Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд цахилгаан хөдөлгүүртэй автомашины авто хэрэглээг дэмжих, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор цахилгаан тээврийн хэрэгслийг тодорхой ангиллын дагуу дугаарын хязгаарлалтад хамруулахгүй, ногоон дугаар олгоно гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.
НИТХ-ын шийдвэрээр 2024 оны 11 дүгээр сарын 8-наас эхлэн импортын тээврийн хэрэгсэлд дугаар олгохоо больсон. Гэхдээ хязгаарлалтад хамрагдаагүй арилжааны буюу ачаа тээврийн хэрэгсэл, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл дугаараа аваад явж байна. Одоогоор цахилгаан тээврийн хэрэгслүүдэд дугаар чөлөөтэй олгох зохицуулалтыг Засгийн газарт танилцуулж, холбогдох сайдын тушаал шийдвэр, гараад байна. Зам тээврийн яамны авто тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан "Нэгд, 100 хувь цахилгаан тээврийн хэрэгсэлд дугаар олгоно. Хоёрт, үндсэн хөдөлгүүр нь цахилгаан, нэмэлт цэнэглэгч эх үүсвэртэй тээврийн хэрэгслийг хамруулна. Харин тоёота, приус, акуа гэх мэт хос хөдөлгүүртэй автомашин үүнд хамаарахгүй. Манайд нийт 1.3 сая тээврийн хэрэгсэл байгаагаас 553 нь хосолмол хөдөлгүүртэй. Цахилгаан тээврийн хэрэгслийн хувьд нийт 2215 ширхэг байгаагийн 72 нь рийв хөдөлгүүртэй байна. Олон нийт ногоон дугаартай тээврийн хэрэгсэл шатахуун авч байна гэж хэлдэг. Энэ нь тээврийн хэрэгслийнхээ үндсэн хөдөлгөгч хүч биш. Цахилгаан батерейг нэмэлтээр цэнэглэдэг жижиг генератораар цэнэглэхийн тулд 5-10 литрийн бензин авдаг. Ийм эх үүсвэртэй учраас ногоон ангилалд оруулж байна” гэв.