт бид итгэж байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд прокурор ирээгүй явдалд шүүмжлэлтэй хандаж байна. н.Түмэн-Өлзий прокурор энэ гэмт хэрэг дээр урт хугацаанд ажиллаж байгаа. Төрийн нэрийн өмнөөс улсын прокурор хийж байгаа хүний хувьд ямар ч бичиг баримт ирүүлэхгүй, өөрөө ч ирээгүй байгаа нь асар хариуцлагагүй үйлдэл юм. Хүний хувь заяаны асуудал яригдаж байна. Уг хэргийн үнэн худал, шударга үнэн нь дэнслэгдэх гэж байсан энэ цаг мөчид шүүхэд үл хүндлэлтэй хандаж байгаа энэ явдал бол дор хаяж Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх үндэслэлтэй хэрэг юм. Нийт өмгөөлөгчид гомдлоо гаргасан. Давж заалдах шатны шүүх өмгөөлөгч нарын хууль зүйн үндэстэй гомдлыг хэргийн баримтад үндэслэн бодитой шийдвэр гаргана гэдэгт итгэл төгс байна.