Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

ТӨСӨЛ: Оюутан байхдаа ажил хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Нийтэлсэн 8 минутын өмнө
Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлгийн үеэр Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ө.Шижир уг хуулийн төслийг оюутнуудад танилцуулсан юм. 
undefined
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Би өөрөө оюутан байж үзсэн хүн. Тэр үедээ цагийн ажил хийж, өөрийн хөдөлмөрөөр мөнгө олох нь үнэ цэнтэй санагдаж байсан. Тиймээс оюутнуудын хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжих хэрэгтэй гэж боддог. Гадаадад оюутнууд долоо хоногт 40 хүртэл цаг ажиллах боломжтой, тодорхой зохицуулалттай байдаг. Харин манай улсад оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хууль эрх зүйн орчин сул байна. Үүнтэй холбоотойгоор оюутнууд ажиллахад ч, ажил олгогч талд ч хүндрэл үүсдэг.
Тиймээс оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн төсөл санаачилж, өргөн барихаар бэлдэж байна. Одоогоор судалгаа, дүгнэлтийг гурван үе шаттайгаар хийж байгаа. Мөн оюутнуудад яг ямар асуудал тулгарч байгааг тодорхойлж, аж ахуйн нэгжүүдэд ч ямар хүндрэл гарч байгааг судалж байна.
Нэг том асуудал бол нийгмийн даатгалын шимтгэл. Оюутан хэдхэн хоног, бүр түр хугацаанд ажилласан ч НДШ заавал төлдөг. Энэ нь оюутанд ч, ажил олгогчид ч санхүүгийн дарамт болдог. Тогтмол ажилтан биш, зүгээр л нэг удаагийн ажил хийсэн ч адилхан шимтгэл төлж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна.
Хэрэв оюутнуудыг НДШ-ээс чөлөөлөх зохицуулалт хийвэл, оюутнуудын гар дээр авах орлого нэмэгдэнэ. Нөгөө талдаа аж ахуйн нэгжүүд ч цагийн ажилтан авах сонирхолтой болно. Ингэснээр оюутнууд илүү идэвхтэй ажиллаж, хөдөлмөр эрхлэх орчин сайжирна. Энэ нь улсын төсөвт сөргөөр нөлөөлөхөөс илүүтэй харин ч хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, эдийн засгийг тэлэх эерэг үр дүн авчирна гэж үзэж байна.
СЭЗИС-ийн 3-р курсийн оюутан Э.Сэрчмаа: Би 1-р курсээсээ эхлээд цагийн ажил хийж эхэлсэн. Ер нь л олон төрлийн ажил хийж үзсэн. Анх худалдааны салбарт кассчин хийж байсан, ажлын цаг их урт, ачаалал ч өндөр. Гэхдээ авч байгаа цалин нь хийж байгаа хөдөлмөртэйгээ нийцээгүй санагддаг байсан. Дээрээс нь татвар, шимтгэлүүд суутгагдаад гар дээр ирэх мөнгө бүр бага болчихно. Дараа нь оффист суудаг оператор зэрэг ажлууд хийж үзсэн. Энэ нь биеийн хувьд арай амар ч гэлээ цалин нь маш бага. Уг нь бид бусад ажилчидтай яг л адилхан хөдөлмөрлөж байгаа шүү дээ. Гэтэл нас бага, анх удаа ажиллаж байна гэдэг шалтгаанаар харьцангуй бага цалин өгдөг юм шиг санагдсан. Зарим талаар хөдөлмөрийн мөлжлөг гэж бодогдож байсан.
Ер нь оюутан байхдаа ажил хийх нь сэтгэл санаа болон бие махбодын хувьд нэлээд дарамттай. Бид үндсэн ажилтан биш учраас цагийн ажилтны бага цалин авна. Тэр бага цалингаас дахиад татвар, шимтгэл суутгагддаг нь бүр хэцүү санагддаг. Тиймээс оюутнуудын хувьд татвар, шимтгэлийн тодорхой хөнгөлөлт эсвэл чөлөөлөлт хийвэл үнэхээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодитой алхам болно гэж боддог. Ингэвэл оюутнууд ажил хийх сонирхолтой болж, орлого нь ч нэмэгдэнэ. Нөгөө талаас төгсөөд ажил хайхаар ажлын туршлага нэхдэг. Гэтэл тэр туршлагыг олох боломжийг оюутан байхад бүрдүүлдэггүй. Энэ асуудал ч бас шийдэгдээсэй гэж бодож байна.
ШУТИС-ийн 4-р курсийн оюутан Б.Тэлмүүн: Сурч байх хугацаандаа ажил хийхэд тулгардаг хамгийн том асуудал нь цагийн менежмент байдаг. Хичээл, бие даалт гээд бүгд давхацчихдаг. Тэр дунд ажил бас орж ирэхээр зохицуулахад хэцүү болдог. Заримдаа ажлын цаг гэнэт өөрчлөгдөнө, эсвэл яаралтай дуудах үе ч гарна. Хичээл талаасаа ч бас гэнэтийн байдлаар шалгалт, даалгавар нэмэгдэх тохиолдол бий. Энэ хоёрын дунд их хавчигддаг. Мөн ажлаасаа чөлөө авах гэхээр их төвөгтэй. Оюутан гэдгийг тэр бүр ойлгож, уян хатан ханддаггүй. Нөгөө талдаа багш нар ч гэсэн оюутнууд ажил хийж байгааг ойлгож, хүлээж авах нь ховор.
Хэрэв оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг бодлогоор дэмжинэ гэвэл миний хувьд хамгийн түрүүнд цагийн боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй санагддаг. Хичээлийн зохион байгуулалт нь илүү тогтвортой, гэнэтийн өөрчлөлт багатай байвал оюутнуудад ажил, хичээлээ зохицуулахад илүү амар болно. Мөн багш нарын зүгээс ойлголцол, уян хатан байдал хэрэгтэй байна. Цалингийн хувьд би ер нь цаг тухайд нь авч байсан. Гэхдээ илүү цагаар ажиллах тохиолдол их байдаг мөртлөө илүү цагийн мөнгө гэж өгдөггүй. Цагийн ажлын хөлс ер нь бага ойролцоогоор 6-12 мянган төгрөгийн хооронд байдаг. Тэр нь ч шууд нэмэгддэггүй, бараг бүтэн жил ажиллаж байж л 12 мянга болж нэмэгдэнэ. Тэгээд цалин амьдралд төдийлөн хүрэлцдэггүй. Өдрийн хоолоо өөрөө авч иднэ, өөр зардлуудаа даана. Сургалтын төлбөрөө олох хэмжээнд хүрдэггүй, хоолны мөнгөө л залгуулж байгаа юм шиг санагддаг.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн